Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Гал: Гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа “Энигма” компанийн зөрчлүүд хэрээс хэтэрсэн


-Цогцолбор барих Богдхан уулын аманд ганцхан компани 41 га газар эзэмшиж, блокон хашаа барьжээ-

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Богдхан уул орчмын автозамыг өргөтгөж, аялагчдад зориулсан автомашины зогсоол барихаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд уг ажлыг энэ ондоо багтааж, гүйцэтгэхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БОАЖ-ийн сайд Д.Оюунхоролд даалгаад буй.

Гэвч ажил эхлэхээр судалгаа хийх явцад газар эзэмшилтэй холбоотой маргаан үүссэн байна. Энэ талаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Галтай ярилцлаа.


-Зайсан толгойн орчмын гурван га газарт зогсоол барихаар төлөвлөсөн ч тэр нь нэгэн компанийн мэдэлд байгаагийн улмаас эсэргүүцэлтэй тулгараад байгаа гэх мэдээлэл байна. Уг нь улсын тусгай хамгаалалтай газар биз дээ. Ямар асуудал үүсээд байгаа юм бэ?
-Юуны өмнө Богдхан уулын орчимд чухам юу хийх гэж байгаа, яагаад ийм шаардлага байгаа талаар яръя гэж бодож байна. Энд төр иргэний хувийн өмчид халдаж, булаах тухай зарим хэвлэлээд гарсан шиг асуудал байхгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт аяллын гол зам, маршрутын дагуу байгальд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний төв, зогсоол барих асуудлыг бодлогын төвшинд дэмжинэ гэсэн заалт бий. Богдхан уулын тухайд Төр хурахаас Цэцээ гүн, Төв аймаг талаасаа Манзуширын амнаас Цэцээ гүн, Зайсангийн амнаас Зайсан толгойн Дугуй цагаан гэсэн аяллын батлагдсан гурван маршруттай. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 1.3 сая хүн амын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх аяллын бүс болсон газар. Гэвч тус газарт аялж, амрахаар зорсон иргэдэд машинаа байрлуулах авто зогсоол байдаггүй. Мөн нийтийн бие засах газар байхгүй. Тиймээс хүмүүс байгальд ил задгай бие засч, бохирдуулсаар байна. Дээр нь хог хаягдлын нэгдсэн цэг байхгүйн улмаас хаа таарсан газраа иргэд хогоо хаяж байна. Үүнээс гадна камержуулалт, шалган нэвтрүүлэх газар ч алга. Цаашлаад, автобусанд суугаад Богдхан уул руу очих боломжгүй гэх мэт олон асуудал байна. Үүнийг шийдэх зайлшгүй нийгмийн хэрэгцээ, шаардлага байгаа гэж үзэн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулсан.

Тус газарт аялж, амрахаар зорсон иргэдэд машинаа байрлуулах авто зогсоол байдаггүй.  Нийтийн бие засах газар ч байхгүй.

Ер нь тусгай хамгаалалтын газруудыг түшиглэж манай улсын аялал жуулчлалын гол баазууд төвлөрдөг. Тухайлбал, Горхи Тэрэлж, Богдхан уул, Хангайн нуруу, Орхоны хөндий, Хөвсгөл гэх мэт нэрлэвэл олон. Бид эдгээр газруудаа хамруулан судалгаа хийсэн юм.  Тэгэхэд хамгийн нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудалтай газрууд нь Богдхан уул, Горхи Тэрэлж чиглэлийн хатуу хучилттай зам, автозогсоол болон Хөвсгөл нуурын эрэг орчмын автозогсоол байсан. Тиймээс тус газруудын асуудлыг Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн юм. Ингээд Засгийн газраас автозогсоолуудынх нь асуудлыг нэн яаралтай шийдэх үүргийг агентлаг, нэгжүүдэд өгсөн. Засгийн газрын энэхүү чиглэлийн дагуу Богдхан ууланд газрын судалгааг хийгээд үзтэл Зайсангийн дугуй цагаан, Баруун ширээт орчимд “Чингисийн хүрээ” буюу “Энигма” компани газар эзэмшсэн байсан. Бүтэн 41 га газрыг блоклоор тойруулж, хашаалаад авсан байгаа юм.

-Хэдэн оноос хойш “Энигма” компани улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх авсан байдаг юм?
-2004 онд авсан юм билээ. Газар ашиглах эрх авахдаа ямар нэгэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад ороогүй байсан. Түүнээс хойш талбайгаа нэмээд, дундуур нь хуваагаад  яваад байж. Хуваасан газраа 2016 онд их сургуулийн нэр дээр болгож, газрын төлбөрөөс зугтаасан асуудал ч байсан. Газрын тухай хуульд бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлөх заалт бий. Үүнийг ашиглаж, бодит байдал дээр сургууль бариагүй хэрнээ төлбөрөөс зугтаасан байгаа юм. Газрын албанаас бидэнд дүгнэлт ирүүлсэн. Хэрэв хуулийн дагуу төлсөн бол гурван тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх байсан гэж. Манай яамны зүгээс Нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран шалгалт хийсэн. Ингэхэд энэ компани бүх талаараа тэнцэхээргүй дүгнэлт гарсан. Жишээ нь, газрын албанд төлөх ёстой татвараа төлөөгүй байсан нь илэрсэн. Манай яамны талаар гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа "Энигма" компанийн зөрчлүүд хэрээс хэтэрсэн болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон.

-Тус компанийн зүгээс газраа чөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэсэн. Цаашид тэгэхээр яана гэсэн үг вэ?
-“Энигма” компанийн охин компани, МҮИС-ийн оюутнууд лоозон барьж, эсэргүүцээд байгаа юм. “Тэд сургуулийн шав тавих байсан. Олон улсын хөрөнгө оруулалтаар сургууль барих гэж байна” гэсэн боловч цаасан дээр буулгаж, батлуулсан нэг ч төлөвлөгөө байгаагүй. Бар цэнгээний газар л байдаг юм билээ. Уг нь бид Улаанбаатар хотын  хөгжлийн төлөө, иргэдийн тухай аялж, амрах бүсийг бий болгохын төлөө л ажиллах гэж байгаа. Гэтэл нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байна. Тиймээс яамны зүгээс иргэдээс санал асуулга авна.

264 автомашины зогсоол, унадаг дугуйн зогсоол, нийтийн бие засах газар байгуулахаар төлөвлөөд байна.

Иргэдэд зориулсан аялал жуулчлалын цогцолбортой болох уу эсвэл орон сууцны хороолол, их сургууль бариулах уу гэж. Иргэдийн санал хүсэлтийг авсны дараа бид Газрын тухай хуулийн 46.2 дахь хэсэг “Бусдын эзэмшилд, ашиглалтад байгаа газрыг нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн төлбөртэй болон төлбөргүйгээр аймаг, нийслэл, Засгийн газар эргүүлэн авч болно” гэсэн заалтыг үндэслэн ажлаа эхэлнэ. Мэдээж хувь хүний өмч тэнд баригдсан байвал нөхөн төлбөрийн асуудал яригдана шүү дээ. Гэхдээ тэнд хашаанаас өөр баригдсан зүйл байхгүй.  

-Богдхан уулын орчимд яг ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ. Ажил хэзээнээс эхлэх вэ?
-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооноос Зайсан чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх болон автобусны буудал, 264 автомашины зогсоол, унадаг дугуйн зогсоол, нийтийн бие засах газар байгуулахаар төлөвлөөд байна. Эдгээр ажлыг үндэсний их баяр наадмаас өмнө хийж, дуусгахыг Засгийн газраас үүрэгдээд байгаа. Бид энэ хүрээнд нийслэл рүү төлөвлөгөө, төслөө явуулж, танилцуулаад байна.

-Улсаас хэдий хэмжээний төсөв зарцуулахаар төлөвлөөд байгаа вэ. Төсөв нь бэлэн үү?
-НИТХ-аас баталсан 2017 оны төсөвт энэ ажлыг 2.9 төгрөгөөр гүйцэтгэхээр тусгуулсан. Тэгэхээр нь мөнгө бэлэн гэсэн үг. Мөнгө бэлэн байна, одоо газар нь бэлэн бол энэ ажил маань цаг алдахгүй, яаралтай эхлэхэд бэлэн болоод байна.

У.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан