Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан намын ҮБХ-ны анхдугаар хурал энэ сарын 25-нд болно

Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд намын дүрэмдээ шинэчлэл хийж, хуучин Үндэсний зөвлөлдөх хороог тарааж, нийт гишүүдийн саналаар шинээр Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг шинээр сонгож, VIII их хурлаараа батламжилсан билээ. Энэхүү 380 гишүүн дээр УИХ-д АН-ыг төлөөлж суугаа есөн гишүүн нэмэгдэж Ардчилсан намын ҮБХ-г бүрдүүлж байгаа юм. Тэгвэл шинээр бүрдсэн ҮБХ-гийн анхдугаар хурал энэ сарын 25-нд болох гэж байна.

ҮБХ-ны анхдугаар хуралдааны талаар Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “Шинэчлэлийн дагуу намын ҮБХ төлөөлөлийн төв байгууллагын сонгууль явагдсан. Ингэхдээ намын дүрмийн хүрээнд 76 эмэгтэй квот, 76 залуучуудын квот олгож сонгосон. Нийтдээ 380 ҮБХ-гийн гишүүн цоо шинээр сонгогдсон. Үүн дээр нэмээд УИХ-д манай намаас сонгогдсон есөн гишүүн орж ҮБХ бүрдсэн. Намын VIII их хурлаар ҮБХ-ны бүрэн эрхийг баталгаажуулсан. Ингээд намын даргад ҮБХ хуралдуулах үүрэг даалгаварыг их хурлаас өгсөн. Ингээд ҮБХ-ны анхны хуралдаан энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод болох гэж байна. ҮБХ-ны хурлаар тодорхой хэд хэдэн асуудлыг ярилцлана. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн учраас сонгуулиар ҮБХ ямар зохион байгуулалтаар ажиллах вэ гэдэг асуудлыг ярилцана. Мөн бусад зохион байгуулалтын асуудлыг ч хэлэлцэнэ” гэв.

Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд бодлогын нам болохоор зорьж буй. Энэ дагуу Бодлогын зөвлөлүүдийг байгуулан ажиллах аж. Ардчилсан нам дүрэмдээ шинэчлэл хийсний дагуу Засгийн газрын бүтцээр Бодлогын зөвлөлүүдийг байгуулсан бөгөөд ҮБХ-ны гишүүд мэргэжил, ажлын туршлагаараа эдгээр зөвлөлд хуваагдах аж. Тэд тухайн салбартаа тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гарц олох гэнэ. Ингэснээр АН-д Засгийн эрх ирлээ гэхэд хэрхэн ажиллах бодлогоо тодорхойлох юм байна. Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар энэхүү зөвлөлүүдийн бүтцийн асуудлыг ярилцахаас гадна Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг томилох тухай асуудал яригдах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан