Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын АН-ын бүлэг: Мөнгөний бодлогын асуудлыг арилжааны банктай адилтган үзэж болохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Эдийн засгийн байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн талаар хуралджээ.

Ингээд тус намын бүлгийн дарга  Д.Эрдэнбат “Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сонссоны дараа намын бүлгүүдэд тухайн баримт материалыг тараасан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ ажлын хэсгийн дүгнэлт нь улс төрийн шууд агуулагтай, Монголбанкны бодлогыг арилжааны банкны бодлого мэтээр тайлбарласан. Энэ эцсийн үр дүндээ төв банкны бодлогыг гуйвуулсан, Төв банкны мөнгөний бодлогын хэмжээнд хэрэгжүүлсэн арга хэмжээг хэсэгхэн хүн дээр тохоож улс төржүүлэх гэсэн оролдлого болсон гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Ялангуяа, Монголбанкны бие даасан хараат бус байдал, Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үгүйсгэсэн хуулиар тогтоосон эрх зүйн олон агуулгыг зөрчиж гаргасан улс төржсөн дүгнэлт болжээ. Ажлын хэсэгт цөөнхийн бүлгээс төлөөлөл оролцуулаагүй, мэдэгдээгүй. Цөөхөн хоногт шалгахдаа Монголбанкны холбогдох хүмүүсээс тайлбар тодруулга аваагүй, Монголбанкны удирдлагад энэ тухайгаа танилцуулаагүй. Шалгалтын явцад мэргэжлийн хүмүүсээс мөнгөний бодлогын талаар тодруулга хийгээгүй байгаа юм. Монголбанк өөрөө хуулиар тогтоосон хяналтын зөвлөлтэй. Гэтэл уг шалгалтын асуудлаар энэ зөвлөлтэй санал солилцоогүй гэх мэт дутагдалтай дүгнэлт боллоо. Монголбанк 2012-2016 онд ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унасан үед уламжлалт бус гэж нэрлэдэг мөнгөний бодлогын арга хэрэгсэлээр эдийн засгийн хүнд үеийг эрсдэл бага даван туулах бодлого хэрэгжүүлсэн. Түүхий эдийн үнэ унаж эдийн засаг хүндэрсэн үед Монголбанкны мөнгөний бодлогоор олон олон эрсдэлийг давж гарсан гэдгийг Монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Эдийн засгийн байнгын хорооны энэ ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлаад УИХ-ын ажлын хэсгийг бүх намын төлөөлөлтэй шинээр зохион байгуулж асуудлыг эргэн нягтлах ёстой гэж бид харж байна. Ийм учраас ард түмэнд ташаа мэдээлэл өгөх эрх төрийн эрх барж буй улсын төрийн хүчнүүдэд байхгүй” хэмээн мэдээлэв.

Тэрбээр асуудал нэгэнт улс төржсөн учраас УИХ-д АН-ын бүлэг асуулт тавина. Үүнийг УИХ нээлттэй хэлэлцэх гэлээ. АН-ын бүлэг Мөнгөний бодлогын асуудлыг арилжааны банктай адилтган үзэж болохгүй гэдэг зарчмын байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. 

Ажлын хэсгийн Монголбанкны хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдэд өгсөн дүгнэлтээр мөнгөний бодлогын тогтворжуулах чиглэлээр хэрэгжүүлсэн бага хүүтэй, инфляц, ханшийг тогтвортой байлгах үйлдэлийг буруутгаж байгаа. Эндээс үзвэл   ипотекийн зээл авсан 80 мянган өрхийн 8 хувийн зээлийн хүү нэмэгдэж 15-20 хувийн хүүтэй болох ёстой болж таарлаа. Мөн  “Сайн малчин хөтөлбөр”-ийн хүрээнд 50 мянган малчин өрх зээл авсан. Үүнийг буруу болсон гэж үзээд энэ зээлийн хүүгээ эргүүлж төлөх шаардлага тавих ёстойболж  буйг АН-ын бүлгийн дарга онцоллоо.

Монголбанкны хэрэгжсэн мөнгөний бодлого нь тухайн үеийн УИХ-ын шийдвэртэй гарсан. УИХ-ын шийдвэр Засгийн газар, Монголбанк хамтарч үнэ тогтворжуулах хөтөлббөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Валютын хомсдолд орсон үед төв банкны бодлогоор төгрөгийн зохицуулалт хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн билээ. Эдийн засгийн их тэлэлт гэж нэрлэгдсэн 2008-2012 онд Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирхэд монгол улсын эдийн засагт жилд 4.5 тэрбум ам.доллар орж ирдэг бол энэ хэрээр эдийн засаг тэлсэн. Тэгвэл эдийн засгийн энэ тэлэлтийг хадгалж үлдэхийн тулд 2012-2016 онд Монголбанк уг мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн нь байдаг.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эдийн засгийн байнгын хорооны Монголбанкины хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт  нэлээд хариуцлаггүй, мэргэжлийн бус дүгнэлтүүд гаргажээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд Монголбанк нийт 3 их наяд орчим алдагдалтай байна гэсэн. Ажлын хэсгийн гишүүд 7 тэрбум ам.доллар буюу төгрөгт шилжүүлбэл 14 их наяд төгрөгийн алдагдал учруулсан байна гэсэн утагтай мэдээлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацсан. Үүнийг   ямар тоо, юун тухай яриад байгаагаа ойлгоогүй хүмүүсийн яриа байна гэж үнэлхээс өөр аргагүй юм.

Монголбанкны тайлан тэнцэлээс харвал тэр 3 их наяд төгрөг нь мөнгөний бодлогоор хэрэгжүүлсэн арга хэрэгсэлүүдээ  хэрэгжүүлхэд гаргасан зардал.  Төв банкны тухай хуульд Монголбанкнаас мөнгөний бодлогоо боловсруулж хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнийх нь дагуу УИХ жил болгон Төрөөс тухайн жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлэд нь ямар мөнгөний бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг арга хэрэгсэлийг нь тодорхойлж өгдөг. Уг үндсэн чиглэлийн биелэлтээ Монголбанк  жил бүр УИХ, Эдийн засгийн байнгын хороонд тайлагнаад явдаг. Энэ хүрээнд Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үнэ тогторжуулах хөтөлбөр, ипотекийн зээл, Монголбанкны валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой байлгахтай холбоотой хийсэн үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь алдагдал мэтээр зарлаж байгаа нь үндэслэл муутай. Тэр тусмаа Монголбанкны ерөнхийлөгч гэж нэг хүн ганцаараа бүх шийдвэрийг гаргаад тэр мөнгийг ачаад аваад явсан юм шиг ойлгуулж байгаа нь хариуцлаггүй үйлдэл. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөг эдийн засагт гаргасан гэдэг. Үүний 3 их наяд нь орон сууцны хөтөлбөрт зарцуулагдсан байна. Эдгээр хөтөлбөр өнөөдөр хэрэгжээд дууссан. Орон сууцны ипотекийн зээлийн энэ бүх багцууд хэрэгжиж дуусаад Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу Монголбанкны блансаас гарч Засгийн газрын Ирээдүйн тэтгэврийн сангийн зүй тогтолцоонд шилжих шийдвэр гарсан. Харамсалтай энэ жил УИХ эргүүлээд Монголбанкны блансад шилжүүлсэн. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилтийн үлдэгдэлтэй  юм шиг харагдаж байна. Үнэ тогтворжуулах 1.8 их наяд төгрөгийн хөтөлбөр 2015 онд бүрэн хэрэгжээд дууссан. Энэ бол 2013 оны төв банкны Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд заасны дагуу хийсэн ажил. Уг хөтөлбөрийн хүрээнд төв банк өөрөө зээл олгоогүй. Монголбанк, Арилжааны банкууд, Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу зээл олгосон.

Засгийн газар аль салбарын ямар аж ахуйн нэгжүүдийг дэмжих ёстойгоо тодорхойлж арилжааны банкууд эрсдэлийг нь дааж зээл олгосон хөтөлбөр. Өнөөдөр төв банкны бланс дээр 1.8 их наядаас 24 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Тэгэхээр үр дүнгээ өгч хаагдсан хөтөлбөрийг ярьж байгаа нь мэргэжлийн бус дүгнэлт болжээ гэж үзэж байна” хэмээн мэдээллээ.

Дашрамд дурдхад Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголбанкны алдагдал 2012 оноос эхэлж хуримтлагдсан. Жишээ нь, 2011 онд 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос 280 тэрбумын алдагдалтай болсон юм билээ. Ингэж явсаар 2016 онд жилийн 1.6 их наяд болж нийт гурван их наяд төгрөгийн алдагдалтай болсон байна. Энэхүү алдагдлыг хуулиар төсвөөс хаадаг. Ингэхдээ Засгийн газар үнэт цаас гаргадаг. Татвар төлөгчдийн халааснаас гарна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал үүссэн. Ажлын хэсэг үүнийг нягтлаад юунаас болов гээд шалгаад үзэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотойг тогтоосон. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийг зах зээлд маш бага хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Үүнээс 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоосон” хэмээжээ. 

Тэгвэл дээр мөнгөний  3.7 наяд төгрөгийг нь ипотекийн зээлд зарцуулсан байна.  Үлдсэн мөнгийг нь буюу 1.16 их наяд төгрөгийг өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжуулахад зарцуулсан гэсэн шалгалтын дүн гараад байгаа юм. Тэгэхээр эдийн засаг хүндэрсэн үед орон сууцны найман хувийн зээл авсан, хямдхан шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэрэглэсэн ард иргэд Монголбанкинд өртэй болж таарах нь. Энэ өрийг нөхөж төлүүлэх ёстой хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан