Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австрийн удирдаач Улсын Филармонийг удирдан тоглуулна


Бээжин дэх Австрийн Элчин сайдын яамны Соёлын Форум энэ жил Гёте Хөгжмийн Танхим, Гёте Институт, Монгол Улсын Филармони, Жазз Клуб, ЖаззЛаб хөгжмийн агентлагтай хамтран Австри-Монголын Хөгжмийн Фестивалийг олон нийтэд нээлттэй зохион байгуулж байна.

Хоёр улсын хөгжмийн фестиваль энэ сарын 11-ний ням гараг буюу өчигдөр эхэлсэн бөгөөд “Битлз” хамтлагийн хөшөөний урд Австрийн нэрт хөгжимчин Майкл Эрианий жазз квартет, Монголын Жазз Трэйн хамтлаг нээлттэй тоглосон юм. Мөн энэ өдөр UB Jazz Club-т чөлөөт тоглолтыг (Жэм сэйшн) хоёр улсын хөгжимчид толилууллаа.

Харин өнөөдөр 19.00 цагаас Австрийн удирдаач ноён Маттиас Флецбергер Монгол Улсын Филармонийг удирдан тоглуулах гэж байна. Энэ үдэш Баянмонгол чуулга мөн уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ Майкл Эрианий жазз квартет, Жазз Трэйн хамтлагууд ч хүрэлцэн ирж, иргэдэд үнэ төлбөргүй толилуулах юм.

Бээжин дэх Австрийн элчин сайдын яамны Соёлын Форумын захирал Арнолд Обермэйэр Хөгжмийн фестивалийн талаар “Хөгжмийн фестиваль, эдгээр арга хэмжээ нь Австри-Монгол хоёр орон хөгжмийн салбарт нягт хамтын ажиллагаатай байдгийн нэг тод илрэл юм. Зөвхөн тоглолтоор зогсохгүй Австрийн хөгжимчид Хөгжим бүжгийн коллежийн Монгол оюутнуудтай уулзалт хийнэ. Үүнээс гадна соёлын форумын хүрээнд энэ сарын 11-14-ний өдрүүдэд мөн Австрийн бизнесийн төлөөлөгчид Монголд албан ёсны айлчлал хийж, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан