Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 434 тонн цэвэр зэс, 2.9 тонн алт олборложээ

Т.ЭРДМАА

Уул уурхайн салбар манай улсын  ДНБ-ний 13.35 хувь, экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар  болон тус салбарын аж ахуйн нэгжүүд Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг хийж ажлаа танилцуулж байна. 

Өдөрлөгийн үеэр салбарын бодлого шийдвэр түүний хэрэгжилт,  Кадастрын бүртгэлийн систем, Геологи, Уул уурхайн цахим тайлангийн системтэй танилцах,  зэрэг бүхий л мэдээ мэдээллээ танилцуулав. 

Ингээд тус салбарт хамгийн сүүлд гарсан зарим журамаас дор өгүүлье.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан юм. Уг  журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад, журмыг хэрэгжүүлэх ажлыг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон.

Энэ  журам шинэчлэгдсэн нь 2014-2025 он хүртэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалаа олсон зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой юм.

Шинэ журмаар Иргэний хуулийн дагуу нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг 7 дахин нэмэгдүүлж, нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийг 9-өөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж, тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээ байгуулахаар тусгасан нь бичил уурхай эрхлэгчдийн бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж тооцож байна.
Түүнчлэн бичил уурхайчид ашигт малтмал олборлож, тодорхой хэмжээний орлого олж байгаа Монгол Улсын иргэний хувьд хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргээ биелүүлж, нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээ авах юм.
Эцсийн дүндээ нөхөн сэргээлтийг төлөвлөгөө, аргачлалын дагуу хийснээр бичил уурхайчдын нийгэм болон байгаль орчны хариуцлага сайжирч, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орж үйл ажиллагаа явуулах нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “нинжа”, ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогчдоос ялгарах нөхцөл бүрдэх аж.

Ашигт малтмал газрын тосны газрын статистикаас үзвэл Монгол Улсын хэмжээнд тавдугаар сарын 05-ны байдлаар 3487 лиценз хүчин төгөлдөр байгаа бөгөөд 12.10 сая га талбайг эзэлж байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлж буй юм. Нийт лицензийн 1584 ашиглалтынх, 1903 хайгуулынх аж. 
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар металл агуулгаараа  434 тонн цэвэр зэс, 2.9 тонн алт, 887 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэжээ. Тэгвэл тухайн сард нэг тонн цэвэр зэс дунджаар 5697, нэг унци алт 1265, төмөр 53 ам.долларын үнэтэй гарсан байна. Үүнээс гадна газрын тос 640 мянган барреллийг олборлож 615 барреллийг экспортолжээ.

Ашигт малтмал газрын тосны газарт 2010-2017 оны дөрөвдүгээр сар хүртэл хайгуулын 46 тайлан ирүүлж 33 тайланг хэлэлцэн хүлээж авчээ. Мөн хугацаанд алтны үндсэн орд 11, шороон орд 1, зэсийн 2, нүүрсний 2  гэх мэт ордын нөөцийг тогтоож улсын бүртгэлд бүртгэн авсан байна.   

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөрт өнгөрсөн онд  1.9 тэрбум төгрөгийн орлого төсөвт  төвлөрүүлсэн. Тэгвэл энэ онд хоёр тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Тавдугаар сарын байдлаар 1.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн мэдээлэл Ашигт малтмал, газрын тосны газраас гаргалаа.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан