Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онцгойгийн залуусдаа шуурхай ажилласанд талархая


Манай экспортын бүтээгдэхүүний нүүр царайг үндсэнд нь ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тодорхойлдог. Өчигдөр орой “Говь” компанийн үйлдвэрийн барилга түймэрт автаж, багагүй хохирол учирсан байна. Энэ талаар ОБЕГ-ын удирдлагууд Шадар сайд болон хэвлэлийнхэнд албан ёсоор мэдээлэл өглөө.

“Говь” компанийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэг шатаж, Онцгой байдлын албан хаагчдын шуурхай ажиллагааны ачаар үйлдвэрийн барилгын үндсэн хийц болон тоног төхөөрөмж рүү гал нэвтрээгүй байна.  ОБЕГ-ын зүгээс “Барилгын үндсэн хийц бүтээцийг хамгаалах, тухайн үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийг аврах шийдвэр гаргаад гал унтраах бүх анги бие бүрэлдэхүүнээ гал унтраах ажиллагаанд татан оролцуулсан. Өнөөдрийн байдлаар гал унтрах шатандаа орсон. Тухайн барилгын бетонон хийц дээр модон бүтээцээр өндөрлөөд дулаалга, шилэн хөвөнг ихээр тавьсан байсан нь гал түймэрт хурдан шатах шалтгаан болсон. Түүнээс тухайн барилгын үндсэн хийц бүтээц, техник, тоног төхөөрөмж нь  галд автаагүй. Тухайн барилгад нуралт үүсэх эрсдэлтэй байсан боловч гал унтраах явцад үүнийг сааруулж чадсан. Тиймээс үндсэнд хийцэнд түймрийн аюул учраагүй. Өнөөдөр барилгын дээврийн хэсэгт задаргаа хийж галыг бүрэн унтрааж байна. Үүнийг нийслэлийн онцгой байдлын дарга удирдан ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

 Галын шалтгааныг тогтоохооор түймрийн голомт дээр Цагдаагийн хэрэг бүртгэгч, Онцгой байдлын шинжээч хамтран ажиллаж байгаа аж. Үйлдвэрт учирсан хохирол хэрэг бүртгэлийн шатанд тогтоогддог. Үндсэн барилга дээр нэмэлтээр барьсан модон хийц шатсан учраас дотор тоног төхөөрөмж бусад зүйл хохирол учраагүй байна. Түүнээс үйлдвэрийн явц зогссон, үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжинд түр зогсолт болж байгааг үгүйсгэх аргагүй гэдгийг ч мэргэжлийнхэн хэлсэн юм.
30 мянган метр квадрат талбайтай барилга байгууламжид гарсан түймрийн явцад маш зөв зохион байгуулалттай ажиллаж, асар үнэтэй тоног төхөөрөмж шатах бусад эрсдэлээс сэргийлж чадсан Онцгойгийн залуусдаа талархал илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан