Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Номтойбаяр: Даатгалын тухай багц хуулийг УИХ намрын чуулганаараа хэлэлцэнэ


ХНХЯ орон даяр нээлттэй хаалганы өдөрлөг 6 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг салбар юм. Өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл-хүн амын, хөгжил нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, үйлчилгээг нэг дор өгч байна. Мөн  худалдаа, үйлчилгээ, барилга, сүлжмэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд ажилтан авах бүртгэл хийж байна.  Тухайлбал, 20 мянган ажлын байранд 60 аж ахуйн нэгж ажилтан бүртгэж авах аж.

Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байна. Ажил хайж буй иргэдийн дийлэнх нь олонд танигдсан томоохон компанийг сонирхох аж. Гэвч тэдгээр компанийн шалгуур өндөр тул тэнцэхгүй байх нь олонтаа. Тухайлбал, гадаад хэл, нас хүйс бас заана. Иргэдийн ярьж буйгаар томоохон компаниудын цалин өндөр, найдвартай гэж ойлгодог гэнэ. Харин жижиг сүлжмэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд ажилтанаа сургаж авах нь. Сургах хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах санал ч тавьж байна. Үүнээс гадна ажилчиддаа унаа, өдрийн хоолны мөнгө олгох ажээ.  Өдөрлөгийн үеэр “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн үйл ажиллагааг сонирхолоо. Тус төв 2-18 насны 310 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар тус төвд 157 хүүхэд амьдарч байгаа юм. Тэдний 20 гаруй нь сургуулиа төгсч байгаа бөгөөд ЭЕШ өгөх ажээ. Уг төвийн мэргэжилтэний хэлж буйгаар “Өнөр бүл төв”-д амьдарч буй  хүүхдүүдийн насыг 21 хүртэл болгох саналаа ХНХЯ-нд хүргүүлсэн байна.

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр тус өдөрлөгийг нээж хэлэхдээ “Өнөөдөр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг ч чанартай үйлчилгээ авч чадахгүй байна. Иймд хууль эрх зүйн шинэчлэлт хийх цаг нь ирсэн. УИХ-ын намрын чуулганаар Даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Ажилгүйдэл өндөр байх тусам ядуурал нэмэгддэг. Өнөөдөр 3 хүн тутмын 1 нь халамжийн 69 төрлийн үйлчилгээ авч байна. Үүнд жил бүр 250 тэрбум төгрөг зарцуулах болсон. Тэгэхээр ХНХЯ халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих бодлого баримталж байгаа. Учир нь ажилтай, орлогтой хүн сайхан амьдардаг жамтай. Үүнээс гадна 45-аас дээш насны иргэд ажилд ороход хэцүү байдаг. Тэднийг ажилд авсан ААН-д бизнес, үйл ажиллагааг нь өргөжүүлэн дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлтэй зээл олгодог болно. Ер нь ажилгүйдлийг бууруулна гэдэг нь дан ганц ХНХЯ-ны хийх ажил биш. Засгийн газар, ТББ-ууд, ажил олгогчид харилцан ойлголцож, хамтран ажиллаж байж хийх зүйл. Хөдөлмөрийн тухай хууль өнөөдөр хөдөлмөрийн харилцааг зохицуулах чадамжгүй болсон. Иймд уг хуулийг шинэчлэх ажил ч хийж байна. Тэгсэнээр хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс гээд тулгамдсан асуудлууд шийдэгдэж иргэдийн ажиллах нөхцөл бололцоо нэмэгдэнэ” хэмээн хэллээ.

Б.Нямдаваа: Монголд ажиллах гадаад ажилчдыг 50 хүртлэх хувиар бууруулна
ХНХЯ-ны Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваатай хөдөлмөр эрхлэлт, гадаадад ажилтан илгээх, монголд ажиллаж буй гадаад ажилтаны ярилцлаа.

-Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл манай улсад ямар түвшинд байна вэ?

-Ажилгүйдлийг бууруулхад эдийн засаг тогтвортой өсөх ёстой. Ингэж байж шинэ ажлын байр бий болно. Өнгөрсөн жилийн мөн үетэй өнөөдрийг харьцуулбал манай улсын эдийн засаг сайжирч эхэлсэн. Өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгт 60 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож шинээр бий болсон ажлын байранд захиалга авч байгаа. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ч хөдөлмөр зуучийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр нь манай эдийн засаг сайжирч буйг илтгэсэн явдал юм. Өнгөрсөн оны наймдугаар сард ажилгүйдлийн түвшин 10.1 хувьтай гарсан. Энэ нь ажилгүйдэл өндөр байгааг илтгэсэн хэрэг. Өнөөдөр ажилгүйдлийн түвшин харьцангуй буурлаа. Манай яамны зүгээс хөдөлмөр эрхлэлт, зорилтод бүлэгт чиглэсэн зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.   Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу малчид, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого баримталж байна.

-Гадаадад ажиллах хүч гаргана гэж байгаа. Аль улсад хэдэн ажиллах хүч гаргах вэ?

-Энэ онд Солонгос улсад 1700 хүнийг хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлүүлэхээр харилцан тохирсон. Одоогоор 600 гаруй иргэн тус улсад ажил хөдөлмөр эрхлэхээр яваад байна. Мөн Японы Засгийн газартай манай улсын Засгийн газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар ажиллаж байгаа.  Тэгээд энэ оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжих юм. Иймд одоо ямар журамаар яаж ажиллах хүч авах вэ гэдэг талаар ярилцаж байгаа гэж ойлгож болно. 

-Тэгвэл гадаад ажиллаж байгаа монголчуудын  нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Засгийн газар, ХНХЯ бусад улсын холбогдох газруудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурдаг. Жишээ нь Солонгос улстай ийм санамж бичигийн дагуу ажиллаж байгаа. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсад шимтгэл төлсөнөөр тооцон бүртгэх болсон. Япон Улсын Засгийн газартай нийгмийн даатгалын шимтгэлийн талаар хараахан тохироогүй байна. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах санамж бичигт уг асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл Японд ажилласан жилийг Монгол Улсад ажилласан жилээр тооцох талаар тусгасан гэсэн үг.

-Монгол Улсад гадаад ажилчид бас цөөнгүй байдаг. Мөн зуны улиралд гадаадаас ажиллах хүч их авдаг. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?


-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гадаадаас авч байгаа ажиллах хүчний тоог 50 хүртлэх хувиар бууруулна гэж тусгасан. Үүний хүрээнд Засгийн газрын тогтоол гарч Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар тодорхой зорилт тавин ажиллаж байна. Одоогоор 86 орны найман мянга орчим иргэн Монголд ажиллаж байгаа. Тэдний ихэнх нь үйлдвэрлэл, аж ахуйн нэгжид шинэ технологи нэвтэрүүлж буй нарийн мэргэжлийн ажилтанууд. Тухайлбал, боловсрол, сурган хүмүүжүүлэх, үйлдвэрлэл гээд бүхий л салбарын мэргэжилтэн юм.

-Монголд ажиллаж буй ажилчдаас авдаг ажлын байрны хураамж хэдэн төгрөг болсон бэ?

-Ажлын байрны энэ хураамж нэмэгдсэн. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож авдаг. Урд нь 180 мянган төгрөг байлаа. Энэ оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болж нэмэгдсэн. Иймд гадаад ажилчдаас нэг сард 480 мянган төгрөгийн төлбөр авч байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан