Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮИС-ийн хувь заяаг БСШУС-ын сайд шийдэж чадах уу

Монголын үндэсний их сургууль анх 1998 онд 146 оюутантайгаар Чандмань-Эрдэнэ коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан ч 2002 онд Монголын Үндэсний коллеж, 2004 онд МҮДС болж өргөжсөн байдаг. Харин 2012 оны наймдугаар сард МҮИС болон улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ингэхдээ “Монгол Улсын их сургууль”-ийн адилаар олон улсад “The National University of Mongolia” гэсэн англи хэл дээрх гадаад нэрийг нь ашигладаг болсноос үүдэлтэй маргаан өнөө хүртэл  үргэлжилсээр.

Тухайн үед ШӨХТГ-ынхан үүнийг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т “… аж ахуй эрхлэгчийн нэр, …-ыг хуулбарлах;”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж  болохгүй.”, 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно” зэрэг хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн мэдэгдэж байсан ч тусыг эс олсон.

Үүний уршгаас болж МУИС-д элсэх гэж байсан олон хүүхэд сургуулиа андуурч МҮИС-д элссэн гэсэн мэдээлэл ч бий.  Тиймдээ ч МУИС-ийн удирдлагууд мэдэгдэл гаргаж цаашид өөрийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаална,  шаардлагатай бол энэ асуудлаар Монгол Улсын шүүхэд хандах болно гэдгээ илэрхийлж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй “МУИС-ийн монгол болон англи нэршлийг  андуурагдах байдлаар зориудаар ашиглаж байгаа нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд  төөрөгдөл үүсгэж хохирол учруулж байна” гэж байв.

Одоогоос хоёр жилийн өмнө ч мөн Улсын бүртгэлийн газарт хандаж “Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу “Улсын бүртгэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох улсын бүртгэлийн байгууллага хариуцан арилгана” гэж заасны дагуу арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн байдаг.

Гэвч энэ асуудал нь өдгөө ч үргэлжилж байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар төрийн өмчийн их сургуулийн захирал нартай уулзах үед МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар мөн л энэ  асуудлыг сөхсөн. Тэрээр “МУИС-тай холбогдолтой нэг асуудал нь МҮИС болчихоод байна. Үндэсний гэдэг тодотголтой статусыг Боловсролын яам 2011 онд олгосон. Ингэхдээ ямар ч ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргуулаагүй, шууд л шийдвэр гаргасан байдаг. Энэ асуудлын дагуу шүүхээр яваад дийлэхгүй байна. Шийдвэр гаргасан хүн нь Боловсролын сайд учир та л үүнийг хүчингүй болгож, зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол МУИС-ийн нэр хүнд, гадаад дотоод харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ асуудлыг шинэ сайд маань анхааралдаа авч, шийдвэрлэх тал дээр санаачилга гаргаж ажиллана гэж найдаж байна” гэж байв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан