Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрхчүүд засаглалын хямралыг засч, төрийн тэнцвэрийг хадгалахын төлөө Х.Баттулгыг дэмжинэ гэв


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нийслэлийн иргэд, сонгогчидтой уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө таницуулж байна. Өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ард иргэдтэй уулзсан тэрбээр өнөөдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.

Халуу шатсан зуны өдрүүдийг үлдэн хөөж, ган тайлсан хур бороотой эдгээр өдрүүдийг үл ажран ийн ажиллаж тэрээр сонгуулийн сурталчилгаа эхэлсээр эхний 12 хоног 8163 км зам туулан 21 аймгаа бүтэн тойрч, хоёр хот, дөрвөн суурин, 20 гаруй сумдаар явж, 150 мянга гаруй хүнтэй биечлэн уулзсан билээ. Ийнхүү нийслэлийн зургаан дүүрэгт мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийсэн хийгээд цаашид хийх ажлаа тайлагнан яваа тэрээр маргааш Багануур дүүрэгт ажиллах юм.

Нийслэлчүүдийн зүгээс 12 хоног орон нутагт ажиллаад ирсэн түүнээс мэтгэлцээний талаар сонирхон асуух нь элбэг байв. Энэ тухайд тэрээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьж, бичиж байгаа шиг мэтгэлцээнээс халгаж зугтаасан юм ер байхгүй ээ. Тэнгэрээр нисч яваа хүмүүс машинаар Монголоо тойрох ямар байдгийг мэдэхгүй. Мэдсэн ч мэтгэлцээнд дуудаж, айж зугтсан мэтээр ард иргэдэд ойлгуулж байна. Миний хувьд хийж бүтээсэн зүйл хэлэх үг ч байна. Миний зүгээс гүжир гүтгэлгээр бус бодлогоор өрсөлдье гэж ярьж, хэлж явлаа. Тиймдээ ч аймаг, орон нутгийн иргэдтэйгээ уулзъя, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хэрэг. 12 хоногт хөдөөд ажиллаад ирсэн хойгуур оффшорт мөнгөтэй, мэтгэлцээнээс зугтсан гээд элдвээр гүжирдэж гүтгэлээ. Би өөрөө хоосон ярихаас урьдаар хийж, бүтээж харуулахыг хичээдэг. Тэр зангаараа чимээгүй л явж байна. Угаас идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэх үгтэй. Хэн нь хэн болохыг цаг хугацаа харуулна байх аа” гэсэн юм.

Тэрээр мөн “Нийслэлийн оршин суугчдын дөрөвний нэг нь амьдардаг их хотын их дүүрэг болох баянзүрхчүүд та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр баянзүрхчүүд засаглалгүй явж байгаа. Аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиар эрх баригч нам ИТХ-ын 41 суудлаас 22-ыг нь алдчихаад эрх дархаар далайлган өдий хүрлээ. Энэ том дүүрэг засаглалгүй явж байгаа нь шударга явдал биш болов уу. Наранчулуун гэж танай дүүргээс гарсан залууг авч яваад хорьчихсон. Өөрийнхөө намд оруулах гэж улайрч байгаа нь тэр. Хийж чаддаг, мэддэг юм нь ердөө энэ болсон. Хуулийн байгууллагаар далайлган хүнийг айлгаж, гүтгэж, шоронд хорьж, намд элсүүлэх, хуйвалдах, хулгайлах талаар л ярьдаг болсон. Өнөөдөр Баянзүрх дүүргийн засаглалын энэ байдал, энэ хямрал Монгол Улсын ерөнхий дүр зургийг харуулж байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн тухайд нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг бөгөөд 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардгаас нэр дэвшигч Х.Баттулгын уулзалтад 300 гаруй нь оролцсон юм. Тиймдээ ч тус дүүргийн уулзалтыг дохионы хэлмэрчээр дамжуулан дээрх иргэдэд хүргэсэн юм. Нэр дэвшигч Х.Баттулгын “Хүчирхэг Монголын төлөө” мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарах тухай, өмнө нь анхаарч байсан гэх боловч үр дүнд хүрээгүй талаар, хэрхэн үр дүнтэй болгох тухай тодорхой дурдсан бөгөөд тэдний эрхийг дээдэлсэн хууль, эрхзүйн орчин бий болгох, нийгмийн харилцаанд оролцох боломжийг нь тэлэх зэрэг олон улсад хэрэгжсэн бодитой ажлуудыг тусгасан нь бий.

Уулзалтын үеэр уулзаж ярилцсан иргэдийн дунд орон нутгийн сонгуулийн тухайд санал бодлоо уламжлах нь олон байв. Хагас жил гаруй хугацаанд орон нутгийн өөрөө удирдах байгууллага нь хөлөө олохгүй бужигнаж, эрх баригч намын зүгээс элдэв дарамт учруулж байгаад бухимдалтай байгаа аж. Тиймдээ ч баянзүрхчүүд засаглалын хямралыг засч, төрийн тэнцвэрийг хадгалхын төлөө эх оронч Х.Баттулгыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна.

Уг уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Хулан тэргүүтэй улс төр, урлаг соёлын төлөөлөл оролцлоо.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан