Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яруу найрагч Хулангийн хаяг дээр өөр айлыг андуураад бүртгэчихсэн...

Яруу найрагч Ц.Хулангийн гэрийн хаяг дээр өөр айлын хүмүүсийг андуураад бүртгэчихсэн алдаа гарсан гэж ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн хэлтсийн дарга Д.Энхцэцэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ хэллээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгуулийн хуулийн 61.1-т заасны дагуу Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаснаа энэ үеэр мэдээллээ. Хуулийн уг заалтад “Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн үйлдэнэ” гэжээ. Тус байгууллага 6 сарын 01-ны өдөр 1 сая 980 мянга 52, “түр хасав” тэмдэглэгээтэй 44 мянга 833 сонгогчийн мэдээллийг сонгуулийн санал авах 1983 байранд хүргүүлсэн байна.

Үүнээс хойш сонгогчдийн нэрсийн жагсаалтыг эцэслэн тогтоосон 6 сарын 18-ны өдрийн байдлаар  1 сая 978 мянга 294 үндсэн сонгогч, “түр хасав” тэмдэглэгээтэй 44 мянга 724 сонгогч бүртгэгдэв. Дээрх хугацаанд гадаадад удаан хугацаагаар ажлаар явсан “түр хасав” тэмдэглэгээтэй иргэдийн 109 нь сонгууль өгөх эрхээ сэргээжээ. Мөн шилжин явсан 2774, шилжин ирсэн 1927, овог нэр, регистерийн дугаараа сольсон 668, нас барсан 1056 иргэн байгаа юм.

ОӨУБЕГ-аас сонгогчдын нэрсийн жагсаалт хуулийн хугацаанд нэгэнт эцэслэн тогтоогдсон тул 6 сарын 18-наас хойш нас барсан иргэдийг сонгогчийн бүртгэлээс хасах боломжгүй.  Харин “түр хасав” тэмдэглэгээтэй иргэд өөрийн бүртгэлтэй байгаа  санал авах байрт иргэний үнэмлэхтэй очиж хурууны хээгээ уншуулаад сонгууль өгч болох ажээ. 

СЕХ-ны дэргэд байгуулагдсан Мэдээллийн технологийн ажлын хэсэг сонгуульд хэрэглэгдэх тоног төхөөрөмж болон програм хангамж, мэдээллийн санг нягтлан шалгаж, гэрчилгээжүүлдэг. Бэлэн болсон сонгогчдын нэрийн жагсаалтад Тагнуулын байгууллагаас дараах байдлаар хяналт, шалгалтыг хийж, баталгаажуулан мэдээллийн санд нэвтрэх нууц үгийг өөрчилснөөр сонгогчдын нэрсийн жагсаалтын бааз руу нэвтрэх боломжгүй болдог байна.

Нэрсийн жагсаалтад хяналт шалгалт хийхдээ:


- Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж бүртгэлийн дугаар авч баталгаажсан эсэх
- Регистрын дугаар давхардал байгаа эсэх
- Нэг сонгогч хоёр ба түүнээс хэсгийн сонгогчын нэрийн жагсаалтад орсон давхардал байгаа эсэх
- Сонгуулийн насанд хүрээгүй сонгогч байгаа эсэх
- Нас барсан иргэд байгаа эсэх
- Хаяггүй сонгогч байгаа эсэх
- Гадаад улсын иргэн байгаа эсэх /ЮДрегистр/
- Хэсэг оноогдоогүй сонгогч байгаа эсэхийг нягталдаг аж.
Улсын хэмжээнд санал авах 1983 хэсэгт ашиглах сонгуулийн техник хэрэгсэлд тухайн хэсэгт хаягийн бүртгэлтэй сонгогчдын мэдээлийн баазыг хуулах ажлыг Тагнуулын болон Цагдаагийн байгууллагын хяналт дор гүйцэтгэж, аймаг, дүүргийн Бүртгэлийн хэлтсүүдэд 6 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд хүргүүлжээ. Одоо сонгогчдын нэрсийн жагсаалтад сонгуулийн тухай хуульд заасан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргасан эдгээр лавлагааг үндэслэн оруулсан өөрчлөлтөөс өөр ямар нэг мэдээлэл оруулах боломжгүй болсон байна.  

Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг:


-Манай хаяган дээр өөр сонгогч байна гэсэн хоёр жишээг мэднэ. Бусад хүмүүс нэр усгүй мэдээлэл тарааж байгаа юм шиг харагдаж байна. Жишээ нь Цоодлын Хулан “Манай хаяган дээр хоёр сонгогч нэмэгдэж бүртгэгджээ” гэсэн асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярьсан. Үүнийг бид нягтлан шалгаж үзлээ.

 Яруу найрагч Ц.Хулангийн амьдардаг 21 тоотод   гурван сонгогч байна гэж бүртгэсэн байсан. Д.Батбаатар, У.Равдан, Ц.Хулан гэж гурван сонгогч бий. У.Равдан нь гадаадад байгаа гэж түр хасах тэмдэглэгээтэй сонгогч байгаа юм. Гэтэл тэдний хаяг дээр Ц.Энхцэцэг гэдэг эмэгтэй бүртгэлтэй байна гэсэн гомдол гарсан. Энэ Ц.Энхцэцэг тухайн орон сууны 20 тоотод оршин суугч юм байна. Энэ тоотод гурван оршин суугч сонгогчийн бүртгэлд орсон байгаа. Мөн Б.Батбаяр гэдэг хүн Ц.Хулангийн хаяган дээр бас бүртгэлтэй байна гэсэн. Үүнийг шалгаад үзхэд Б.Батбаяр нь тухайн орон сууцны 22 тоотод оршин суугч байсан. Бид тухайн санал өгөх байранд бүртгэлтэй сонгогчийн нэрсийн жагсаалтаас үүнийг шалгасан. 10601 дүгээр сонгуулийн санал авах байранд Ц.Хулангийн хаяган дээр гурван сонгогч бүртгэлтэй байна.

Тодорхой нэр, хаяг, регистерийн дугаартай  мэдээлэл манайд ирүүлсэн тохиолдолд бид шалгаад хариу өгнө. Түүнээс биш тодорхой хаяг, регистерийн дугааргүй мэдээлэл бүрийг шалгах боломжгүй юм.

Иргэний бүртгэлийн тухай хуулиар иргэн нэг хаягаас нөгөө хаягт шилжихдээ өөрийн оршин сууж буй сум, хорооны бүртгэлийн ажилтан дээр очиж шилжин явах бүртгэлээ хийлгэдэг. Ингэсээр тухайн хүн хаяггүй болдог. Тэгээд очсон газрынхаа сум дүүрэгтээ  бүртгүүлж байж манай мэдээллийн санд орж тэр хүн хаягтай болно. Гэтэл 15800 иргэн шилжин явчихаад оршин сууж буй газартаа шилжин ирсэн бүртгэлээ хийлгээгүй байна. Ийм учраас эдгээр иргэдийг сонгогчийн нэрсийн жагсаалтад оруулах боломжгүй  хэмээн мэдээллээ. 

Мэдээлэл, технологийн газрын дарга С.Чинбат:

-Манай мэдээлэл маш нууцын зэрэглэлтэй байдаг тул ТЕГ, Төрийн тусгай алба хамгаалалтад авдаг. Сонгуулийн үйл ажиллагаа явуулдаг байрууд 24 цагын хамгаалалтад байдаг юм. Сонгуулийн санал авах өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд уг хамгаалалт хэвээр байна. Сонгуульд ашиглагддаг мэдээллийн сан бүхий сервер, компютер хамгаалалттай байранд ямар нэг сүлжээгүй байдаг. Иймд кибер довтолгоо хийх ямар ч боломжгүй юм. Сонгогчийн нэрсийн жагсаалт гарч дууссан үед түүнийг унтрааж тэжээлийн оролтуудыг нь лацдаж хадгалдаг гэж мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан