Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яарвал даарна аа гэж...

Иргэний бүртгэл мэдээллийн төвийн үүдэнд дахиад л уртаас урт дараалал. Банкинд мөнгө тушаасан баримт, янз бүрийн бичиг баримт барьчихсан уурлаж, уцаарласан хүмүүс бороог үл ажран зогсоно. Сураглавал өнөөх иргэний болон цахим үнэмлэхийг орлох 5000 төгрөгийн лавлагаа авахаар ийн оочерлож байгаа аж. Долдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж, хоногт 20 мянгаар нь бөөндөөд эхэлнэ гэж байсан болохоор тайвширч байсан бололтой. Гэтэл энэ сарын 11 хүртэл хойшилж, сүүлдээ хөдөө орон нутгийн иргэдийн цахим үнэмлэхийг түрүүлж хэвлэж эхлэх нь тэр.

Харин шилжилт хөдөлгөөн ихтэй гэгддэг нийслэлийнхнийг наймдугаар сарын 1-нээс эхлэн хэвлэнэ гэсэн нь ийнхүү иргэдэд хүндрэл учруулав бололтой. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98 хувь буюу 1.925.772 иргэн хамрагдсан. Ийм тооны иргэн цахим үнэмлэх авна гэсэн үг. Гэтэл өнөөдөр 100 мянга хүрэхгүй хүн цахим үнэмлэхээ гар дээрээ авсан. Холбогдох албан тушаалтнууд нь сонгуулиас өмнө цахим үнэмлэхтэй болчихно гэсэн ч амжаагүй. Буруутныг хайж муудалцсан ч, тусыг эс олсон. Эцэстээ түүхэндээ анх удаа хүчинтэй, хүчингүй иргэний болон цахим үнэмлэх гэсэн хосолсон бичиг баримт сонгуульд ашигласан. Банк санхүү, албан байгууллага, их, дээд сургуулийн элсэлт гээд хаа сайгүй л хугацаа нь дууссан, дуусаагүй иргэний үнэмлэх, лавлагаа гээч алгын чинээ цаасыг өнөөдрийг хүртэл ашигласаар.... Лавлагаа авах гэж дугаарласаар.
19 тэрбумаар иргэдийг цахим үнэмлэхжүүлэх гэж хэтэрхий яарчихаж, бас туршлагагүйтчихэж. Өөрөөр хэлбэл,  яарвал даарна гэдгийн хатуухан жишээ энэ. Үүнийгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрөн чимээгүй суугаа байх.
Уг нь, гадаадын улс орнууд цахим үнэмлэхэнд шилжих гэж дор хаяж хоёр, гурван жилийг зарцуулсан гэдэг. Бүр туршилтаар хүртэл тандаж байж цахим үнэмлэхэнд шилжсэн ч байх юм. Баримт сонирхуулъя.

Баримт 1 Хятад улс гэ­хэд бэлтгэл ажлаа жин тан болгочихоод 2011 оны нэгдүгээр сард иргэддээ цахим үнэмлэх олгох туршилт явуулжээ. Амжилттай болонгуут долдугаар сараас нь гадаадад амьдардаг иргэндээ эхлээд олгожээ. Харин эх газрын уугуул иргэддээ өнгөрсөн тавдугаар сараас цахим үнэмлэх олгож эхэлсэн байна.

Баримт 2 2002 онд АНУ хилийн өндөржүүлсэн аюулгүй байдал болон орох визийн шинэчлэлийн тухай хуульд цахим картыг визний оронд хэрэглэх тухай заалт оруулжээ. Үүнтэй холбогдуулан иргэдийн паспортыг цахим үнэмлэх болгох хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлж бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Ингээд таван жилийн дараа буюу 2007 оны наймдугаар сараас эхлэн паспортыг нь цахим үнэмлэхээр сольсон байх юм.

Баримт 3 2012 оны тав­дугаар сараас эхлэн Европын холбооны гишүүн бус орнууд гурван жилийн турш бэлтгэл ажлаа базаан байж, иргэддээ цахим үнэмлэх олгож эхэлсэн. 

Баримт 4 Европын холбоо гэхэд терроризм, хүний наймаа, хууль бус цагаачлал зэрэг үндэстэн дамнасан гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд иргэний үнэмлэхэн дээр нь хурууны хээ, гэрэл зураг болон бусад мэдээллийг оруулах шийдвэр гаргасан байх юм. Харин манайхан цахим үнэмлэхтэй болохгүй бол дэлхийн улс орнуудын хөгжлөөс хоцорлоо гээд л сүржигнээд байсан. АНУ, Европын холбоо бол дээрх шалтгаануудаар цахим үнэмлэхэнд өндөр ач холбогдол өгчээ. Гэтэл манайд эсрэгээрээ сонгуулийг шударга явуулахад зориулж, цахим үнэмлэхтэй болцгоосон юм шиг л. “Тухайн хүн сонгууль өглөө гэхэд үнэмлэхний чипэнд дэх мэдээлэл нь хаагдах учир дахин өгөх ямар ч боломжгүй”. “Сонгуулиар иргэний болон цахим үнэмлэх ашиглана” гээд л. Арга ядахад тухайн хүн ял шийтгэл эдэлж, гэмт хэрэгт холбогдож байсан мэдээллийг чипэнд суулгахгүй юм гэсэн. Уг нь, үнэмлэхэнд тухайн хүнтэй холбоотой овог, нэр, хүйс, оршин суух газар, регистрийн дугаар, цахим гарын үсэг, гарын хээ зэрэг 14 төрлийн мэдээлэл багтаажээ. Цахим үнэмлэхний мэдээлэл нь хоосон шахуу атлаа бусад улс орны жишгийн дагуу гээд л 72 кв хэмжээтэй чип суулгасан гээд байгаа.
 Мэдээж, Монгол Улс орчин үеийн дэвшилтэт технолог нэвтрүүлэх нь зөв.

Гадаадын иргэдийн хэрэглэдэг цахим үнэмлэхийг монголчууд ашигладаг болоход буруу юм юу байхав.  Улаан паспортыг иргэний үнэмлэхээр сольж шинэчлэх ажил эхлэхийн өмнө яг л үүнтэй адилхан иргэний үнэмлэхний сайн сайхныг гайхацгаасан. Харин арав гаруйхан жилийн дараа өнөөх иргэний үнэмлэх нь солихоос аргагүй болон хувирч, цахим үнэмлэх л супер юм байх. 1981  оны улаан паспортоос 1999 оны иргэний үнэмлэх рүү шилжсэн хугацаа 18 жил. Хамгийн ичмээр нь энэ хугацаанд нийт монголчуудаа бүрэн иргэний үнэмлэхжүүлж чадаагүй. Өнөөдөр улаан паспорттой, энэ насандаа иргэний үнэмлэхний бараа хараагүй иргэд хөдөөгийн уул талаар олон бий шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан