Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татварын нэмэгдэлтэй танилц



УИХ хаврын чуулганаараа ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор долоон төрлийн долоон төрлийн албан татвар нэмэх болсон. Эдгээр татварын нэмэгдэл хэзээнээс үйлчилж эхэлсэн болон эхлэхийг дор өгүүлье.

2017 оны 07 сарын 01-нээс нэмэгдэх албан татварууд:


-Авто машины онцгой албан татвар нэмэгдэнэ.  Уг нь 05 дугаар сарын 01-нээс нэмэгдэх байв. Гэвч Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг авто машинд ногдуулах 50 хувийн онцгой албан татварыг 07 сарын 01 хүртэл тэглэх шийдвэр гаргасан.
Үүнийг эрх баригчид “Татвар нэмэх шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацаанд 50 хувийн татвар ногдуулах цахилгаан хөдөлгүүрт хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг 375 ширхэг авто машин улсын хилээр оруулж ирсэн байна.
Ингээд онцгой албан татварт 691 сая төгрөг төлөгдсөн. Уг мөнгийг эргүүлэн өгөхөөр авто машины онцгой албан татварын хуулийн өөрчлөлтөд тусгаад байгаа” хэмээн тайлбарласан билээ. Тэгэхдээ татварын буцаан олголтыг гурван тохиолдолд эргүүлэн төлөхөөр засгийн газрын журамд тусгасан.
 Үүнд,
Нэг: Хуулийн төсөл батлагдах хүртэлх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татварыг төлсөн нөхцөлд
Хоёр: Онцгой албан татвар төлсөн ч автомашинаа борлуулж амжаагүй байгаа компанид буцаан олгоно
Гурав: Дээрх хугацаанд оруулж ирээд онцгой албан татвар төлж автомашинаа худалдан авсан байвал тухайн автомашиныг худалдан авсан иргэнд буцаан олголт өгнө гэсэн юм.
Мөн суудлын авто машины хөдөлгүүрийн багтаамж, насжилтаас нь хамаарч онцгой албан татварын хэмжээг нэмсэн.
Тухайлбал, 4500 шоо метрээс  доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501 шоо метрээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч  57.3 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байгаа юм.
-Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хоёр үе шатлалтай нэмэгдүүлнэ.
Тодруулбал, 2016 оны сүүлээр Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг хоёр удаа бууруулсан.  Ингэснээр төсвийн орлого 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах байсныг буцааж 118.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон хэмээн эрх баригчид мэдээлсэн билээ. Уг бүтээгдэхүүний хоёр дахь шатны онцгой албан татварын нэмэгдэл нь ирэх оны 01 сарын 01-нээс мөрдөгдөж эхэлнэ.
-Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хуульчлав.
Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 07 сарын 01-нээс   тус бүр 7 хувиар нэмэгдүүлнэ. Харин ирэх онд  тус бүр 8, 2019 онд тус бүр 8.5, 2020 онд тус бүр 9.5 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10, ирэх жил 11, 2019 онд 11.5, 2020 онд 12.5 хувиас багагүй байх юм.  

2017 оны 05 сарын 01-нээс нэмэгдсэн албан татварууд:


-Хадгаламжийн хүүгийн албан татвар 05 сарын 01-нээс авч эхлэв.
Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулж байна. Энэ татварыг авснаар төсвийн орлого 2017 онд 43, 2018 онд 67, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Ингээд гурван жилийн хугацаанд 180 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт орж ирэх тооцоо гараад байна.
Төгрөг болон гадаад валютын ийт хадгаламж 6.5 их наяд төгрөгт хүрсэн мэдээлэл бий. Төв банкны судалгаанаас үзвэл хадгаламж эзэмшигчдийн 96.6 хувь нь 10 сая төгрөгөөс доош хадгаламж эзэмшиж байна. Үлдсэн 3.4 хувь нь 10 сая төгрөгөөс дээш хадгаламжтай.

Дээрх мэдээллээс харвал 10 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд нийт иргэдэд бага хувийг эзэлж байгаа ч  нийт хадгаламжийн 80 гаруй хувийг эзэмшиж байгаа юм.
-Импортын тамхинд нэмэгдэх онцгой албан татвар 05 сарын 01-нээс нэмэгдсэн. Тэгэхдээ дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүлсэн гэж хэлж болно. Тодруулбал, импортын тамхины 5 хувийн онцгой  албан татвар 20-30 хувь болон өссөн. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж. Импортын тамхины нэр төрлөөс хамаарч татварын ногдуулалт гурван өөр байна. Үүнд,
30 хувийн татвар ногдуулалт: Тамхи эсвэл орлуулагч агуулсан сигар, боловсруулсан тамхи, задгай тамхи, усан хоолойгоор татах зориулалттай тамхи, дүнсэн тамхи
20 хувийн татвар ногдуулалт: Нэгэн төрлийн болгосон тамхи, хамрын тамхи
5 хувийн татвар ногдуулалт: Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи орж байна. Ингээд энэ онд таван татварын хувь хэмжээ нэмэгдэж байгаа юм.

2018 оны 01 сарын 01-нээс нэмэгдэх албан татварууд:

-Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулна.
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120  мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх юм.
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлснээр сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын 4 сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдоно. Уг татвараар  энэ оны төсвийн орлого 43 тэрбум төгрөг, 2018 онд 88 тэрбум төгрөг, 2019 онд 84 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.  
- Архины онцгой албан татварыг  нэмэгдүүлнэ.
Уг татвар ирэх онд 10, 2019 онд 5, 2020 онд таван хувиар тус тус нэмэгдэнэ. Тухайлбал, ирэх гурван жилд бүх төрлийн пивоны онцгой албан татвар литр тутамдаа 320-350 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан. Мөн хүнсний зориулалттай спирт согтууруулах ундааны үйлдвэрт худалдаалвал литр тутамд нь 1595-1740 төгрөгийн татвар ирэх гурван жилд төлдөг болно. Эдгээрээс гадна импортын бүх төрлийн цагаан архи, виски, коньяак хатуулгаасаа шалтгаалж дээрх хувь хэмжээгээр татвар нь нэмэгдэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан