Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Баасанхүү: Бороо орно шүү. Үер усны байгууламжаа шийдээч ээ



Улаанбаатар хот өнөөдөр 1.5 сая хүн амтай байна. Манай улсын нийт хүн амын 50 хувь нь хотдоо ажиллаж амьдарч байна. Гэтэл агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Дулаан, цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах гээд шийдвэрлэх асуудал шил шилээ даран хөвөрч байгаа. 
Өнөөдөр нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилдэг. Эдгээрийн 20 гаруй хууль нь нийслэлийн  өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулдаг аж.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг  УИХ хэлэлцэхээр боллоо. Урд нь уг  хуулийг 1994 онд баталсан байна.
 
Нийслэлийн зарим статистикаас дурдвал 9 дүүрэг, 152 хороотой. Улаанбаатар хотын хөдөлмөрийн насны хүн амын тоо 981.456, жил тутам шилжиж ирэгсдийн тоо 30.297, төрөлт 42.790 бөгөөд нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 14.881 тэрбум төгрөгт хүрчээ. Нийслэл хотод нийт 43.490 аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа 68.425 аж ахуйн нэгжийн 63 хувьтай тэнцэж байна.
Ингээд уг хуульд тусгасан зарим асуудлын талаар товч өгүүлье.

-Шинэчлэх гэж байгаа хулийн төсөлд нийслэл бүтээн байгуулалтад зориулж 30 тэрбум төгрөгөөс доошгүй үнэт цаас гаргаж болох тухай тусгажээ. Тэгэхдээ  зардлыг нь тухайн жилд тайлагнах, Өрийн удирдлагын тухай хуульд нийцүүлж Засгийн газар, Сангийн яамнаас зөвшөөрөл авах гэнэ.
-Уг хуулийн төсөлтэй холбогдуулан  Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, хүн ам ихтэй зарим хороодыг хуваах судалгаа хийж байгаа аж. Эдгээр дүүрэг тус бүр 300 гаруй мянган хүн амтай тул дүүргийн Засаг даргын тамгын газрын боловсон хүчиний хүрэлцээ хүчин мөхөсдөж төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд хүндрэл учирдаг байна.
-Цахилгаан халаагч, тасалгааны агаар шүүгчид ногдуулах гааль, НӨАТ-ыг тэглэхээр тусгажээ. Ингэснээр уг бүтээгдэхүүний үнэ хямдарч, агаарын бохирдол бууруулахад хувь нэмрээ оруулна хэмээн үзсэн байна. 
-Дагуул хот байгуулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Эхний ээлжинд Багануур дагуул хот болж магадгүй нь. Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж уг асуудал шийдэгдэх юм. Мөн дүүрэгт “Оюутны хотхон” байгуулж их дээд сургуулиудыг тийш нүүлгэх болж газар олгоод удаж байгаа. Өнөөг хүртэл хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй тул энэ асуудал чимээгүй болсон байна. 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэхийг дэмжиж байгаа. Гэхдээ ийм байдлаар биш. Та нар бод 14 бүлэг 52 заалтаар өөрчилнө гэвэл өрөөсгөл. Нийслэлийн үйл ажиллагааны дүрмээр хийчих зүйлийг хуульчлах нь. Тухайлбал, зөвшөөрөлгүй газар гэр барих, шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй бол 200 мянган төгрөгөөр  торгоно гэсэн заалт байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, нийслэлийг бие даасан статустай болгох, төсөв санхүүгийн эрх мэдэл, өөрийн гэсэн өмчтэй болох, иргэдийн оролцох эрхийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдэж байж энэ хууль биелэх боломжтой болно. Одоо энэ төсөлд тусгаснаар нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүн болгоод уг асуудал шийдэгдэхгүй. Дүр хувиргасан хууль УИХ-д оруулж ирсэн тул эргүүлэн татаж ав. Зарим зүйлийг тодруулж асууя гэсэн ч НИТХ-ын дарга Ц.Сандуй нь алга. Хотын дарга нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх гэхээр манайхан “Гадаадын жуулчдыг үзэн яддаг” гэлээ. Ингэж ярьж болохгүй. Өнөөдөр гадаадын жуулчдыг үзэн яддаг  хүн монголд байхгүй. Цахим етрөнцөөр яриа мэдээллээр ажлаа хийж болохгүй шүү.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
Улаанбаатар хот улсын эдийн засгийн 65 хувийг бүрдүүлж байна. Хотын төвийн дүүргүүдийн дахин төлөвлөлтийн асуудлыг хэрхэн шийдэх юм. Мөн “Гэрэлт гудамж” гэж байгуулсан. Гэтэл иргэд дуу чимээ ихтэй гээд гомдол гаргаж байгаа. Бас ариун цэвэр, хог хаягдлын асуудал бас тавигдаад байна.
Хотын дарга С.Батболд:
Хотын төвд 50, 60-аад оны үед баригдсан барилгыг дахин төлөвлөнө. Нийт 500 барилгын ашиглах хугацаа дууссан байгаа. Одоогоор 3 барилга ашиглалтад орж иргэд орон сууцанд орсон. Хотын төвийн дахин төлөвлөлтөөр  12 байршилд 78 барилга барих тендер зарлаад байна.  “Гэрэлт гудамж” бол хотын залуусын хүсэн хүлээж байсан арга хэмжээ. Шөнийн 00 цагт бүх тоглолтыг нь зогсоож байгаа. Нийтийн  бие засах газар гурвыг байгуулсан.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Нийслэлийн эрх зүйн байдал өнөөдөр хүнд болсон. Агаар хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ. Хөдөөнөөс шилжин ирэгсэд их байна.  Жилд 30 мянган хүн шилжиж ирдэг болж. Нийслэлээс  550 км-ээс алс газарт бизнес эрхэлвэл 3 жил татвараас 50 хувь хөнгөлж байгаа.  Үүнийг 10-15 болгож байж хэт төвлөрлийг сааруулах ёстой. Тэгэхгүй болохоор нүүдэлчин сэтгэхүйгээр хөдөөнөөс ирж дуртай газраа бууж байна. Энэ нь хот төлөвлөлтөд саад учруулах болсон. Газар өмчлөлийн  асуудал буруу, хууль нь муу тул хэрэгжихгүй  байгаа. Газар өмчлөл хэдэн хувьтай байна.
Хотын дарга С.Батболд:
Нийслэлд газар өмчлөл 13.2 хувьтай байна. 2012-2016 онд цахимаар газар өмчлөл явуулсан. Энэ үеэр 0 настай болон гадаад ажиллаж буй хүн газар өмчилж авсан. Гэвч дэд бүтэцгүй, уулын орой дээр газар өмчлүүлж хуурсан. Бид одоо газраа өгөөд орон сууц авах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ирэх долоо хоногоос бүртгэл нь эхэлнэ. Саяхан шав тавьсан 1000 айлын орон сууцанд орох боломжтой.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Ямар нэг юм  ярихаар өмнөх цаг үе рүү түлхээд байх юм. Энэ оруулж ирж байгаа хуулийн зохицуулах асуудал нь дутуу байна. Дандаа дарга нарын эрхийг тодруулсан байгаа юм.  Тухайлбал, НИХТ-ын бие даасан эрх мэдлийг нэмэгдүүлэхээр тусгажээ.  Даргын эрх мэдлээс гадна иргэдийн оролцоо, санал санаачилга их чухал. Өнөөдөр нийслэлд гэр хороолол хөгжил тулгамдсан асуудал болсон. Гэр хорооллыг өөрчлөх талаар тусгахгүй бол энэ хууль байгаа онохгүй. Та нарын нийслэлд хийж байгаа ажил үр дүнгүй байна гэж  Ерөнхийлөгчийн сонгуулиар тодорхой хариу өглөө шүү дээ. Улс төрчид ард түмэнд гомдож болохгүй. Энэ бол ардчиллын алтан дүрэм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Би энэ хуулийг дэмжихгүй байна. Популист хуулиуд их гай тарьж байгаа. Хэрэгжих бололцоогүй хууль байна. Татвараар төсөв бүрдүүлдэг. Гэтэл татвараас чөлөөлөх тухай асуудал их тусгаж. Нийслэлийн эрх зүй, хэм хэмжээг тогтоох хууль оруулж ирэх ёстой байсан. Уг нь татварын хөнгөлөлтийг шаардлагатай үед чөлөөлж, бас авч болдог. Та нар нийслэлийн өмнөх удирдлагуудыг их муулж байна. Уг нь олон чухал ажил хийсэн. Сайн, мууг нь ялгаж ярих хэрэгтэй. Та бүхэн 65 суудалтай. Намайг 5 минутад нэг үг хэлэхэд миний араас хэдэн цаг муулах вэ гэдэг нь тодорхой. Нийслэлд шилжит хөдөлгөөн, цэвэрлэх байгууламж, орон сууц, зам тээвэр гээд шийдвэрлэх олон асуудал бий. Тэр бүгдийг хэрхэн шийдвэрлэхийг   тодорхой болгох ёстой. Наад захын жишээ нь одоо  бороо орно шүү. Үргэлж ингэж халаад байхгүй. Үеэр усны байгууламжаа шийдээч ээ.



 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан