Яруу найрагч Ц.Хулан С.Ганбаатарт ”баяр хүргэжээ”
2017 оны 7 сарын 1
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар сонгуулийн дахин санал хураалтад цагаан хуудас өгөхийг ард иргэдэд уриалж байгаад яруу найрагч Ц.Хулан дургүйцлээ илэрхийлэн өөрийн нүүр номдоо ийн бичсэн байна.

ХУДАЛЧ ГАНБАА ЦАГААН ХУУДСААР БУУЖ ӨГЧ, УЛС ТӨРӨӨС ЗАЙЛСАНД БАЯР ХҮРГЭЕ!


Санаснаасаа олон санал авчихаад “баярласан хэрээ бахирах”-ын үлгэрээр, Цагаан санал өгүүлж сонгууль хүчингүй болгуулах мэдэгдэл хийж яваа С.Ганбаатар гээч хэн бэ? Улстөржөөгүй бөгөөд үнэнд наалдах цөөн үг хэлэхгүй л бол хөрсөндөө ер буухгүй хүн юм аа.
Энэ хүн анх нийгэмд Фэнгшүй Ганбаа гэх нэрээр орж ирснийг та бид санах байх. Гал ус буюу халуун хүйтэн, арга билгийн нэгдлийн тэнцвэржүүлэх энергийг орон гэр, албан байгууллага, оршин буй газартаа цогцлоох салбар ухаан гэж энгийнээр ойлгоход болно. Манай монголчууд гэрээ зөв зүгт хандуулж барих, баруун зүүн хоймор, хаяа хатавчаа мэдэхээс эхлээд фэнгшүйн ухааныг хятадуудаас сураад байх улс биш. Зан заншилдаа өвөг дээдэс маань шингээж үлдээсэн л юм. Шинэ хачин юманд хошуурдаг саваагүйдээ л Эрээний зах дээрээс Ганбаагийн асар хямдхаан бөөндөж авчирдаг фэнгшүйн бараануудыг хэд нугалсан үнээр нь худалдан авч үүдэндээ салхин хонх дүүжлэхээс эхлээд хоймрын авдар дээрээ лаакадсан хушга, амандаа зоостой мэлхий битүү өрөөд эхэлсэн. Ганбаагийн хятад фэнгшүйгээр хятадууд л хөрөнгө бэлээ зузаалж, монголчууд самар цөмүүлэх мэт алгуур аяар тоншуулан хоосорсоор л байгаа юм. Цөөхөн хүнтэй, бага зах зээлтэй оронд гарлагын бас нэг үүд. За үүнийг яая гэхэв гэж бодъё.

Үйлдвэрчний эвлэл гэж, ажилчин хүний эрх ашгийн төлөө дуугарч, Засгийн газар , ажил олгогч нартай өмнөөс нь гурван талт гэрээ хэлцэл хийдэг байгууллага бий. Гурвалжлуулсан нүдэндээ шаналал бүүдийлгэж, бойжилтын насны ягаан нүүртэй нөхөр гэнэт гарч ирээд “Эрс шинэчлэл “, өөр ямрийм ч билээ, хөдөлгөөнийг цочмог дуу хоолойгоор удирдаж, эрх баригчдад шаардлага хүргүүлэн Цагийн хүрдийг амраадаггүй байсан энэ үедээ хамгийн үнэмшилтэй, итгэл төрүүлэхүйц байсан уу, байсан. Энэ хүн л бидний төлөө тэмцэх юм шиг байна гэж цөөнгүй хүн бодсон. Даанч удаагүй дээ, харамсалтай нь. Ганбаатар манлайлагч худалдагдаад эхэлсэн. Шантаажаар мөнгө олж болдог юм байна гэж тооцсон , үүндээ дуршсан, гаршсан. Лидерүүдийнх нь захиалгаар нөгөө тал руу довтолж,мянга мянган гэмгүй ажилчдыг хэн нэгэн эрх мэдэлтэн дураакийн турхирч болдог хямд төсөр хэрэгсэл болгож хувиргав. Яваа яваандаа жагсаал тэмцэл, суулт пикет зэрэг улстөрийн сонгодог тэмцлийн хэлбэрүүд үнэ цэнэгүйдэв. Хэн ч жагсаал тэмцэлд итгэхээ больж, хорт утаа, агаарын бохирдлын эсрэг жагсахад хүртэл ард нь хэн байна гэж дээр дооргүй харддаг болчихсны гол буруутан бол чухамдаа энэ Сайнхүүгийн Ганбаатар. Жагсаал цуглаанууд тэгсгээд намжиж, хөдөлгөөнүүдээс өнөөдөр ганц нь ч үлдсэнгүй, бүгд тараад алга болжээ. Үйлдвэрчин гэх, ардчилал тогтворжсон улс гүрнүүдэд шаардлага нь хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр болж байдаг үлэмж чухал анги давхаргын нэр хүнд Монголд ийнхүү худалч Ганбаагийн ачаар сөнөв. Монголын авралын гарц байж болох байсан, ажилчин ангиас соёолж болох байсан гуравдахь улстөрийн хүчний үр үндэс хогийн ургамалд шилжлээ. Улмаар дундаж давхарга торних зам ч эндээс будилж, замаас нь С.Ганбаатар л өөрөө хожиж, улстөрийн саажилтыг өөрөө ч мэдэлгүй ийн эхлүүлсэн юм. Бас болоогүй ээ, фэнгшүй наймаачных нь ов хатгаж, Үйлдвэрчний үндсэн хөрөнгө байсан, Замын цагдаагийн хажуугийн газрыг зарж үрэн, Юнионбилдинг хэмээх данхар байшин бариулж хувь хүртэх боллоо. Үйлдвэрчний эвлэлийн хэчнээн олон шударга хүн дургүйцээд дийлээгүй билээ дээ?

Өөрийг нь хэн ч тоохгүй болохоор ганцаарчилсан тоглолт хол явахгүй нь...АН ба МАН гэсэн хоёр том араатан тулалдаж байхад хэн нь түрүүлээд үхэхийг анаж, сэг зэм олж иддэг өөдгүй цөөврийн үүрэгтэй жижиг намууд руу нүх олж орохгүй бол улстөр нь дуусчих гээд байв. Буянгийн Жаргалсайхан сая бараак ноолуураар хэдэн зуу, мянга гаруй санал худалдан авч, М.Энхболдод хандивласан даа? Я үсгээр эхэлсэн ийм эрчүүлийн тоог С.Ганбаатар даруй нэмж МАХН өөрт нь сээтэн хаямагц ганцхан шөнийн дотор авлигын эцэг Н.Энхбаярын өвөрт ороод хэвтчихлээ. Одоо тэр өөрөө биш, эзнийхээ хэл гэснээр хөнжил дотроос дуугарч байгаа. Улс орны төлөө биш , өш хонзонгоо тайлах хорсол л түүнийг удирдаж байгаа нь аймаар байна. Цагаан саналын гол зорилго бол ард олны эрх ашиг ерөөсөө биш, харин МАН, МАХН-ын шаарлагдсан хэсэг бүлгийн дотоод дайныг сэргээн өдөөх зам явах бичиг юм. Үнэндээ энэ хоёр намын эрүүл саруул байж болох гишүүд ч үүнийг хүсээгүй нь лав. Хэтэрхий зориг муутай улс юм, эд нар. С.Ганбаатарын бурсны зоргоор Сонгуулийн хуудсыг хүчингүйдүүлж Цагаан хуудас өгвөл өөрийгөө та эх орноосоо урвагч, төрийн хууль хөсөрдүүлэгч гэж үзэж болно шүү.
“Гинжнээсээ өөр алдах юмгүй пролетариат”тэрбээр эрдэм боловсрол энэ тэрийг хатуу хавтастай дипломын төвшинд ойлгодог ч юмуу, хаашаа юм, Харвардад сургууль төгссөн хуурамч баримт бүрдүүлсэн хэл аманд орсон зэргийг уучилж ойлгож болохоор. Манай өөрсдийн л хэмжээнд тааруулж, сүрхий хүн болж ядаж байгаа нь тэр. Зургаан дүүгээ гарыг нь ганзганд хүргэх гэж бага залуугаасаа зүтгэсэн гэх , эгэл бор амьдрал туулсан гэх зэрэг нь юу нь муухай гэж? Сэтгүүлч Алтантүрүүгээр пиардуулан, эхнэрээ хөдөөгийн амьдрал мэддэг , хуучин оёдлын машинаар дээл оёдог болгон жүжиг тавих энэ тэр ч байх л явдал. Байгаагаасаа өөр, дээр харагдахыг сонгуулийн пиар гэж ойлгодог шүү дээ, эд нар шиг ядмаг улс төрчид? Харамсалтай нь, энэ бүхэн үнэ цэнэ биш юм. Юу үнэтэй, юуг түүнээс сонгогч түмэн маань хүлээж байсан бэ? Ердөө л үнэнийг. М.Энхболд өөрийнх нь саналыг улайм цайм луйвардан булаасныг нийтэд тод зарлаж, тэмцэхийг хүлээж байв. Ганц Ганбаатар ч биш, нэр дэвшигч Х. Баттулга 100 гаруй мянган саналаа хөдөө орон нутагт идүүлэээд идүүлээд илүүрхэн гарч ирснийг яалтай! М.Энхболдын 60 тэрбумын гэмт хэргийг баримттай нь сануулан, дотроо бол хүндэлж явдаг Х.Баттулгыг дэмжихийг уриалсан үг үсэг ч атугай чулуудах байлаа, энэ Ганбаатар! Үнэн мөнийг дуугарчихвал ...гэж Ганбаатараас горьдож л байсан юм даа. Ёстой горьд! Адгийн худалч биш, жинхэнэ эх оронч байсан бол хашгираад өгөх байлаа! С.Ганбаатарт тусгаар тогтнол, хүний эрх, шударга ёс юу ч биш юм байна! Луйварчин бишийг нь мэдсээр байж Х:Баттулгыг луйварчнаар дуудах нь ашигтай учраас ам нь ингэж автоматаар хөдөлж байна. С.Ганбаатар солонгос иргэнээс хахуульд авсан 50 сая воноор МАН-ынханд нээнтэглүүлчихлээ гэдгээ нийт ард олныхоо өмнө биш гэхэд өөрт нь итгэсэн сонгогчдын өмнө хүлээх байлаа. Хотынхон бол мэдээж, юм уншдаг, мэдээлэлд ойр тулдаа түүнийг заяа нь дэмжээгүй. Хөдөөнийхөн л хөөрхий ! Хоёр намд гомдсон гомдлоо л Ганбаатараар тайлж байгаа болохоос юу хийсэн бүтээсэн гэж ингэж дүрдээ итгэхэв дээ энэ хүн? Оюуны болон капиталын баялаг сох бүтээгээгүй, Дарханы тойргоос ганц сонгогдоод л тар нь танигдсанаа хаашаа нуух гэсэн юм бол ? Уг нь энүүн шиг хэрүүл сайн хийж чаддаг хүнийг хил гааль дээр зогсоож Мэргэжлийн хяналтын байцаагч хийлгэвэл л болно. Байнга хутган үймүүлж гоншигнодог, тогтворгүй байдал үүсгэж нэр сүрээ бадрааж л байвал юу ч хамаагүй цуурдаг, хаашаа хамаагүй үсчдэг ийм этгээд хоцрогдохын дээдээр хоцрогдсон ч хүн амын боловсрол, хамгийн гол нь мэдээ мэдээллийн тэнцвэргүй хүргэлтээс болж энэ мэт нь өндөр санал авчихдагюм байна. Хаа очиж хотын иргэд, тэр дундаа залуучууд, ахмадууд маань ямар айхтар хэрсүү байв, ил цагаан дээрэм, хулгай луйвар гаарсан энэ сонгуулиар МОНГОЛ ЯЛНА гэж сонгосонд нь хайр хүрч байна. Гэр хорооллын шалбааг,амьжиргааны пургисан тоосон дундаас ирээдүйгээ олж харах ухаантнууд байлаа та нар минь! Ноос ноолуур, гулууз махны үнэ, оюутны төлбөр гээд аж амьдрал, амин зуулгаа яая гэж ядаж яваа малчин тариаланчид маань, Монголыг тэжээж, хувцаслаж байдаг нэргүй зарц гавьяатнууд маань мэдээллийн хомсдлоос болж тархиа угаалгана гэдгийг ч үзүүлж өгч байна даа.. Хөдөөнийхөн угаасаа сонгуулийн мэдээ мэдээллээр өлсөж цангаж буйг эрх баригчид овжин ашиглаж байна. Тэгээд ч хоёрдахь шатны сонгууль, сурталчилгааг бүрмөсөн хаасан. Тэгэх мөртлөө хөдөөд хүрдэг зурагт радио УИХ -ын даргын магтаал, Засгийн газрын бүтээн байгуулалтын сүржин, худал мэдээг ус шиг урсган далд сурталчилгаагаа хийсээр байгаа. Ард түмнийг хуурах үнэхээр амархаан гэж эд тохуурхаж байна. С.Ганбаатар ч халз мэтгэлцээн дээр нэг бус удаа ард түмэн гэдэг үгийг санаатай хэрэглэж өөртөө татсаныг, 60 мянган аж ахуйн нэгжийг дэмжинэ гэж сэрүүн зүүдэлж , Оюутолгойн гэрээг өөрчлөх гэж 13 жил зүтгэлээ гэж өрөвдүүлж дөнгөлөө. Үүнийг нь мэдэхгүй л итгэчих гэж дээ, муусайн хөдөөнийхөн маань. Х.Баттулга энэ хоёрыг харьцуулбал тэнгэр газар. Хийж бүтээснээрээ, хэлсэндээ хүрдгээрээ, хүмүүст алгаа тэнийлгэн харамгүй өгдгөөрөө үндэсний хөрөнгөтнүүдийн хор шарыг малтдаг цор ганц улстөрч, Монголын эцсийн ганц найдвар нэр дэвшигч маань луйврын сонгуулийг дахин сөрж өрсөлдөхөөр тунаад байна. Муу муухайн эз дийлдэг цөвүүн цаг үнэхээр мөн юм аа. Гээд гутарч гуних хэрэггүй, Монголын минь заяа хаячихаагүй байна! Ганбаатарт өгсөн саналаа Баттулгадаа өгөөрэй гэж хөдөөнийхөндөө заавал хэл дуулгаарай, шударга иргэд ээ! Нэгжээ гамналгүй утсаар ярьж, ахан дүүсийнхээ эргэлзээг нь тайлаарай! Зүгээр ярьж шуугих биш, бодит тусламжаар эрх чөлөө, шударга ёсоо хамгаалаарай! Энэ сонгууль бол зүгээр нэг сонгууль биш, эх орны маань мөхөл сэхлийг шийдэх хувьсгалын дайтай сонгууль шүү! Тэгж гэмээнэ л бид төрөө цэвэрлэж, эцэс төгсгөлгүй хулгай худал,дээрэм тонуул, эрээ цээргүй зандалчлалыг хазаарлаж болох нь байна.

Ингээд тайвшрахчаа болоё доо. С.Ганбаатар сонгуульд нэр дэвшмэгцээ хандив цуглуулж , Баянхонгор аймгийн болон Дарханы 9 дүгээр сургуулийнхан нь тал талаас чадах чинээгээрээ хэдэн төгрөг авчирч өгч гэнээ. Хөдөөнийхөн доод тал нь 200, 500мянгыг хүртэл нэг хүнээс авсан байгаа юм. Дарханы нэг ангийнхан нь хэдийвээр түүний унаган багадаа авсан “худалч Ганбаа” нэрийг мартан мартан зорьж ирж, мөнгөө өх болоход нэгэн зоогийн газрын вип өрөөнд оройжин дуудаж, хамт хоол идье, ярия сууя гэж авчирсан өнөөх хүн чинь мөнгөө авмагц л босон харайж, “За би явлаа, муусайн юмнууд миний эсрэг ажиллаж байгаа, явлаа “гэж сүрийг бадруулан гарч одсон тухай тэд шоолон инээлдэж байна. Тэд ангийнхаа Ганбаатарыг огт биш, угаасаа Х.Баттулгыг дэмжиж байснаа ч нуугаагүй юм шүү.

Ийм худалч, харамч, юм үзээгүй нөхөр төр барьдаггүй юм аа. Улстөр ярих ч эрхгүй. Хүн ядуу байж болно, энэ нүгэл биш! Харин сэтгэлээр ямагт гуйлгачин байж, тэр хоосон ядуугаа эрх мэдэл, эд баялгаар дүүргэхийн тулд бусдаа алхам тутамд хуурч, бусдыг өөрөөсөө тэнэг гэж эндүүрэгчид яасан олон байнаа худалч Ганбаагаас эхлээд? Хүн ер нь царай шиг ээ байдаг гэдэг, бас яриа шиг ээ ч байдаг юм байна. Орон гаран, хадуурч давхидаг амгүй морь шиг түүний улс төр гай болсоор байна. Үнэнээрээ байвал нэр төрөө сэргээх боломж түүнд байсан, улстөрд дахин шагайх эрхээ тэр ганцхан шөнийн дотор багалзуурдсанд нь баяр хүргэцгээе! Яг л ганцхан шөнийн дотор, өөрөөс нь хавьгүй эрдэм боловсролтой гишүүдтэй ХҮН намаасаа урваж, МАХН руу гулсан орсон шиг ээ, нэр хүнд, үнэт зүйлийн үнэр ч үгүй цааш тонилов. Улстөрөөс тун удалгүй зайлах М.Энхболд, шоронд л овоо юм бодож ухаарч хүн дүрээ эрэх болсон авлигын эцэг Н Энхбаяр шиг ... Түр гар барьж найрамдсан хоёр Энхээс гэвч, хэн ч юу ч горьдохгүй, тэгж дахин дахин тэнэгтдэг ард түмэн байхгүй ээ! Монголчууд ухаажиж байгаа юм хойно, билиггүй муухайн тэмдэг - бууж өгдөг туг адил Цагаан саналыг эсэргүүцэн, Монголоо ялуулцгаая, МОНГОЛ ЯЛАХ л болно!

Долоодугаар сарын нэгэн, шинийн найман.
Амлалтаасаа няцаж МАН татвар нэмсэн өдөр. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.