Б.Дэлгэрмөрөн: 18 цаг нэг килограмм махыг хатаагаад 250 грамм хатаасан мах гаргаж авдаг
2017 оны 7 сарын 20
Н.ТҮВШИН

БНХАУ-ын Манжуур хотод Олон улсын шинжлэх ухаан, техникийн үзэсгэлэнгийн 14 дэх үзэсгэлэн боллоо.
Тус үзэсгэлэнд өнөө жил Хятад, Орос, Монголоос гадна Герман, Солонгос, Япон гээд 24 улс иржээ. Үзэсгэлэнд оролцож байгаа Шинжлэх ухааны паркийн захиргааны харьяа Хятад, Монголын хамтарсан Молекул биологийн лабораторийн биотехнологич Б.Дэлгэрмөрөнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Үзэсгэлэнд хэд дэх удаа оролцож байна вэ?
-Анх удаа оролцож байна.

-Ямар ямар бүтээгдэхүүнтэй ирсэн бэ?
-Хөлдөөн хатаах аргаар хатаасан хоёр төрлийн бүтээгдэхүүн байна. Нэгдэх нь үхрийн махыг хөлдөөн хатаагаад борц болгосон. Нөгөөх нь байгалийн зэрлэг жимс нэрсийг хатааж нунтагласан, ямар ч химийн бодис ороогүй. Одоохондоо үхрийн махыг борц болгож байна. Цаашид хонь, ямааны махыг борцлох зорилготой байгаа.

-Шууд усанд найруулж хэрэглэж болно гэсэн үг үү?
-Тийм ээ. Бидний мэд дэгээр сироп шиг найруулаад хэрэглэж болно гэсэн үг.

-Хүмүүс хэр сонирхож байна вэ?
-100 хувийн байгалийн гаралтай органик гэдэг утгаар нь үзэсгэлэнд оролцож буй хүмүүс маш их сонирхож байна.

-Борлуулалт хэр байна вэ. Түнштэй болох боломж байна уу?
-Үзэсгэлэн нээгдээд удаагүй байна. Ямар ч байсан түнштэй болно гэсэн итгэлтэй байна.

-Хил гаалиар шууд борцоор гаргахад зүгээр байна уу?
-Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабориторийн шинжилгээний бичигтэй учраас ямар нэгэн зөрчил байхгүй. Олноор нь аваад хил гаргахад асуудал байхгүй гэж хэлж болно. Анхны байдлаар хэдэн биохимийн шинжилгээ хийчихсэн байгаа. Цаашлаад үл ойлгогдох аминхүчлүүд болон уургийнх нь аминхүчлийг тодорхойлуулна.

-Үйлдвэрийн хүчин чадал хэр байдаг вэ. Энэ чиглэлийн хэчнээн үйлдвэр байдаг вэ?
-Манайхаас өөр энэ чиглэлийн үйлдвэр байхгүй. Манай улсад хөлдөөн хатаах технологи нэвтрээгүй байгаа. Судалгааны байдлаар жижиг жижиг тоног төхөөрөмж  байдаг. Энэ арга Монголд нэвтрээгүй гэхэд болно. Барууны оронд бол энэ арга маш их дэлгэрсэн байдаг. Манай бүтээгдэхүүнийг япончууд их сонирхож байсан. Лаборатори дээр ирж танилцсан. Бүтээгдэхүүний дээжээс амсаж үзээд маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Хэрэв танайх үйлдвэрлэлд нэвтрүүлээд Япон улс руу гаргавал өндөр үнээр зарж өгөх боломжтой гэдгийг хэлж байна билээ. Түүнчлэн манайхаас Америк руу гаргах боломжтой гэдгийг ч мөн хэлсэн.

-Нэг килограмм жимснээс хэр хэмжээний хатааж, нунтагласан жимс гардаг вэ?
-Ойролцоогоор 180 грамм орчим гарна. Нэг удаагийн савлагаа нь 20 грамм байдаг. 500 грамм усанд найруулаад хэрэглэж болно. Үрийн махны хувьд нэг килограмм нойтон мах нь 250 грамм орчим хатаасан мах болдог. Үнийн хувьд үхрийн борц 17500 төгрөг. Ойролцоогоор 3-4 хүний хоол хийх порцтой гэсэн үг.

-Нэрс, үхрийн махаа зах зээлийн үнээр худалдаж авдаг уу?
-Тийм. Нэг килограмм нэрсийг 5000 төгрөгөөр авна. Үхрийн махыг ч мөн адил зах зээлийн үнээр худалдаж авдаг.

-Монголд худалдаж байгаа юу?
-Одоохондоо худалдаагүй. Судалгааны зориулалтаар хийж байгаад  Манжуурын үзэсгэлэнд оролцож байна. Энэ бүтээгдэхүүнийг Япон, Солонгос зэрэг орны зах зээл рүү гаргавал борлуулалт өндөр байна гэж тооцоолж байгаа.

-Махыг уламжлалт аргаар хатаахад их хугацаа ордог. Харин энэ бүтээгдэхүүнийг хэр хугацаанд хатаадаг вэ. Чийглэгийн хэмжээ хэр байдаг бол?
-Чийглэг нь 7 хувь. Ер нь уламжлалт аргаар хатаасан махнаас хамаагүй бага хувьтай чийгтэй байдаг. Уламжлалт аргаар хатаасан мах 10-15 хувийн чийглэгтэй байдаг. 18 цагийн хугацаанд нэг килограмм махыг хатаагаад 250 грамм хатаасан мах гаргаж авдаг.

-Нэрс жимс хэр хугацаанд хатдаг вэ?
-30 орчим цагийн хугацаанд хатдаг. Судалгааны явцад олон бүтээгдэхүүн хатааж туршиж үзсэн. Сармис, сүү, ингэний сүү, хоормог, борц гэх мэтчилэн.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.