Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Оюунхорол: Хаягдал, сав баглаа боодлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцаж хураамж төлөх зохицуулалттай болсон



БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


НОГООН ЗЭЭЛИЙН САНТАЙ БОЛСНООР АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЭХЛЭЛИЙГ ТАВИНА

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал өнгөрсөн мягмар гаригт боллоо. Тодорхой шийдэлд хүрсэн ямар асуудал байна вэ?
-Ерөнхий сайд Ж.Эрдэнбатаар даргалуулсан үндэсний хорооны хурал маань амжилттай боллоо. Нийслэл болон 10 мянгаас дээш хүн амтай суурин газрын цахилгааны шөнийн тарифийг тэглэх болсонтой холбогдуулж, иргэдэд бэлтгэлээ хангах боломж олгохыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ асуудлыг дэмжих үүднээс манай яам “Ногоон зээлийн сан” байгуулах бэлтгэл ажлаа хангаад байгаа. Төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын сангаас хөрөнгө оруулалт авах замаар үйл ажиллагаагаа явуулах энэ сан маань өчигдрийн хуралдаанаар дэмжлэг хүлээлээ. Сангийн үйл ажиллагаа эхэлснээр байгальд ээлтэй техник, технологийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох ажлууд эхлэх бололцоо бүрдэх юм. Ногоон зээлийн сан нь Засгийн газрын сан шиг үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд улсын төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ногоон төслүүдийг дэлхийн зах зээлд гаргаж, төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын сангуудаас санхүүжнэ гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа хүлэмжийн хийг бууруулах асуудал дээр хийж байгаа монгол эрдэмтэд болон зохион бүтээгчдийн бүтээлээр олон улсын анхаарлыг татаж, хөрөнгө оруулалт татсаны үндсэн дээр агаарын бохирдлыг бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ ажлыг бид Сангийн яам, Банкуудын холбоотой хамтран бэлтгэл ажлыг нь хангаж байна. Бодлогын зөвлөлд нь салбар салбарын төлөөлөл багтах бөгөөд менежментийн багийг нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр хувийн хэвшлээр хийлгэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр дээр тогтох зорилтот, үлгэр жишээ томоохон сантай болох юм.

-Агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдол манайд хурц асуудал болоод байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд өнгөрсөн сард Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газарт бага оврын цэвэрлэх байгууламж бүхий нийтийн бие засах газар бариулж, ашиглалтад оруулсан. Уг байгууламж нь өдөрт 3 тонн бохирыг 98.6 хувиар гүн цэвэрлэж, ариутган, 40 хувийг саарал ус болгон бие засах суултуурт дахин ашиглана. Хамгийн гол нь манай орны эрс тэс, хүйтэн сэрүүн уур амьсгалд тохирсон буюу 40 градусын хүйтэн, халуунд ажиллах боломжтой. Цаашдаа энэхүү байгууламжийг тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын бүсэд жишиг болгохоор ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран гэр хорооллын 1500 өрхөд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд маань төрийн бус байгууллагуудын оролцоо маш чухал байгааг дурьдах гэсэн юм. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөн гэр хорооллын айлуудын жорлонгийн асуудлыг газар дээр нь очиж, судалж, бидэнд мэдээлэл өгч байгаа нь төрийн бус байгууллагууд шүүмжлэгч биш ажил хэрэгч байдлаар асуудалд хандаж байгаагийн нэг илрэл юм. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нүхэн жорлон барьж, орчныхоо хөрсийг бохирдуулсан аж, ахуйн нэгжид хариуцлага хүлээх асуудлыг тусгаж өгсөн. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт хандсан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудлыг яаравчлуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай яамыг хамтарч ажиллаж, төслөө оруулж ирэх үүрэг өгсөн.

ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ САНАЛЫГ ЕРӨНХИЙ САЙД ДЭМЖИЖ, ЯАРАВЧЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОСОН

-Шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн онцлог юунд байна вэ. Хуулийн хэрэгжилтийг хангуулахад хэрхэн анхаарч байгаа вэ?
-Хуулийг шинэчлэн батлуулсантай холбоотойгоор НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвтэй хамтран үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Энэ нь Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, менежментийг сайжруулахад ихээхэн түлхэц болно. Хуулийн шинэчилсэн найруулгаар хог хаягдлын дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг зохицуулсан. Хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой болгосон. Тодруулбал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, менежментийг сайжруулах бүрэн эрх олгосон. Нийтийн эдэлбэр газар, ногоон бүсэд хог асгахад ашигласан тээврийн хэрэгслийг хураах, хог хаягдал хаясан хүнийг нэг сая, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох заалт бий. Мөн хог хаяж байгаа тухай мэдээллийг өгсөн иргэнд мэдээлэл нь баталгаажсан тохиолдолд торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал өгөхийг хуульчилсан. Олон улсад баримталдаг “үүсгэгч нь хариуцах”, “бохирдуулагч нь төлөх” зарчмаар бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татах, дахин ашиглах, боловсруулахыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалттай болсон.

-Танай яамнаас “Цэвэр сайхан орчин” аяныг зарлаж, дүнгээ гаргасан байна билээ. Аяны хүрээнд нэлээд хог цэвэрлэсэн ч хогны асуудал хэвээрээ байх шиг байна?
-Хог хаягдлын тухай хуулийг орон нутаг болон иргэдэд хүртээмжтэй сурталчилж, амьдралд нь хэрэгжүүлэх үүднээс “Цэвэр сайхан орчин” сарын аяныг улс орон даяар зарласан. Ажлын хэсгийн дүгнэснээр Говь-Алтай аймаг нэгдүгээр байрт орж 18 сая, Увс аймаг хоёрдугаар байрт шалгарч 13 сая, гуравдугаар байрт Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүрэг шалгарч тус бүр 7.5 сая төгрөгөөр шагнал хүртлээ. Аян явуулсны үр дүнд Говь-Алтай аймаг гялгар уутыг халж, даавуун торыг хэрэглээнд хэвшүүлж байна. Увс аймаг “Холивол хог, ялгавал баялаг”, “Бид байгаль эхтэй хүйн холбоотой”, “Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдвээр иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлсэн. Дархан-Уул аймгийн өндөр настангууд нэгдэж, залуу хойч үедээ эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах талаар сургалт явуулж эхэлсэн зэрэг бодит үр дүнтэй ажлууд хийсэн байна.
Мөн улсын хэмжээнд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор нийт 89 удаа 19537 иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулж, 2432 ширхэг гарын авлагыг хэвлүүлэн, сурталчилан таниулсан. Нийт дүнгээр 18974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасныг аймаг, дүүргүүдийн ирүүлсэн тайлангаас ажлын хэсгийнхэн онцолсон. Ийм хэмжээний хог цэвэрлэж, сургалт, сурталчилгаа явуулсаар байхад дахин хог тарьж, хогтой байсаар байна гэдэг харамсалтай асуудал. Иргэд дор бүрнээ эрх, үүргээ ухамсарлаж чадвал бид хогноосоо салахад дөхөм байх болов уу.

-Та ярилцлагын эхэнд хог боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг яаравчлуулсан гэлээ. Энэ талаар тодруулна уу?
-Хог боловсруулах үйлдвэр барина гэдэг монголчуудын хувьд нэн яаралтай шийдэх асуудлуудын нэг. Миний хувьд БОАЖ-ын сайд болсноосоо хойш хэд хэдэн асуудал дээр төвлөрч ажилласны нэг нь Хог боловсруулах үйлдэртэй болох асуудал. Энэ хүрээнд 2012 онд батлуулсан Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж, хог боловсруулах үйлдвэр байгуулах эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллалаа. Хог боловсруулах үйлдвэрийг хэд хэдэн газарт байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайд дэмжиж, энэ саналаа яаралтай ажил хэрэг болгохыг даалгасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлд барих хог боловсруулах үйлдвэрийн төслийг яаралтайгаар Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Нийслэлийн холбогдох газрынхантай хамтарч энэ асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

ТҮЙМРИЙН 70 ГАРУЙ ХУВЬ НЬ ХҮНИЙ БОЛГООМЖГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ГАРЧ БАЙНА

-Ой хээрийн түймэр дэгдсэнтэй холбоотойгоор энэ зун өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа байх. Ямар ажлууд хийв?
-Зөвхөн түймэр гэлтгүй аялал жуулчлалын улиралтай холбоотойгоор бид энэ зун онцгой байдалд ажиллалаа. Хамгийн сүүлд л гэхэд Төв, Сэлэнгэ аймагт дэгдсэн түймрийн үеэр хоёр баг гаргаж, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдад хоёр хоног ажилласан. Төв аймгийн сум дундын ойн ангид 27 сая төгрөгийн тоног төхөөрөмж, Батсүмбэр сумын Засаг даргад яамны ажилтнуудын нэг өдрийн цалин болох таван сая төгрөгийг хандивлалаа. Дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн сум дундын ойн ангид 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан. Үүнээс өмнө Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд тус бүр 10 сая төгрөг олгосон. Түүнчлэн манай яамаар дамжуулан “Оюутолгой” компани, Самар үйлдвэрлэгчдийн холбоо, Аялал жуулчлалын холбоо, Монголын байгаль орчны иргэний зөвлөл зэрэг газрууд мөнгө хандивласан. Хандивын мөнгөөр РЛО буюу үүргэвчтэй ус шүршигч авахуулж, ойн ангиудад өгөхөөр боллоо. Түймэр гарсан газарт хамгийн түрүүнд очиж, хамгийн сүүлд буудаг хүмүүс бол ойн ангийнхан. Тиймээс ойн сан бүхий улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нэмж олгохоор шийдвэрлэлээ. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хандивласан мөнгийг өөрсдөд нь үлдээсэн төдийгүй мотоцикл өгч, түймрийн үеэр үрэгдсэн амьтдын сэг зэмийг хайх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

-Танай яамыг түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалтгүй авч байна гэсэн шүүмжлэл гарч байсан?
-Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган гачиг болж, агаарын температур хэт халж байна. Үүнээс болж аянга буух, хүний хүчин зүйл зэргээс хамаарч түймрийн тархалт нэмэгдсэн. Бидний зүгээс түймэр гарч байгаа тухай мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас авмагцаа орон нутаг дахь ойн ангиуд болон тусгай хамгаалалтын захиргаадтай хамтран ажиллаж байгаа. Харамсалтай нь иргэдийн маань санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан галыг унтраах боломжгүй хэмжээнд хүрч байна. Мөн аянга бууснаас болж уулын оройгоос эхэлж шатаж буй газарт хүрч чадахгүй байсаар цаг алдах явдал гарч байгаа. Иймэрхүү асуудлыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхантайгаа хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх замаар бороо оруулж шийдэж байгааг уншигчид маань мэдэж байгаа байх аа. Өнгөрсөн сард Улаанбаатартай ойр гарсан түймэрт л гэхэд Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ аймагт тус бүр хоёр, Дархан-Уулд нэг, нийт долоон баг гаргаж, 30 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 12 байршлаас үүлэнд нөлөөлөх аргаар 39 ширхэг пуужин харвасан нь түймрийг цурманд оруулахад маш их нэмэр боллоо. Ой хээрийн түймрийн 70 гаруй хувь нь иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсныг цагдаагийн байгууллагынхан тогтоож, хариуцлага тооцохоор ажиллаж байгаа тухай мэдээлэл ирүүлсэн.

-Гал түймрээс гадна ойг сүйтгэж байгаа нэг том аюул бол хортон шавьж. Цэвэрлээгүй ойн асуудал байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх нэрээр ой мод огтоллоо гэх шүүмжлэлийг иргэд их гаргах юм?
-Ойн хөнөөлт шавьжинд өртсөн 220.000 га талбайд нэн яаралтай тэмцлийн ажил явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө 6.6 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Уг ажлыг гүйцэтгэснээр ой дахин сэргэнэ.  Хатаж, хуурайшин ургах чадваргүй болохоос хамгаалж, байгаль орчинд их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлэх юм. Сая гал гарахад хамгийн ихээр шатсан ой бол цэвэрлээгүй ой байсныг мэргэжлийнхэн хэлж байсан. Манай яамнаас ойн тооллого явуулж дуусахад цэвэрлэгээ хийх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Гэхдээ ойг цэвэрлэнэ гэдгийг иргэд маань сайн ойлгох хэрэгтэй. Шатсан, шавжинд идэгдсэн, хөгширсөн модыг авахаас гадна унасан модыг түүх юм. Нөгөөтэйгүүр, цэвэрлэгээ хийж байгаа газруудад нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийх шаардлагыг тавьдаг.

ТОМООХОН КОМПАНИУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧ БАЙГАА Ч ИРГЭД МААНЬ ДЭМЖИЖ БАЙГАА УЧИР ШАНТРАХГҮЙ

-Хууль бус үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, аялал жуулчлалын компаниудын эрхийг цуцлах зэрэг арга хэмжээ авч байгаа гэв үү?
-Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн газар ашиглах эрх олгодог. Өөрөөр хэлбэл, төрийн газрыг түрээсээр түр ашиглуулж байгаа гэсэн үг. Тиймээс хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулах учиртай. Би БОАЖ-ын сайдаар ажиллаж буй эх хүн, эмэгтэй хүний хувьд эх орныхоо уул, усны ариун дагшин байдлыг хадгалж үлдэхэд бүх л сэтгэл зүрхээ зориулан ажиллана. Улс орны болон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг учир ямар нэгэн компанийнхан над руу дайрахаас айж, шантрахгүй. Бид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад эхнээс нь мэдэгдэл хүргүүлж, зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж, хугацаа өгсөн. Тухайлбал, МХЕГ-тай хамтран Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эхэнд ажиллаж буй компаниудыг шалгаж, үйл ажиллагааг нь хоёр сарын хугацаагаар зогсоож, зөрчлөө арилгах үүрэг өгсөн. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Гутайн даваа орчим хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу энд Би” компанийн ашиглалтын зөвшөөрлийг цуцалсан. Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдэгдсэн газрыг нөхөн сэргээгээгүй “Урд хутлаг уул” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Туулын бургасыг их хэмжээгээр хядсан “Зүүн баян рефайнери” компани байгалийн унаган төрхийг алдагдуулсан гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг нь цуцалсан.

-Сэлэнгэ аймгийн Хараа, Ерөө голд алт олборлолт хэрээс хэтэрч, усанд нь орсон иргэдийн арьсан дээр халдвар гарч байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ газарт юу болоод байгаа юм бэ?
-Миний шийдвэрээр манай яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газрынхан яг энэ асуудлаар ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн удахгүй ирээд дүгнэлтээ танилцуулах байх. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсны дөрөв нь зөвшөөрөлтэй, 15 нь бичиг баримтаа зохих ёсоор бүрдүүлээгүй, дутуу учраас Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, зөрчилтэй компаниудын үйл ажиллагааг зогсоосон.  Нөхөрлөл нэрийн дор иргэд Ерөө голын голдиролд зөвшөөрөлгүй алт олборлож байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлагыг Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгон дахь цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Харин одоо манай яамны Байгаль орчин, үнэлгээ аудитын хэлтэс мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар дээр нь ажиллаж байгаа.

-Элэг судлалын үндэсний төвийн газрыг яамнаас дээрэмдэж байна гэх мэдээлэл гараад удаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын үндэсний төв нь “Хүн ба байгаль” төслийг хэрэгжүүлэхээр 2001 онд Байгаль орчны яамтай гэрээ байгуулж, 2002 онд нэг га газар ашиглах эрх авсан байдаг. Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж газар ашиглах эрхээ таван жил тутам сунгуулах ёстой атал тэд найман жилийн дараа буюу 2010 онд л сунгуулах хүсэлтээ яаманд тавьсан юм билээ. Түүнээс өмнө буюу 2008, 2010 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан хүмүүс тушаал гаргаж, төвийн ойр орчмын газрыг тодорхой компаниудад ашиглах эрх олгожээ. Тэдгээр компанийнхан газраа ашиглах гэхээр Элэг судлалын үндэсний төвийнхөн хүлээн зөвшөөрдөггүй, шүүхийн шатанд маргалдсаар 2012 онтой золгосон байна. Тус төв орчимд газар ашиглах эрх авсан компаниуд асуудлаа, хүсэлтээ салбарын сайдад удаа дараа тавьж байжээ. Ингээд хажууханд нь орших “Энигма” компанитай тохиролцсоны үндсэн дээр Н.Батцэрэг сайд 2016 онд орц, гарц гаргах, давхцал арилгах тушаал гаргасан байдаг. Ингэснээр тухайн компаниуд Газрын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж, орц, гарцаа чөлөөлүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм билээ. Монгол Улсын рашаан, сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандартад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд найман га газар эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Элэг судлалын үндэсний төв анх 2002 онд нэг га газар ашиглах эрх авч, 2010 онд зөвшөөрлөө сунгуулах хүсэлт тавьсан. Энэ хугацаанд газрын төлбөр огт төлөөгүй. Тухайн үед тус төвийн ойр орчимд ямар ч рашаан байхгүй, нөгөөтэйгүүр, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ цаг тухайд нь сунгуулаагүй талаар мэдэгдэхэд БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн байдаг. Шүүхээс 2012 хэний ч эрх ашгийг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх үүргийг манай яаманд өгсөн байдаг. Харамсалтай нь, хэний ч эрх ашгийг хөндөхгүйгээр тус төвд найман га газар ашиглуулах боломжгүй гэдэг үндэслэлээр яам өнгөрсөн он хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Харин миний бие өнгөрсөн оны аравдугаар сард А/169 тоот тушаал гаргаж, тухайн төвийг газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ цаг тухайд нь сунгуулаагүй байсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлж, өмнө нь ашиглаж байсан нэг га дээр нь нэмж 3.8 га газар ашиглах эрх олгосон. Харамсалтай нь, тус төвийнхөн одоо болтол шаардлагатай материалаа бүрдүүлээгүй учир газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй юм билээ. Гэтэл одоо энэ бүхнийг эсрэгээр ярьж байгаа нь үнэхээр ойлгомжгүй, бас харамсалтай байна.

-“Энигма” компанийн гурван га газрын эрхийг цуцалж, автомашины цогцолбор барина гэж байсан. Тэр асуудал юу болсон бэ?
-Засгийн газраас Богд уулын аманд аялагчдад зориулсан цогцолбор байгуулах тогтоол гаргаж, газар чөлөөлөх үүргийг БОАЖ-ын сайд надад, санхүүжилтийг шийдэх үүргийг нийслэлийн Засаг дарга С.Батболдод өгсөн. Үүний дагуу цогцолбор барих боломжтой газруудыг судлуулж, иргэдээс санал авсны үндсэн дээр “Энигма” компанийн ашиглаж буй гурван га газрыг нийтийн эрх ашгийн өмнөөс цуцлах шийдвэр гаргасан. Гэтэл тус компанийнхан “Их сургууль барих газрыг дээрэмдэж, казино, зочид буудал байгуулах нь” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нийтлэл гаргаж байсныг хүмүүс санаж байгаа байх. Богдхан ууланд аялж, алхдаг хүмүүс, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж гаргасан шийдвэрүүд маань мөнгө, хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа учир намайг болон яамныхныг зохион байгуулалттай гүтгээд байх шиг байна. Төр, засгийн зүгээс нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө түрээслүүлж буй газрынхаа эрхийг хэзээ ч цуцалж, бүтээн байгуулалт хийх эрхтэй. Тэгээд ч бид “Энигма” компанийн ямар нэг объект бүхий газрын эрхийг цуцлаагүй. Олон жил хоосон байсан газарт ард иргэдийн шаардлагын дагуу, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн цогцолбор байгуулахаар болсон юм. “Энигма” компани МХЕГ-ын лацыг авч, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй атлаа газар шорооны ажил эхлүүлсэн байхтай бид өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж танилцсан юм. Үүнийг л мушгин гуйвуулж буй бололтой.

-Аялал жуулчлалын салбарт хийгдэж буй ажил юу байна?
-Хэрэгжүүлж буй ажил олон бий. Мянганы суут хүн эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах зураг төслийн уралдаан зарлахад архитекторын 12 баг оролцож, цогцолбор байгуулах ажлыг хамтран эхлүүлэхээр болсон. Монгол, Орос, Хятад гурван улсын Ерөнхийлөгчийн түвшинд ярилцаж тохирсон эдийн засгийн коридор байгуулах үйл ажиллагааны хүрээнд 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг бүс нутагт хөгжүүлэх “Цайны зам” төслийг эхлүүллээ. Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын II уулзалт энэ сарын эхээр Улаан-Үдэд болсон. III уулзалт ирэх жил манай улсад болно. Энэ мэтээр эхлүүлсэн ажлууд маань амжилттай хэрэгжиж байна. Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Мөн энэ салбарт мөрдөж буй стандартуудыг олон улсын түвшинд хүргэн, шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу аялал жуулчлалыг баруун, зүүн, хангай, төв, говийн хэмээн бүсчлэн хөгжүүлэхээр судалж байгаа.

ӨДРИЙН СОНИН

0 Сэтгэгдэл
Сайн уу Ноён Уилльямс та хувийн зээлийн зээлдүүлэгч бизнес зээл, хувийн зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэсэн зээл, баталгаат баталгаа, венчур капитал гэх мэтийг хайж байна уу эсвэл банкны эсвэл санхүүгийн байгууллагаас зээлээс татгалзах Нэг ба түүнээс дээш шалтгаанаар Та бол зээл авах зөв шийдэл юм! Бид 2% -ийн хямд, хямд хүүтэй компаниуд, хувь хүмүүст зээл санал болгодог. Тэгэхээр хэрэв та Хурдан, найдвартай зээлийг сонирхож байна. Доорх зээлийн өргөдлийн маягтыг бөглөж дараах хаягаар ирүүлнэ үү: collinswillamsloanfirm@gmail.com Нэр: ................ Улс: ................. Жендер: ................... Зээлийн хэмжээ ....... Өнөөдөр бидэнд захиа илгээн шаардлагатай хэмжээний зээлийн төлбөрийг авахын тулд collinswillamsloanfirm@gmail.com Баярлалаа.
Хамгийн их уншсан