Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын хүүхдийн спортын наадам монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдана

“Монгол туургатан” хүүхдийн спортын наадам 2009 оноос хойш ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО болон манай улсын хүүхэд залуусын дунд жил бүр зохион багуулагдаж буй. Харин энэ удаа манай улс VII  дахь удаагийн наадам буюу VII наадмыг энэ сарын 12-ноос эхлэн зохион байгуулах юм. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Бакытжанаас тодрууллаа.

-Энэ жил Олон улсын хүүхдийн спортын VII наадам  манай улсад 3 дахь удаагаа зохион байгуулагдана гэсэн. Наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- “Олон улсын хүүхдийн спортын наадам” буюу манайхан “Монгол туургатан” хүүхдийн спортын наадам гэж хэлж заншсан. Тус наадам энэ сарын 12-17-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Наадмын түүхээс товчхон ярьвал, уг спортын наадам 2009 онд тухайн үеийн Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг, Биеийн тамир спортын газрын дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын санаачлагаар зохион байгуулагдах болсон. Манай Улстай хил залгаа оршдог ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы биеийн тамир спортын хороодын удирдлагуудтай санал солилцож, харилцан тохиролцсоны үндсэн дээр “Монгол туургатан” нэрийн дор хүүхдийн спортын наадам анх 2009 онд зохион байгуулж байсан. Үүнээс хойш жил бүр гурван улсад ээлжлэн зохион байгуулагдаж байгаа. Харин Зуны олимпийн наадмын үеэр түр завсарладаг. Манай улсын хувьд гурав дах удаагаа зохион байгуулах гэж байна. Анхны наадамд спортын зургаан төрлөөр 300 гаруй тамирчид оролцож байсан бол энэ удаагийн VII наадамд спортын 11 төрөлд 1200 орчим тамирчин, багш, дасгалжуулагч оролцохоор төлөвлөгдсөн байна. Нээлтийн арга хэмжээ наймдугаар сарын 12-нд Д.Сүхбаатарын талбайд 17:00 цагаас эхлэх юм. Шууд дамжуулалтыг МҮОНРТ, хийнэ. Мөн тэмцээн болон хаалтын үйл ажиллагааг эрүүл мэндийн HTV хамтран шууд дамжуулна. Хаалтын үйл ажиллагаа олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 17-нд болно.

-1200 хүүхдээс хэд нь манай улсын хүүхэд, залуус байгаа вэ?

-Өмнөх наадмуудад зохион байгуулагч талаас нэг зай, жин төрөлд хоёр хүртэлх баг тамирчин оролцдог байсан. Энэ удаа давуу эрхээ ашиглан  өсвөрийн тамирчдыг олон улсын томоохон тэмцээнийг үзэж, оролцох боломжоор хангах үүднээс нэг зай жин төрөлд дөрөв хүртэлх баг тамирчдийг оролцуулахаар зохицуулсан. Мөн бусад орны баг тамирчдыг нэг зай жин төрөлд хоёр хүртэлх тамирчин оролцох боломжоор хангасан. Ингэснээр энэ удаагийн наадам урьд урьдаас илүү өрсөлдөөнтэй болох байх.

-Энэ жилийн хувьд наадам өмнөх жилүүдээс ямар онцлогтой вэ?

- Дээр хэлсэнчлэн энэ удаагийн наадам спортын 11 төрлөөр болно. Хэдхэн хоногийн өмнө  “Зүүн Азийн залуучуудын спортын наадам”-ыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авсан. Мөн 2020 онд Сахагийн буюу “Дети Ази”  хүүхдийн спортын наадмыг манай улсад зохион байгуулна. Эдгээр томоохон наадмыг зохион байгуулахад, мэргэжлийн байгууллага, оюутан залуус, иргэд спортын төрлийг ойлгодог, дэмждэг, аж ахуйн нэгж хувь хүмүүсийг илүү олон болгох, цаашлаад спортын наадамд  хандив туслалцаа үзүүлдэг нөхцөлийг бий болгохыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, энэ наадамд 150 гаруй сайн дурын ажилчид оролцож байгаа. Энэ нь хүүхэд залуус спортыг дэмжиж, ойлгож буйг харуулж байгаа юм. Цаашдаа спортод нийгмийн оролцоог нэмэгдүүлэх сайн талтай. Спортын холбоодод ч мөн материаллаг бааз, удирдлага зохион байгуулалтын хувьд боловсон хүчнээ мэргэшүүлэх, боловсруулахад туршлага болно. Өмнө нь зөвхөн тэмцээн, наадам гэдэг утгаар зохион байгуулагддаг байсан бол энэ жил хамтарсан бэлтгэлүүд хийгдэхээр байгаа.

Түүнчлэн багийн спортыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг байдаг. Тиймээс багийн спортын төрлүүдийг нилээн түлхүү оруулсан. Багийн спортын төрөл болох футзалны төрөлд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болно. Өмнө нь сагсан бөмбөгийн тэмцээн гурвын эсрэг гурав зөвхөн эрэгтэйчүүдийн дунд болдог байсан бол одоо таван хүний бүрэлдэхүүнтэй классик сагсан бөмбөгөөр охид, хөвгүүдийн дунд орж байгаа. Волейболын тэмцээн зөвхөн охидын дунд болдог байсан. Харин энэ удаа охид хөвгүүдийн дунд явагдана. Мөн шинээр спорт тоглоомын төрөлд талбайн теннис, халз тулааны төрөлд таэквондогийн төрөл орж ирж байгаа. Наадмын бас нэг онцлог  нь талбайн болон ширээний теннис, байт харваа зэрэг холимог төрлийн тэмцээнүүдийг олон улсын холимог багийн төрлөөр зохион байгуулна. Тухайлбал байт харваагаар чансааны нэгт байгаа Буриадын эрэгтэй тамирчин, чансааны нэгт байгаа Монголын эмэгтэй тамирчинтай холимог баг болон оролцох боломжтой. Ингэснээр тамирчдыг хооронд нь танилцуулж, нөхөрлүүлэх, харилцан туршлага солилцох боломжоор хангах юм. Түүнчлэн алтан медаль авсан тамирчин бүрийн дасгалжуулагчид алтан медалийг давхар гардуулна. Өмнөх жилүүдэд ганцаарчилсан спортын төрлийн дасгалжуулагчид шагнал урамшуулал олгогддоггүй зөвхөн тамирчдад өгдөг байсан юм.

-Тэмцээнийг хаана, ямар газруудад зохион байгуулах вэ?

-Тэмцээнийг үзэх сонирхолтой бүх хүмүүст энэхүү наадам маань нээлттэй. Ямар нэг тасалбар хураамж авахгүй. Монголын хөл бөмбөгийн холбооны футзалны ордонд футзалны тэмцээн болно.Үндэсний сурын зурхайд байт харвааны тэмцээн болно. Төв цэнгэлдэх хүрээлэнд хөнгөх атлетикийн тэмцээнүүд зохион байгуулагдана. Мөн Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын ордонд боксын тэмцээнүүд үргэлжилнэ. Спортын төв ордонд сагсан бөмбөгийн тэмцээнүүд, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зааланд  волейболын тэмцээн, “Аврагч” спортын хороонд  таэквондогийн тэмцээн үргэлжилнэ. МҮЭСТ ордонд ширээний теннисний тэмцээн явагдана. Харин Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт чөлөөт, жудо бөхийн тэмцээн болно. Хамгийн хол буюу Бага тэнгэрийн аман дахь Спорт цогцолборт талбайн теннисний тэмцээнүүд үргэлжлэх хуваарь гарсан байна.

-Ивээн тэтгэгчдийн хувьд ямар газрууд хамтарч байгаа вэ?

-Аливаа тэмцээн, арга хэмжээг зохион байгуулахад аж ахуйн нэгжүүдийн ивээн тэтгэлэг, дэмжлэг чухал байдаг. Энэ удаагийн наадмыг ч мөн үндэсний үйлдвэрлэгч болон гадны компаниуд ивээн тэтгэж байгаа. Тухайлбал, “АПУ” компани тамирчдыг ус ундаагаар хангаж байна. Мөн БНХАУ-ын “Grand China Sports” төрийн өмчит компанийн зүгээс нийт тамирчдын хувцас, Спорт хувцасны шинэ "DAWA" бренд  шаардлагатай хэрэгслийг нийлүүлж байна. Anu&T ХХК бүх хэвлэлийг хариуцаж байгаа бол Хэвлэл мэдээлэлийн спонсор байгууллагаар МҮОНРТ, Эрүүл мэндийн HTV, Монголын спортын нэгдсэн портал сайт SPORTLIFE.MN, Гэрэл зургийг "Студи 9" гэрэл зургийн студи, Blue Mon групп тамирчид дасгалжуулагчдын хоолыг хариуцаж байгаа бол Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор өмнөх наадмуудад хамтран оролцогчоор ажиллаж байсан. Энэ удаа ч мөн тамирчдыг хүлээн авч, цогцолбортоо байрлуулж байна. Өөр бусад талаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж буй байгууллагууд ч байгаа.

Эх сурвалж : Sportlife.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан