УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, хүүхдийн мөнгийг төсөвт суулгахыг шаардав
2017 оны 8 сарын 8

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2017.08.08/  ээлжит бусаар хуралдаж, хүүхдийн мөнгө, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай  болон бусад асуудлыг  хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Мурат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх шийдвэрийг Засгийн газар гаргалаа гэж мэдэгдэл хийж, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө хүүхэд бүрт  энэ  оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл хугацааны мөнгийг олгосон. Уг нь Хүүхдийн мөнгийг Засгийн газрын шийдвэр, мэдэгдлээр олгох боломжгүй. Хэрэв Засгийн газар хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн бол Монгол Улсын Их Хурлын 2016 оны 63 дугаар тогтоол, 2017 оны 29 дүгээр  тогтоолд тус тус өөрчлөлт оруулах төслөө өргөн мэдүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, , төсөвт суулгасны  дараа олгох хуультай. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг  Улсын Их Хурлыг ээлжит бусаар хуралдуулж, яаралтай хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэрийг шийдэхийг УИХ болоод, Засгийн газраас шаардахаар боллоо.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байгаа учраас  "8-9 дүгээр сарын хүүхдийн мөнгө тасрах хандлагатай байнаМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө. Нөхөн олгоно" гэсэн амлалт өгсөн. Энэ нь 2012 оноос хойш Ардчилсан намын явуулж буй бодлоготой нийцэж байгаа. Ийнхүү хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохын тулд төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай байна" гэлээ. Одоогийн байдлаар 600 мянга гаруй хүүхэд мөнгөө авч байгаа. Гэтэл Монгол Улс  сая гаруй хүүхэдтэй Тиймээс нийт хүүхдүүдэд мөнгийг олгохын тулд 240 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг төсвийн тодотгол хийх замаар хэрэгжүүлэх  учраас  Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг  шаардаж, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа" гэв.


Ж.Батзандан: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар  холбогдох сайд нартай уулзана

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд  өвөлжилтийн бэлтгэл  хэрхэн хангагдаж байгаа асуудлаар Засгийн газрын холбогдох сайд нартай асуулт асууж, хариулт авахаар болсон юм. Энэ талаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Энэ жил ихэнх нутгаар гандуу байгаа. Тиймээс өвлийн бэлтгэлийг эрт базаах нь зүйтэй. Тухайлбал, төв болон баруун аймагт өвс тэжээлийн хомсдол бий болсон. Дотоодын нөөц бололцооноос гадна гадны орнуудаас ч авах магадлал үүсээд байна. Тиймээс  холбогдох хүмүүсээс мэдээлэл авч өвөлжилт хүндрэх хандлагатай байгаа бол төсвийн тодотголын хүрээнд өвлийн бэлтгэлтэй холбоотой асуудлуудыг давхар шийдэх хэрэгтэй байна" гэлээ.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Өвлийн бэлтгэл ажил маш яаралтай орох шаардлагатай байна. Хэдхэн хоногийн дараа сургууль, цэцэрлэг цуглах гэж байна. Гэтэл төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийг засварлах олон ажил хүлээгдсээр байна. Тиймээс бид энэ Засгийн газрыг нойрноосоо сэрээч, ажлаа хийгээч гэж уриалж байна.

Үндсэн хуулийг бүх ард түмнээсээ асууж байж өөрчлөх ёстой гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бодлогын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн тодорхойгүй зүйл байна хэмээн үзсэн тухай  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэллээ. Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дотор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нийлэхгүй хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал, Төрийн хяналтын хороог байгуулах тухай. Хуучин социализмын ардын хянан шалгах хороо гэж байсан. Тэр хороо нь ард түмнийг дарамталж айлгадаг байсан. Гэтэл ийм хороог байгуулах тухай асуудлыг бид дэмжихгүй байгаа. Энэ хороог ямар зорилгоор байгуулах гэж байгаагаа маш тодорхой болгох ёстой" гэдгийг санууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулга явуулж, бүх ард түмнээсээ асууж, Үндсэн хуулиа өөрчлөх ёстой болохоос Зөвлөлдөх уулзалт нэрийн дор аймгуудаар явж хэдэн аймгийн дарга нарыг суулгаад л Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчилж болохгүй хэмээлээ.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.