Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Энхбат: Бичил уурхай нэрийн дор голын голдрил өөрчлөн, байгалиа сүйтгэн алт олборлож байна

БОАЖЯ, МХЕГ болон бусад байгууллагын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаад иржээ.  Ажлын хэсгийг ахалсан тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбаттай ярилцлаа.


-Та ажлын хэсгийг ахалж ажиллаад иржээ. Хувь хүний хувьд байгаль орчны байдал ямар байна гэж дүгнэв? 
-Засгийн газрын долоо­дугаар сарын 18-ны хуралдаа­наас өгсөн үүрэг, даалгаврын дагуу  гол горхи бохирдуулж ашигт малтмал олборлож байгааг шалгах, шаардлагатай бол хууль хяналтын байгуул­лагад шилжүүлэх  үүрэг, чиглэл өгсний дагуу нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын голд  ажиллаад ирлээ.

Ажлын хэсэг хоёр ху­ваагдан ажилласан бөгөөд Мэргэжлийн хяналт, Цаг­даагийн ерөнхий газар, Ашигт малтмалын газар манай яам хамтран өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэй шалгалт явуулсан.
Нэгдсэн мэдээллийг удах­гүй гаргана. Ер нь явсан газруудад байгаль орчин маш их эвдэрч сүйджээ. Аюултай, үнэхээр нүд халтирмаар зүйл харлаа. Ашигт малтмал олборлохын төлөө байгалиа сүйтгэж байгааг зогсоохын тулд тал талаасаа хамтарч ажиллах ёстой. Ийм байдлыг  газар авахуулж  болохгүй. Бичил уурхайг цэгцлэх ёстой юм байна. Уг нь Засгийн газ­раас бичил уурхай эрхлэх журмын талаар 151 дүгээр тогтоол баталсан юм. Гэвч орон нутагт үүнийг буруу тайлбарлаж, дураараа үйл ажиллагаа явуулж байна.

-Шалгалтын явцад ямар нийтлэг зөрчил илэр­­­сэн бэ?  
-Ер нь Сэлэнгэ, Хүдэр, Ерөө голын сав, Бугант, Ялбаг гэх газарт бичил уурхай замбараагүй байна. Бичил уурхай нэрийн дор хувиараа ашигт малтмал олборлогч буюу бидний ярьдгаар нинжа нар голын голдрил өөрчлөн ашигт малтмал олборлож байна. 151 дүгээр тогтоолын хэрэг­жилт туйлын хангалтгүй. Бичил уурхай  маш замба­раагүй  байна. Орон нут­гийн засаг, захиргаа хэрэг­жилтийг хангахын тулд санаачлага гаргаж ажиллах хэрэгтэй байна. Хүдэр, Ерөө сумын удирдлагуудад бид тусгайлан анхааруулга өгсөн. Харин компаниуд нөөцөө тогтоогоогүй, урт нэртэй хуулийн тодотгол хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын одоо хү­чин төгөлдөр мөрдөж бай­гаа олон хуулийг зөрч­жээ.  Сэлэнгийн Ерөө су­манд Бугантын голд үйл ажиллагаа явуулдаг “Рич мөнх” гэдэг компани бай­галь орчинд ихээхэн хэмжээний хор хохирол уч­руулсан байна. Гол гор­хиноос 50 метрийн дотор үйл ажиллагаа явуулж байна.  Урт нэртэй хуулийн зохицуулалтын дагуу гол горхиноос 50 метрийн дотор үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг 200 метр болгосон. Энэ дагуу талбайгаасаа хасалт хийлгээгүй. Бай­галь орчныг хамгаалах тө­лөвлөгөө батлуулаагүй гээд олон зөрчлийг илрүүлж үйл ажиллагааг нь зогсоосон.

-Орон нутгийн Засаг дарга нар дураараа зөв­­­­шөө­рөл өгч байна гэ­сэн. Тухайлбал ямар зөв­шөө­рөл өгсөн байна вэ? 
-Засгийн газраас бичил уурхай эрхлэх журам ба­талс­ны дагуу орон нутгийн нөхөрлөлүүдийг “Удахгүй зөвшөөрөл чинь гарна. Та нар үйл ажиллагаагаа эхлүүлж бай” гэх маягаар хандсан. Тэд орон нутагтаа бичил уурхай эрхлэх үйл ажиллагааг бүрэн хариуцах ёстой. Гэтэл ямар ч  гэрээ хийгээгүй мөртлөө үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ер нь Хүдэр, Ерөө голын сав газарт зөвхөн нөхөн сэргээлт хийхээс ямарч олборлолт хийх боломжгүй гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр сумын нутагт хориотой гэж ойлгож болно.

-Зөрчил гаргасан ком­пани, хувь хүмүүст ямар арга хэмжээ авах вэ? 
-Зарим аж ахуйн нэг­жийн тусгай зөвшөөрлийг  цуцлах хүсэлтийг ажлын хэсгээс гаргаж тавина. Ту­хайлбал, эвдэрсэн газ­рын нөхөн сэргээхээр зөв­шөөрөл авсан компани маань нөхөн сэргээлт хийх биш хууль бусаар алт угаагаад байж байна. Мөн ТЭЗҮ батлуулаагүй, ямар ч зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдийг өөрийн талбай дээр гэрээ байгуу­лаад оруулсан байх юм. Ийм зөрчил гаргасан ком­паниудын лицензийг цуцал­на.  Шалгалт ирэх гэж бай­гааг урьдчилан мэдээд тоног төхөөрөмжөө ойд нуух зэргээр үйл ажиллагаагаа далдлахыг оролдсон. Бид тоног төхөөрөмжийг мод­ноос гаргаж лацдаж, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн сумдын Засаг нарт тусгайлан үүрэг өгнө.

-Эдгээр компаниуд хэ­дэн жил үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Өмнө нь яагаад шалгалт хийж дээрх зөрчлийг арил­гуулаагүй юм бэ? 
-Шалгалтыг удаа да­раа хийж байсан. 2009 оноос  өмнө зөвшөөрөл ав­сан байдаг. Гэхдээ урт нэртэй хуулиас болоод үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Саяхан урт нэртэй хуульд зохицуулалт хийсэн. Шинэ зохицуулалтын да­гуу талбайдаа тодотгол хийл­гэж, лицензээ авах ёстой. Түүнийгээ аваагүй хуучнаараа  явж байгаа.

-Орон нутгийн байцаагч нар яагаад зөрчлийг арил­гуулах арга хэмжээ авдаггүй юм бэ. Тэдний эрх хязгаарлагдмал байна уу. Хотоос дуулиан болж шалгалт хийх нь үр дүнтэй байдаг уу? 
-Байгаль орчны байцаагч нар хяналтаа тавиад явах систем бүрдсэн. Байгаль орчны байцаагч нар нөх­цөл байдалд тохирсон арга хэмжээ аваад байх бо­ломжтой. Нөхөрлөл нэртэй боловч гаднаас  тоног төхөө­рөмж, эксковатор оруулаад байгааг хянах зорилгоор сумын удирдлага нь гурван пост ажиллуулсан гэж байсан. Гэвч уул уурхайн том тоног төхөөрөмж нэв­тэрч ороод байна. Зарим нь дээрээс нь ярьдаг гэсэн мэдээ ч байгаа. Тиймээс машин, тоног төхөөрөмжийг хэрхэн оруулсныг шалгаж арга хэмжээ авна.

-Голын усанд орсон хүүхдийн биеэр хордлого  гарсан гэж байсан. Энэ талаар ямар дүгнэлт гар­гасан бэ? 
-Ажлын хэсэг гарахаас өмнө хүүхдийн биеэр юм гарсан талаарх мэдээлэл гарсан. Тиймээс үүний үнэн  бодит байдлыг тогтоох үүрэг даалгавар авсан. Тиймээс Бугантын эмч нараас тод­руулсан. Эмч нар “Тийм зүйл болоогүй” гэдгийг албан ёсоор хэлсэн. Тэнд хүний эрүүл мэндэд хохирол учруулахаар бохирдол алга. Хууль зөрчиж голын голдрил өөрчилсөн, хууль зөрчсөн зөрчил байгааг тогтоосон.

-Байгаль орчныг нөхөн сэргээх боломжтой гэж үзэж байна уу?
-Нөхөн сэргээж болно. Зарим гол горхийг нэлээд их хөрөнгө хүч зардал гаргаж нөхөн сэргээх байх. Ер нь нэмж эвдэхгүй байх ёстой. Бичил уурхайн аюул нь нөхөн сэргээлт хийхгүй зөвхөн ухаж ашиг олох гээд байна. Бид ашгаа олж байгаад дараа нь нөхөн сэргээнэ гэдэг. Яаралтай нөхөн сэргээлтийг ойрын жилүүдэд үе шаттай хийх хэрэгтэй. Багахан урс­галтай гол ширгэсэн, Бу­ган­тын Жаргалант гол та­сар­сан, голдрилыг нь өөрчилсөн байгаа. Ер нь асар их хөнөөлтэйгөөр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна.  Зарим дээр эрүүгийн хэрэг үүсгэх ажил­лагаа явуулсан. Бай­галь орчны хохирлыг тоо­цож буруутай аж ахуйн нэгжүүдэд томоохон хариуц­лага тооцно.

-Тэнд багцаалбал хэ­дэн нинжа алт ухаж байна вэ? 
-Гэр орноо авч ирээд барьчихсан 10 гаруй нинжаг нүүлгэсэн.  20 орчим бичил уурхай эрхлэгч байна. Би­чил уурхай эрхлэгч гэдэг нь нөхөрлөлийн хэлбэрт орчихсон. Нөхөрлөл гэдэг нь орон нутгийн есөн хүний нэртэй. Гэвч техник тоног төхөөрөмж  нь Өвөрхангайн Уянга сумаас ирсэн байх жишээтэй. “Би нөхөрлөл байгуулаад талбай авчихсан. Та нар ирээд алт олборло” гэдэг дураараа зарчимтай. 20 гаруй хүнтэй уулзаж үйл ажиллагааг нь зогсоон хөөж гарган талбайг чөлөөлсөн. Тоног төхөөрөмжийг нь хураасан. Тэд “Ингэж л амьдарч, хүүхдийнхээ сур­галтын төлбөрийг олж бай­на” гэх зэргээр хэцүү асууд­лаа ярьж байсан. Гэвч Монгол Улсын иргэн хууль биелүүлж амьдрах ёстой. Үндсэн хуульд заасан бай­галь орчноо хамгаалах үүр­гээ биелүүлэх ёстой гэдгийг бид тайлбарласан.
-Шалгалт хийгээд яв­даг. Газар дээрээ нөхцөл байдал хэвээрээ хууль бус аргаар алт олборлохгүй гэж баталгаа байна уу?
-Компаниудын хувьд зөрчлөө арилгаад үйл ажил­ла­гаагаа явуулж болно. Ер нь шалгалт хийж байгаа нь зөрчил гаргасан хойно таслан зогсоохдоо биш ийм зөрчил гаргахгүй байхыг ухуулах зорилготой. Хуулийг зөв хэрэгжүүлэх, байгаль орчны тухай хуулиудыг зөрчихгүй байх талаар үйл ажиллагааг байнга явуулах шаардлагатай.

Эх сурвалж: “Монголын үнэн”

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан