Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Говьмастер ХХК” 12 өрх, 10 мянган малыг нутаггүй болгов

Хуулиас давсан эрх мэдэлтнүүд иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хэрхэн зөрчдөгийг "Говьмастер" ХХК харуулж байна. Тус компани нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хоёрдугаар баг "Цагаан өндөр"-т үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үүнээс болж, тус сумын хоёрдугаар багийн 12 айл өрх өвөлжих өвөлжөөгүй болж, хахир өвлийг хаана өнгөрөөхөө мэдэхгүй сууна.  Олон жил идээшиж дассан өвөлжөө гэдэг бол үндсэндээ малчдын өмчөөс ялгаагүй. Ийм байсаар байтал тус компани лиценз нэрээр малчдын өвөлжөө бууцанд дураар халдаж, алгын чинээ цагаан цаасаар бамбай хийж ил цагаан дээрэм явуулж байна
"Цагаан өндөр" гэх газар нь малын бэлчээрийн нөөц ихтэй хамгийн үржил шимтэй газар юм. Тус газарт 10000 гаруй толгой мал өвөлждөг. Иргэд ч оторлохоор очдог, хадлан тэжээл сайтай газар юм байна. Тиймээс нутгийн иргэд хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөнд шунасан хүмүүсийн гарт өгч, газар нутгаа сийчүүлэхгүй хэмээн эсэргүүцэж байгаа юм. Тиймээс өнөөдөр нутгийн хэсэг иргэд АМГ-ын үүдэнд эсэргүүцлийн бичиг барихаар болоод байгаа бол нутгийн иргэд нутагтаа суулт хийж байгаа юм байна.

"Говьмастер" ХХК нь 2014 онд жонш олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар Ашигт малтмалын Ерөнхий газарт /АМГ/ хандаж байжээ. АМГ-аас бичиг баримт дутуу хэмээн зөвшөөрөл өгөлгүй буцаасан байна. Гэтэл тус компанийнхан сумын ИТХ хандсан боловч ИТХ-аас  мөн зөвшөөрөл олгохгүй гэсэн хариу өгч байжээ.

Ингээд зөвшөөрөл авч чадаагүй "Говьмастер" ХХК сураггүй алга болж, 2016 онд гэнэт А лицензээ авсан хэмээн жонш олборлох үйл ажиллагаа эхлүүлсэн байна.  Ингэхдээ нийт 570.77 га газрыг эзэмшиж эхэлжээ.

Үйл ажиллагаагаа эхлэхдээ тэд нутгийн иргэд битгий хэл орон одоогийн нутгийн удирдлагуудтай ч уулзалгүй шууд дур мэдэн  бэлчээрийн нутгийг ухаж сэндийчиж эхэлсэн байна. Тиймээс жонш олборлох үйл ажиллагааг нь хууль бус хэмээн нутгийн иргэд үзэж байгаа юм.

Энэ талаар БОАЖЯ-ны уул уурхай хариуцсан мэргэжилтэн Саран, МХЕГ-ын уул уурхай хариуцсан дарга Батбаяр гэдэг хоёр хүнээс тодрууллаа.  

А лиценз буюу ашиглалтын лицензийг тухайн компани авахын тулд байгаль орчны үнэлгээ хийлгэж, багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж иргэд зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зуран, хурлын тогтоолоо баталж, сумын холбогдох албан тушаалтнууд зөвшөөрч, Аймаг сумын ИТХ-аар баталсаны дараа  АМГТГ-аас тухайн компанид А лицензийг олгодог юм байна.

А лицензийг цуцлах хоёр тохиолдол байдаг. Үүнд:

    Уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог.
    Сум орон нутгийн удирдлагууд болон ард иргэд хуулийн дагуу зохих бичиг баримтыг бүрдүүлж, хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, шүүхээр ороод ялсан тохиолдолд цуцална. Гэхдээ тухайн компанийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийг барагдуулж А лицензийг цуцалж болдог юм байна.

Хууль журам нь ийм байсаар байтал тус компани  орон нутгийн иргэд болон төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр  шууд аймаг орон нутгийн шат дамжлагыг алгасах байдлаар АМГ-аас зөвшөөрөл авчихсан явж байгаа аж.

Нөгөө талаасаа ийн бичиг баримтын бүрдэл дутуу эсвэл хууль бусаар бичиг баримт бүрдүүлсэн компанид шууд ашиглалтын лиценз олгосон нь АМГ-ын удирдлагууд асуудалд  хайнга хандаж, хууль журмаа өөрсдөө баримтлаагүй гэдэг нь харагдаж байна.

Энэ асуудлаар тус сумын засаг дарга, нутгийн зөвлөл УИХ-ын гишүүн Ч.Улаантай уулзах юм байна. Асуудал үүний дараа цаашаа хэрхэн өрнөх нь тодорхой болох байх. Гэхдээ хамгийн гол нь сумын Иргэдийн хурлаар зөвшөөрөгдөөгүй болохоор хүчингүй тус лиценз хүчингүй болох нь браг тодорхой биз ээ.

Хууль бус гэдэг талаасаа бол хангалттай баримт байгаа юм.

Баримт 1

Тус компани нь жонш олборлох шаардлага хангаагүй, материалаа ч холбогдох газарт нь хүргүүлээгүй байна.

Баримт 2

Үйл ажиллагаа явуулах нь эрхээ хэзээ авч, хэзээ цуцлуулсанг нь доорх хүснэгтээс харж болно. 

 

Ийнхүү эрх нь цуцлагдсан компани үржил шимтэй хөрс бүхий малын бэлчээрийн газрыг сийчин сэндийчих гэж байна. Үе улиран нутаглаж ирсэн малчдын бэлчээрийг ийнгэж ил цагаанаар дээрэмдэж байна.

Байдал ийм байсаар байхад  зөвшөөрөл олгодог гэх АМГ-ынхан, АМГ-ын дарга нар ч өнөөдрийг хүртэл нүдэн балай, чихэн дүлий мэт сууна. Тиймээс нутгийн иргэдийн төлөөлөл яг одоо АМГ-ын үүдэнд цуглаад байгаа юм.

Иймд энэхүү асуудлыг анхааралдаа авч, газар нутаг, үе улиран нутаглаж ирсэн нутгийн иргэдийн эрх ашгийн  төлөө зөв шудрагаар  шийдэж өгөхийг АМГ-аас дарга Б.Баатарцогт танаас  хүсч байгаа юм.

Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан