Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ЫН АЗИЙН САНГИЙНХАНТАЙ УУЛЗАВ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хуулийн бодлогын зөвлөх Ж.Баярцэцэг нар АНУ-ын Азийн сангийн Засаглал, хууль, иргэний нийгмийн хөтөлбөрийн ахлах захирал Виллиям С.Коүл, хөтөлбөрийн ажилтан Марк Р.Коениг, Монгол дахь хөтөлбөрийн захирал Мелони Линдберг зэрэг хүмүүстэй уулзав.
Тус сангаас цаашид манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулсан байна. Хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бодлого, үйл ажиллагааг дэмжин, шүүх эрх мэдлийн шинэчлэл, авлигатай тэмцэх, иргэдийн оролцоог хангах, орон нутгийн засаглал асуудлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар ярилцжээ.
АНУ-ын Азийн сан нь орон нутгийн засаглалыг, ялангуяа Улаанбаатар хотын засаглал, ил тод байдлыг дэмжих чиглэлээр ажиллах гэнэ. Ирэх хоёр жилд АНУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туслалцаатайгаар засаглалыг бэхжүүлэх “STAGE” хөтөлбөр хэрэгжүүлж, түүний хүрээнд авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох, Ерөнхий прокурорын газартай хамтран авлигын гэмт хэргийг шийдвэрлэх чадавхийг бэхжүүлэх, шүүхийн байгууллагатай хамтрах зэргээр ажиллана. Мөн тус хөтөлбөрийн хүрээнд захиргааны шинэчлэлийг дэмжих аж.
АНУ-ын Азийн сан нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн туслалцаатайгаар орон нутгийн иргэдийн оролцоог болон орон нутаг дахь “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг дэмжих 2,5 жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сан Монгол улсад ардчилал, шударга ёс, хүний эрхийг бэхжүүлэх талаар 1990 оноос эхлэн тусалж, олон чухал хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж, цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах гэж байгаад талархан, Тамгын газрын зүгээс дээрх төслүүдэд бүх талын дэмжлэг, туслалцлаа үзүүлэхээ илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан