Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Отгонтэнгэрийн УТХГ, АНУ-ын Денали үндэсний парк хооронд “Эгч дүүс парк” байгууллаа

АНУ-ын Денали үндэсний парк,  Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хооронд “Эгч дүүс парк” байгуулах ёслол  Отгонтэнгэр хайрханы бэлд боллоо. Энэ үеэр Деналийн үндэсний парк, Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр нар “Эгч дүүс парк”-ийн тохиролцоог хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн Монгол Улс болон АНУ хоёр орны байгаль орчин тогтвортой хөгжил, ТХГН-ийн менежментэд цаашид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцсон бөгөөд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан МЭТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошыг энэхүү ажилд гаргасан хүчин чармайлтыг нь үнэлж аймгийнхаа “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна.

Үүний өмнө БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галттай Денали үндэсний парк, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хооронд “Эгч дүүс парк” байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол орны нутаг дэвсгэрийн 18 хувь нь тусгай хамгаалалтад байдаг бөгөөд цаашид 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна. Үүний тулд тусгай хамгаалалттай газрын захиргаадыг чадавхжуулах ажлыг олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран хийнэ” гээд, дэлхийд жишиг болсон Денали үндэсний паркийг хөгжүүлсэн туршлагаас судалж, Монголын тусгай хамгаалалтай газруудад нутагшуулах  сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Отгонтэнгэрийн УТХГ, АНУ-ын Денали үндэсний парк хооронд “Эгч дүүс парк” байгуулснаар  олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын ашиг сонирхол, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын мэргэжлийн туршлагыг олон улсын хамтын ажиллагаагаар сайжруулах боломж бүрдэж байна. Мөн үеэр “Rally for Rangers” сангаас хөрөнгө босгох ажлыг зохион байгуулж авсан “YAMAHA” маркийн бартаат замын 10 мотоциклыг АНУ, Австрали, Канад Улсын иргэд Улаанбаатараас Отгонтэнгэр хайрханы өвөр хүртэл 1600 км замыг туулж  тус дархан цаазат газрын 10 байгаль хамгаалагчдад хүлээлгэн өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан