Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрс, зэсийн үйлдвэрлэл хэрэглээгээ даваад байна

Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохиогдож буй юм. Урд нь энэ чуулганд  оролцогчид ёстой л гишгэх газаргүй шахам цуглардаг байв. Гэтэл энэ жилийнх цөөн оролцогчтой, шинэ хөрөнгө оруулагчгүй цомхон болж байна. Үүнд дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ ханшийн уналт нөлөөлсөн нь дамжиггүй. Нөгөө талаар нүүрсний салбарын “Coal mongolia” чуулган бас давхцсантай ч холбоотой юм. Энэ чуулганд Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес илтгэл тавьж, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Энэ оны эхний хагас жилд Оюу толгой нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан. Үүний 40 гаруй сая ам.доллар нь  Өмнөговь аймагт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд ногдож байна.  Оюу толгойн нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд бий. Уг уурхайг  ашиглалтад оруулахын тулд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Гүний уурхайн олборлолт 2020 оноос эхлэх учиртай. Ингээд 2025-2030 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Оюу толгой ордыг 75-100 жилийн хугацаанд ашиглана” хэмээн хэллээ.  Мөн “Эрдэнэ ресурс” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акрели Баян хөндий, Алтан нар алтны ордын талаар мэдээлэл хийсэн юм. Тус компани Монгол Улсад 20 жил үйл ажиллагаа явуулж байна. Баян хөндийн алтны ордыг илэрүүлэхийн тулд 50 сая ам.доллар зарцуулж 100 км-тэй дүйцэх өрөмдлөг хийжээ. Одоогоор уг ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж буй бөгөөд ирэх жилээс үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хийж эхлэх аж. Энэ ордыг ашигласнаар Монголын алт олборлолт чамгүй нэмэгдэх тооцоо гарсан гэнэ.

Монгол Улсын эрдэс баялгыг “Эрдэнэс Монгол” компани атгадаг. Тус компани энэ оны эхний хагас жилд 298 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Манай улсын ашигт малтмалын экспортын гол худалдан авагч нь Хятад. Кокмжих нүүрс экспортын гол бүтээгдэхүүний нэг. Энэ оны эхний хагас жилд Хятадын коксжих нүүрсний хэрэглээ 1.1 сая тонноор нэмэгдсэн байна. Энэ нь нүүрсний үнийг өсгөх шалтгаан болов. Тухайлбал, өнгөрсөн сарын байдлаар нэг тонн нь 155-157 ам.долларын үнэд хүрчээ. Үүнээс гадна Европын зах зээлд нэг тонн коксжих нүүрс 160 ам.доллар болсон аж. Судлаачдын үзэж буйгаар үнийн энэ өсөлт хадгалгадах төлөвтэй гэнэ. Учир нь дэлхийн зах зээлд гангийн эрэлт өсч буй юм. Мөн гангийн үнэ ч өсч Хятадын зах зээлд нэг тонн нь 597 ам.долларт хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үнэ боллоо. Гэтэл Хятадын Засгийн газар 28 хотод агаарын бохирдолтой холбоотойгоор ган, хөнгөн цагааны үйлдвэрлэлийг хязгаарлах тогтоол гаргажээ. Одоогоор уг тогтоол Таншань, Хэбэй мужид хэрэгжиж эхэлсэн байна. Ийм учраас гангийн үйлдвэрлэл хэрэгцээгээ хангаж чадахгүй байж магад гэсэн болгоомжлол давамгайлж үнэ өсөхөд хүрэв. Харин үйлдвэрүүд тогтоол хэрэгжихээс өмнө үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн тул гангийн хэмжээ эрэлтээ 73 сая тонноор давсан мэдээлэл түгжээ.

Гангийн үнэ өссөн тул манай улсын коксжих нүүрсний экспорт чамлахааргүй нэмэгдсэн аж. Тухайлбал нүүрсний экспорт энэ оны эхний хагас жилд дөрөв дахин өссөн дүн бий. Ингээд орлогын хэмжээ 1.28 тэрбум ам.долларт хүрсэн тооцоо гарав.

Манай улсын гадаад валют олох гол эх үүсвэрийн нэг зэс юм. Зэсийн үнэ тогтворгүй хэвээр. Урд нь 4000 ам.доллар хүртэл буурсан зэсийн үнэ энэ оны эхний хагас жилд 6300 ам.доллар болж өсчээ. Үүний гол шалтгаан нь Чилийн Эскиндидо, Индонезийн Грасбэрг уурхайн ажилчид ажил хаясанд оршино. Шинжээчид нэг тонн зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрч байсан үе ойрын хэдэн жилдээ эргэж тохиохгүй хэмээн үзэж байна. Гэвч Ази тивд эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн. Энэ нь зэсийн хэрэглээг 1-3 дахин өсгөх аж. Гэхдээ зэсийн зах зээлд дэлхийн хэрэглээнээс илүү 165 мянган зэс  байна. Иймд уг ашигт малтмалын үнэ төдийлөн өсөхгүй гэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан