Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Наранжаргал:Торгууль сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дардаг

-Зөрчлийг тодорхойлох нь цагдаагийн үзэмжээр шийддэг асуудал болчихоод байна-
Глоб Интернэшл төвийн тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.
-Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч. Гэвч энэ хуулийн зарим заалт сэтгүүлчдэд халгаатай, ирэх дарамтыг нэгээр нэмчихлээ. Үүнийг нь цагдаагийн газар овоороод байгаа гомдлоос харж болохоор. Таны хувьд энэ хуулийн талаар ямар бодолтой явна вэ?

-Юуны өмнө бид Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд яг юу болж байна вэ гэдэг дээр судалгаа хийх хэрэгтэй байна. Сэтгүүлчид буруу үйлдэл илчилснийхээ, хүний эрхийн талаар дуугарсныхаа төлөөсөнд эрсдэлд өртдөг нь үнэн. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд өндөр торгууль ногдуулж буй нь үзэл бодлоо илэрхийлэх чөлөөнд нь хор хохирол учруулж байна. Эрүүгийн хуулиасаа хорих ял, гүтгэх, доромжлох гэдэг зүйл заалтыг аваад Зөрчлийн тухай хуулиараа шийддэг болсон нь нэг талаараа эерэг алхам. Мэдээж хэн ч хэнийг ч гүтгэж, доромжилж болохгүй.

Уг нь, Иргэний хуульд хүний нэр төр, алдар хүндэд халдсан бол гэдэг заалт бий. Гэтэл та нар ажигласан бол энэ заалт Зөрчлийн тухай хуульд ганцаараа сондгойроод ороод ирсэн. Уг нь, Зөрчлийн хууль чинь бусад хуулийн хүрээнд юуг нь гэмт хэрэг гэж үзэх вэ, алийг нь зөрчил гэж үзэх вэ гэдгийг л тодорхойлох ёстой шүү дээ. Хулгайн хэргийг гэхэд л хэдэн төгрөгөөс дээшхийг нь гэмт хэрэг гэж үзэх юм, хэдээс доошхыг нь зөрчил гэж үзэх юм, үүнийг нь захиргааны аргаар уу эсвэл цагдаа торгууль тавиад шийдэх юм уу гэдэг л асуудал. Гэтэл сондгойроод гараад ирснээс гадна өөр ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй байгаад бид санаа зовниж байна.

-Хүний нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн бол хоёр сая төгрөг, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох гэсэн заалт тус хуульд бий. Энэ тухайд?

-Олон улсын байгууллагууд, НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүд торгууль хэтэрхий өндөр байна гэж санаа бодлоо илэрхийлсэн. Торгууль өндөр байх нь тухайн сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь нугачин дарах хэрэгсэл болдог. 2, 20 сая төгрөгийг сэтгүүлч хүн төлнө гэдэг нь өөрөө асар том эдийн засгийн дарамт. Өнөөдөр сэтгүүлчдийн цалин хэд билээ. Торгуулийн мөнгийг тухайн сэтгүүлч цалингаасаа хэдэн жилийн хугацаанд, яаж төлөх болж байна вэ. Тухайн сэтгүүлч цаашид мэргэжлээрээ ажиллаж чадах уу, үгүй юу гэдэг нь бас л асуудал.

Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдсан. Энэ хуулиар тухайн редакц өөрөө хариуцлагаа хүлээдэг. Ямар ч сэтгүүлч өөрийн дураар, ямар нэгэн хяналтгүйгээр бэлтгэсэн мэдээллээ дур мэдэн оруулдаггүй шүү дээ. Ямар ч мэдээллийг редакцын зүгээс хянаж гаргадаг учраас хариуцлагаа редакц нь үүрдэг хэрэг. Харин энэ Зөрчлийн тухай хуульд хувь хүнийг хуулийн этгээдийг торгох гэж буй учир сэтгүүлч, редакц хоёрыг хоёуланг нь торгох болзошгүй нөхцөл байдал бий болчихоод байна. Нэг үгээр хэлбэл, давхар шийтгэл ногдуулж болзошгүй. Тэгэхээр энэ заалт Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль буюу хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан гол хуультай харшлаад байгаа биз. Нэгдүгээрт редакц хариуцлагаа үүрнэ гэдэг зарчмыг зөрчиж буй.  Хоёрдугаарт, цензур тавьдаг байгууллага байгуулахгүй гээд заачихсан байгаа нь зүйд нийцэхгүй байгаа юм.

-Хамгийн гол нь тухайн мэдээллийг цагдаа үнэн, худал эсэхийг хэрхэн тогтоох бол гэдэг эргэлзээ  хүмүүст бий?

-Үнэндээ тухайн зөрчлийг тодорхойлох нь цагдаагийн үзэмжээр шийддэг асуудал болчихоод байна. Эрх бүхий албан тушаагч нь хорооны ажилтан ч байж болохоор байгаа. Тэгээд гүтгэлэг үү, доромжлол уу гэдгийг цагдаа тодорхойлно. Гүтгэлэг гэдэг чинь юу юм бэ гэхээр худлаа мэдээлэл байхгүй юу. Хүний хийгээгүйг хийсэн, хэлээгүй зүйлийг нь хэлсэн болгохыг л хэлээд байгаа юм. Хамгийн гол нь тэр мэдээлэл нь үнэн байвал яах вэ. Цагдаа үнэн үү, худлаа юу гэдгийг яаж тогтоох юм. Уг нь, тогтоохын тулд мөрдөн байцаалт явуулж,   мөн өөрсдийн шугамаар шалгах ёстой л доо. Тэгж байж тогтооно. Гэтэл цагдаагийн үзэмж л энэ бүх асуудлыг шийдэх гээд байна.

-Үнэндээ сэтгүүлчид “Ажлаа мэдэхгүй дарга” гэж бичсэнийхээ төлөө доромжилсон гэх заалтаар торгуульж ч мэдэхээр байна.

.-Доромж үг бол бий. Хэлгүй Каролла, шизотой гээд л. Өөрөөрөө жишээ авъя л даа. “Энэ Наранжаргалын англи хэл мэддэг гэж юу байдаг юм” гээд нэг хүн хэллээ гэж бодъё. Гэтэл би Зөрчлийн тухай хуулиар шалгуулаад торгууль нэхэж болж байгаа байхгүй юу. Яагаад гэхээр намайг англиар ярьдаг байхад л ингэж хэлсэн болохоор гүтгэлэг гэж хэлнэ. Мөн намайг доромжилсон гэж үзэж болно. Ярьдаг байхад ярьж чаддаггүй гэлээ гээд. Тэгэхээр энэ доромжлолын асуудал чинь өөрөө тогтооход их хэцүү зүйл. Манай улсад үзэн ядалтаас үүдэлтэй үг хэллэгийг хориглосон хууль байхгүй. Агуулгыг нь хориглосон хууль л бий. Тэгэхээр энэ хуулиар үнэнийг л тогтоох хэрэгтэй. Угаасаа НҮБ-ын зөвлөөд байгаа гол зүйл нь гүтгэлэг гэдэг чинь худлаа мэдээлэл юм биш үү, үнэн гэдэг бол шүүхэд очихоороо хамгаалалт болно гээд байгаа юм. Тэгэхээр энэ үнэн гэдгийг хэн тогтоох юм бэ гэдэг дээр л хамгийн гол асуудал нь яваад байна.

-Өнгөрсөн сонгуулиудаар сэтгүүлчид хамгийн их дарамтанд өртсөн болов уу. Ер нь танай байгууллагад энэ талын судалгаа бий юу. Эрх нь зөрчигдсөн сэтгүүлчид танайд хэр их хандаж байна вэ?

-Сонгуулийн үеэр сэтгүүлчдэд ямар дарамт, шахалт ирж байсан бэ гэдэг дээр бид судалгаа хийж байна. Гэхдээ сүүлийн үед миний эрх зөрчигдлөө гэж манайд ханддаг сэтгүүлчдийн тоо буурсан. Мэдээллээ нийтэлснийх нь дараа ирэх дарамт нь ихэсдэг болохоор тэр байх л даа. Бидний хувьд хэвлэлийн бага хурал зарлаад ингэж, тэгж гээд олон нийтэд мэдээллээд байхгүй. Тэгэхээр бидэнд үүнтэй холбоотой тоо баримт, бүрэн дүр зураг нь л хэрэгтэй байна. Тиймээс дарамт, шахалтад ороод байгаа сэтгүүлчид бидэнд хандаж байгаасай гэж хүсэх байна. Мөн 11 дүгээр сарын 20-нд НҮБ-ын чухал өдөр болно. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг үйлдэж байгаа гэмт үйлдлийг таслан зогсоох, зогсоохгүй байгааг эсэргүүцэх олон улсын өдөр болно. Үүний өмнөхөн бид Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран тодорхой хэмжээнд санамж бичигт гарын үсэг зурна. Дээрээс нь хууль сахиулах байгууллагынханд энэ чиглэлээр сургалт зохион байгуулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан