Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хоёргүй сайхан сэтгэлтэй” 65-ыг харж л байя


 МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, их эв найртайгаар зовлон жаргалаа ярилцаж, энэ сарын 25-нд Бага хурлаа товлож, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулахаар болжээ. Энэ тухай МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх хэвлэлийнхэнд ярьсан юм. Тэрээр манай намын УИХ-ын 65 гишүүн хагарч хуваагдсан мэтээр ярьж байна. Тэгвэл тийм хуваагдал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье хэмээн батлан, бид ардчилалтай нам. Цаашид манай 65 гишүүн хоёргүй сэтгэлээр улс эх орныхоо төлөө зүтгэнэ хэмээн бараг л ам тангараг өгөв. Гэвч ингэж хэллээ гээд МАН доторх хагарсан тогоо эвлэж нийлэхгүй.



Ямар ч байсан түүний хэлснээр Ерөнхий сайд тодорвол МАН-ын дараагийн дарга тодрох юм байна. Тэр МАН-ынхаа дүрмийг чанд баримтлан намын дарга Ерөнхий сайд болно гэж цагаан дээр хараар бичсэнийг дагана гэв. Өмнө нь галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр АН-ын дарга УИХ-ын дарга болсон юм чинь манай намын дарга УИХ-ын дарга болно гэсэн нь алдаа байсныг УИХ-ын эрхэм гишүүд нь хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ удаад МАН-д дотроо эв эеэ яаралтай олох шаардлага зүй ёсоор тулгарсан. Хуулийн дагуу 10 дугаар сарын 6 гэхэд шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээж авах ёстой. УИХ-ын намрын чуулган 10 дугаар сарын 2-нд эхэлнэ. Харин МАН-ын дарга Их Хурлаасаа тодрох ёстой боловч энэ удаад Бага хурлаараа тодруулах нь.
МАН-ын дүрэмд МАН-ын даргыг сонгох, нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах эрх нь Их хуралд байна гэж заасан ч Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох гэж бас байгаа юм.
Бага хуралд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, намын хорооны дарга нар гэхчилэн 310 гишүүн байдаг бол Их хурлын төлөөлөгчдийн тоог Бага хурлаас тодорхойлдог. 2013 онд МАН-ын 27 дугаар Их хурал гэхэд 1000 гаруй төлөөлөгчтэй байсан.  
Тэгэхээр Бага хурлын гишүүдэд энэ удаад хариуцлагатай үүрэг ногдож буй. Тэд намын шинэ дарга болоод Ерөнхий сайдаа сонгоно. Үүнийг УИХ-ын хувьд шууд хүлээн зөвшөөрөх ёстой. УИХ бол энэ удаад МАН өөрөө. УИХ-ын 65 гишүүн бол Бага хурлынхаа гишүүн. Бага хурал дээр хүлээн зөвшөөрсөн юм чинь УИХ дээр хүлээн зөвшөөрөх нь тодорхой гэж дүгнэж болох ч МАН-ын одоогийн дарга М.Энхболдын фракц буюу хотынхон энэ удаагийн бага хурлын гишүүдийн дийлэнх.
МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй байсныг санах хэрэгтэй болох нь. Хэдий УИХ-ын 65 гишүүний 33 нь эсрэг кноп дарж Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж чадсан ч МАН-ын Бага хуралд олонх байж чадах уу.

Энэ өнцгөөс харвал МАН-ын Бага хурлаар сонгогдсон Ерөнхий сайд болоод дарга нь Их хурлаараа баталгаажих магадлал бас бага. Хэдийгээр МАН нүүрэн дээрээ эв нэгдэлтэй учир зүйгээ ололцсон гэвч...
 Ямар ч байсан хуулийн дагуу ирэх сарын 6 гэхэд Ерөнхий сайд тодорхой болох ёстой. Харин МАН-ын Их хурал нь Бага хурлын шийдвэрээр 45 хоногийн дотор зарлагдана. Тэгэхээр Бага хурлаас сонгогдох Ерөнхий сайдын ирээдүй дардан байна гэх итгэл маньд ч МАН-д үгүй л болов уу.
Үнэхээр эрхэм 65 гишүүн хувийн эрх ашгийг нэгд тавилгүй, хоёргүй сэтгэлээр улс орныхоо төлөө зүтгээсэй л гэж хүсэхээс өөр яалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан