Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бодитой бууруулсан олон улсын тэргүүн туршлага Монголын хөрсөнд нутагшина гэдэгт эргэлзэхгүй байна

Банкууд ногоон хөгжлийг дэмжих тогтвортой санхүүжилттэй байх ёстой гэдэг зарчмыг одоогоос хэдэн жилийн өмнө ярьж эхэлсэн. БОАЖЯ-ны санаачилгаар энэхүү яриаг ажил хэрэг болгох үүднээс “Ногоон зээлийн сан”-г байгуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Улмаар байгальд ээлтэй технологи зохион бүтээгчид болон хэрэглэх хүсэлтэй иргэдийг дэмжих зорилготой энэхүү санг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан олон улсын сангуудаас хөрөнгө татах замаар эхлүүлэхээр зэхэж байна. Энэ хүрээнд БОАЖЯ, Монголын банкны холбоотой хамтран “Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форум 2017” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулганы үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын урилгаар Монгол Улсад айчлилж буй НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн захирал Эрик Солхейм Монгол Улсын агаар, орчны бохирдлыг эсрэг гаргаж буй санал, санаачилгыг сайшаагаад, цаашид НҮБ болон түүний гишүүн байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол чуулганыг нээж үгэндээ “Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэрлэл, хэрэглээний хэт өсөлтөөс үүдэлтэй байгаль орчны бохирдол, доройтол, ядуурал зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх санхүүжилт, тэр дундаа ногоон хөрөнгө оруулалтын боломжит хувилбаруудыг бий болгох асуудлаар олон улсын хэмжээнд бүхий л түвшинд анхаарал хандуулж байгааг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээр”, “Их 20”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэргээс харж болно. Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байна. Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат байдаг эдийн засгийн салбаруудад илүүтэй их эрсдэл учирч, гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна. Мөн хотын төлөвлөлтгүй тэлэлт, дэд бүтцийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник технологийн хоцрогдол зэрэг хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хот, суурин газрын агаар, орчин бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байна. Бидний өмнө тулгамдаад байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан санал санаачилгыг дэмжиж, уялдуулан зохицуулах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тэргүүлэх чиглэлийн нэг юм.


Манай улс НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд хамгийн анх нэгдэж, энэ санаачилгын үр өгөөжийг хүртэж эхэлсэн орон. Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл нь экосистемийн тэнцвэртэй байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах замаар нийгмийн хөгжлийг тэтгэх Монгол Улсын Засгийн газрын бодлогыг тууштай дэмжиж ирсэн билээ. Энэ түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжлийн эрхзүйн шинэчлэл, бодлогын судалгааг хийж, ногоон барилгын үндэс суурийг тавьж, мэдлэг түгээх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр олон ажил хийж гүйцэтгээд байна. Түүнчлэн, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн улсын төсөв, хөрөнгө оруулалт, Засгийн газрын худалдан авалтын хууль эрхзүйн болон институцийн тогтолцоог бүрдүүлэх, банк санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхэд тусалж дэмжиж ирсэн.

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Нэгдсэн Үндэстний Байгаль орчны байгууллагын дарга ноён Эрик Солхаймд дахин гүн талархалаа илэрхийлэхийн ялдамд бидний хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа маань ногоон эдийн засгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны бодит загвар, дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлж болохуйц сайн туршлага болно гэдэгт итгэлтэй байна.

Өмнө хэлсэнчлэн, Монгол Улс 2013 онд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдсэн анхны улс болж байсан бол энэ онд шинэ санаачилга болох Нэгдсэн Үндэсний Байгаль орчны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан “Цэвэр агаар-амьдралын үндэс” аянд нэгдэх хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ санаачилгын хүрээнд бидний хамтын ажиллагааны шинэ хуудас нээгдэж, агаарын бохирдлыг бодитой бууруулсан улс орнуудын тэргүүн туршлага Монголын хөрсөнд нутагшина гэдэгт эргэлзэхгүй байна.

БОАЖЯ  нь НҮБ-ын Уур амьсгалын ногоон сантай Монгол Улсыг төлөөлөн хамтран ажиллах тохоон томилогдсон байгууллагын хувьд бусад яамд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран эрчим хүч,  хөдөө аж ахуй, дэд бүтцийг ногоон  хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлоготой уялдуулан хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төслийн санал боловсруулаад байна. Эдгээр төслүүд эхнээс дэмжигдээд байна. Үүний нэг тод жишээ бол “Хас” банк нь Уур амьсгалын ногоон сангийн анхны итгэмжлэгдсэн байгууллагаар сонгогдож, батлагдсан явдал юм. Цаашдаа үндэсний ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сантай бүх талаар үр бүтээлтэй хамтран ажиллана” гэсэн юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан