Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Батжаргал: Манай аймагт Бичил уурхайд 600 гаруй иргэн тогтвортой ажиллаж байна


Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргалтай Бичил уурхайчдын үйл ажиллагааны талаар ярилцлаа. Учир нь тус аймагт Швейцарийн хөгжлийн банкны “Тогтвортой бичил уурхай төсөл” хэрэгжүүлж буй. Энэ төсөл үр дүнд хүрч бусад аймаг, орон нутагт шилдэг туршлага болоод байна.

-Та аймгийнхаа нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлаар товч мэдээлэл өгнө үү?
-Баянхонгор аймгийн эдийн засгийн тэргүүлэх бааз суурийг 2012 онд тодорхойлсон байдаг. Ингээд нэгдүгээрт нь хөдөө аж ахуй, хоёрт уул уурхай, гуравт нутгийн иргэдэд чиглэсэн аялал жуулчлал гэж тодорхойлсон. Үүнээс хойш 2015 онд Аймгийн ИТХ-аас дунд хугацааны хөгжлийн стратеги буюу 2025 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг гаргасан. Тэгэхдээ Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтууд, болон холбогдох баримт бичигт уялдуулан гаргасан юм. Одоо Засаг даргын үйл ажиллагааны хүрээнд жил бүр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө батлаад ажиллаж байна. Баянхонгор аймаг мал сүргийн тоогоор улсад тавдугаар байрт ордог. 2016 оны жилийн эцэст 4 сая 231 мянган толгой мал тоолуулсан. Энэ жил төлтэйгээ нийлээд 5 сая орчим толгойд хүрнэ.

-Ажилгүйдэл ямар хэмжээнд байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал бол ажилгүйдэл. Нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ хөгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн ажил орлогтой байх асуудлыг цогцоор шийдэхээр ажиллаж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо цөөн ч амьдрал дээр судалгаа хийгээд үзэхэд 11 мянга гаруй хүн ажилгүй байна. Тэд ажил хайж бүртгүүлдэггүй ч улирлын чанартай ажил хийж  амьдралаа залгуулдаг. Тухайлбал, ихэвчлэн уул уурхайн салбарт ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бичил уурхайн зохион байгуулалтаар ашигт малтмал олборлож байгаа. Бичил уурхайн салбарыг албан бус секторт тооцдоггүй тул нь хөдөлмөр эрхлэж байгаа иргэнээр бүртгэх боломжгүй юм.

-Танай аймагт бичил уурхайн асуудал хэдийнээс гарч ирэв. Тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Манай аймагт бичил уурхай 2000 оны үеэс эхэлсэн. Тухайн үед зуд болсон. Ингээд иргэд байгалийн баялаг олборлож амьдарлаа залгуулж ирсэн юм. Тухайлбал, маш олон өрх малгүй болсон.  Манай аймаг тэр үед 2.8 сая гаруй толгой малтай байсан. Гэтэл зуд болсон дараа 800 гаруй мянган толгой мал тоолуулсан байдаг.  Нийт мал сүргийнхээ 80 хувийг зудад алдсан тооцоо бий.  Ингээд амьжиргааны эх үүсвэргүй болсон малчин өрхүүд аргагүйн эрхэнд газрын хэвлийн баялгыг сайн дураар ашиглаж эхэлсэн. Алтны гарц илрэл өндөр бүс нутагт зуны улиралд 10, өвөлд 2  мянга гаруй иргэн байнга олборлолт хийж байсан. Аймаг орон нутгийн удирдлагууд тухайн үед хууль бусаар ашигт малмал олборлож буй иргэдийг олон удаа тараасан ч үр дүнд хүрээгүй. Иймд тэдгээр иргэн хэзээ ирж хөөж туух бол гэсэн айдастай байсан тул хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэрэгжүүлэхгүй олборлолт хийж ирсэн юм. Ингээд шороонд дарагдаж амь насаа алдах явдал олон гарсан. Тэгээд нэгэнт хорьж цагдаж дийлэхгүй тул тодорхой газар нутагт зохион байгуулалтай ажиллуулж байгаль орчиноо нөхөн сэргээлгээд явах нь зүйтэй гэж үзсэн юм. Энэ үйл ажиллагаанд Швейцарийн хөгжлийн агентлаг “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийг Баянхонгор аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл маш том эерэг өөрчлөлт авч ирсэн юм. Төслийн үр дүнд олон газар эмх замбараагүйгээр ашигт малтмал олборлож байсан иргэд зохион байгуулалтад орж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага ханган ажиллах болсон. Улмаар олборлосон алтаа тайлагнах, аймаг, сум орон нутгийн засаг захиргаатай хамтарч ажиллах, өөрөө өөртөө ажлын байр бий болгох зэргээр тулгамдсан асуудлаа шийдэж байгаа юм. Цаашид аймаг орон нутгийн эдийн засаг өсч тэлэх, мал аж ахуй нэмэгдэхийн хирээр бичил уурхайн салбарт ажиллагсдын тоо буурч байна. Зарим нь мал сүргээ маллах, өөр салбарт шилжин ажиллах зэргээр ажлын байр амьжиргаагаа залгуулдаг болсон.

-Одоо хэдэн хүн бичил уурхайд ажиллаж байна. Бичил уурхай төсөл хэрэгжилт ямар байна вэ?  
 -Бичил уурхайн салбарт өнөөдөр 600 гаруй иргэн тогтвортой ажиллаж байна. Гэхдээ алдаг оног, хааяа ажилладаг хүмүүсийг нэмбэл 2000 орчим хүн болно. Өөрөөр хэлбэл оюутан сурагчдийн төлбөр, хичээлийн хэрэглэл бэлтгэх гээд тухайн үеийн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд ашигт малтмал олборлохоор явдаг иргэн нэлээд бий. Монгол Улсын хэмжээнд өндөр зохион байгуулалтад орсон, Ашигт малтмалын тухай хууль, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд хамгийн сайн ажиллаж буй иргэд нь Цагаан цахирын уурхайд түшиглэж хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн “Дэгжих холбоо” ТББ-ын удирдлага дор ажиллаж буй 200 гаруй гишүүн юм. Энд зарим үед 500 хүртэл иргэн ажилладаг. Энэ холбоо “Спейшил майнз” компанийн эзэмшиж буй лицензийн талбайгаас 30 га газарт үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхдээ аймаг орон нутгийн засаг захиргаа, лиценз эзэмшигч компани, холбоо гэсэн гурвалсан гэрээгээр ажилладаг. Тэд уг талбайг 2010 оноос эхлэн ашиглаж байна.  Бичил уурхайчдыг сургах, дадлагжуулах, зохион байгуулалтад оруулах үйл ажиллагааг Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хийгээд байна. Алтны үндсэн орд тул байгаль орчинд нөлөөлөх нь харьцангуй гайгүй. Хамгийн гол нь ажиллах нөхцөл хүнд. Уул хадыг цоолоод доош 80 хүртлэх метр газар ухсан. Үүнээс  хүдрээ гаргаж баяжуулдаг юм. Өмнө нь олборлосон хүдрээ гэртээ ууранд хийж нүдээд алтаа мөнгөн усаар ялган авдаг байлаа. Дараа нь тээрэм нэвтэрч түүнийгээ устай газарт дураараа аваачиж хүдрээ бутална. Уг хүдрээс мөн л мөнгөн ус ашиглаж алт ялгана. Улсын онцгой комиссоос 2008 онд Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт ашиглаж байсан бүх тээрэмийг хураан авч үйл ажиллагааг нь зогсоосон юм. Ингээд бичил уурхайчид олборлосон хүдрээ Төв аймгийн Борнуур суманд ажиллаж буй хүдэр боловсруулах үйлдвэрт аваачиж угаалгадаг байв. Энэ нь өртөг зардал их өндөр гарч байсан. Иймд 2010 онд Швейцарийн хөгжлийн агентлаг, Уул уурхайн яаманд аймагтаа хүдэр боловсруулах цех байгуулах санал тавьсан. Ингээд Баруун бүсийн хүдэр боловсруулах цехийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулсан юм. Үйл ажиллагаа нь 2013 оноос жигдэрээд ажиллаж байна. Хүдэр боловсруулах уг үйлдвэр ямар нэг химийн бодис ашиглахгүйгээр иргэдэд олборлсон хүдрээс нь алтыг нь ялган өгч үйлчилдэг. Бичил уурхайн олон улсын үзүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа. Мөн бусад аймаг орон нутгийн удирдлагууд манайд ирж туршлага судлах болсон.

-Хүдэр боловсруулах үйлдвэр химийн бодис ашигладаггүй гэлээ. Технологийн талаар нь тодруулж өгнө үү?
-Бичил уурхайчдын аймаг орон нутагт оруулж буй хувь нэмэр сайн байгаа. Бичил уурхайчдын авч ирсэн хүдрийг боловсруулж үлдсэн шламыг нь хаядаггүй. Учир нь боловсруулсан хүдэрт буй алтны 70 орчим хувийг нь барьж авдаг. Тэгэхээр 30 орчим хувийн алт тэр шламд үлдэнэ гэсэн үг. Өмнө 2014 онд тэр шламыг аймгийн орлого гэж үзээд борлуулж байсан. Тэгэхэд аймгийн төсөвт 1.2 тэрбум төгрөгийн орлого оруулсан. Гэвч  үйлдвэрт хөрөнгө оруулагч тал, бичил уурхайчид шүүхэд гомдол гаргасан юм. Шүүх хувийн хэвшлийн талд шийдвэрлэсэн. Одоо шламны боловсруулалтын 20 хувийг аймаг, орон нутгийн төсөвт авч байна. Өнгөрсөн онд шламны борлуулалтаар 360 сая төгрөгийн орлого аймгийн төсөвт оруулсан юм. Энэ онд мөн хэмжээний орлого оруулах төлөвлөгөө бий. Одоогоор 180 сая төгрөг төвлөрүүлсэн. Ингээд бүх зүйл нь  тодорхой болохоор иргэд нэгдэж нийлж хамтарч ажиллаад орон нутагт тулгараад буй асуудлаа өөрсдийн оролцоотой шийдээд явж байна гэж ойлгож болно.

-Цаашид бичил уурхайчдын талаар аймаг, орон нутгийн засаг захиргаанаас ямар бодлого баримталж байна вэ?
-Аймаг орон нутгийн удирдлагаас бодлогын төвшинд дэмжин ажиллана. Цаашид газар яаж олгох, нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авна. Бичил уурхайчид олон жил ашигласан тул гарц нь муудлаа, талбайн хэмжээгээ нэмэгдүүлэе гэсэн хүсэлт тавьж байна. Бид тодорхой нэг газрыг олгохоор товлосон. Шинээр батлагдсан Бичил уурхайгаар ашиглах журмын хүрээнд уг асуудлыг шийднэ. Тухайлбал, сумын ИТХ-аар хэлэлцүүлж орон нутгийн тусгай хэрэгцээнд авна. Ингээд Ашигт малтмал, газрын тосны газарт уламжилж Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож болох эсэх дүгнэлт гаргуулна. Үүний дараа тухайн газарт Бичил уурхайчдыг ажиллуулах юм.

-Цагаан цахирын уурхайгаас гадна хаана ямар ямар газарт бичил уурхайчид ажиллаж байна вэ?
-Галуут суманд бичил уурхайчид бий. Тэд уул уурхайн компаниудын ашиглаад үлдсэн талбайд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сан, орон нутгаас тодорхой хэмжээний төсөв   гаргаад тэр иргэдийн олборлож байсан болон орхигдсон талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэж байгаа. Өнгөрсөн онд аймгийн төсвөөс 10 сая, Азийн сангаас 15 сая төгрөг гаргаж нийт 13 га талбайд нөхөн сэргээлт хийлгэсэн. Энэ онд 10 сая төгрөгөөр бичил уурхай эрхлэгчдээр нөхөн сэргээлт хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд “Галуутын хөгжил”, “Бат сайхан сэтгэл” гэсэн хоёр ТББ-д 30 гаруй  иргэн үйл ажиллагаа явуулдаг. Мөн Байдраг суманд “Байдрагын хөгжил” ТББ-д 200 орчим иргэн ажиллаж байгаа.   Энэ ТББ, Азийн сангийн хөрөнгө оруулалтаар Байдрагын Зүүн салаа гэдэг газарт нөхөн сэргээлт хийсэн. Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс бичил уурхайчдад байгалийн баялаг дуусах нь тодорхой. Иймд олсон орлогооосоо хуримтлал үүсгэж өөр бизнес, ажил эрхэл гэж байгаа.   Бөмбөгөр суманд нэг ТББ байсан. Тэд тараад маш олон жижиг трактортой болчихсон. Энэ нь аймаг орон нутгийн ажилд маш их хүндрэл учруулдаг. Өнгөрсөн зургадугаар сард биднийг очиж хурал хийхэд “унагалдай” хэмээн нэрлэдэг 80 гаруй трактор бүртгэлтэй байсан. Бичил уурхай ашиглах дүрэмд техник хэрэгсэл ашиглахыг хориглож байсан тул тэднийг хууль бус үзэхээс өөр аргагүй.  Ийм учраас шөнө үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд хаа дуртай газраа ухаж сүйтгэх болсон. Харин Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүрэмд өөрчлөлт орж ашиглах техник хэрэгсэлийн хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл жижиг трактор ашиглаж болдог болсон юм. Иймд тэднийг хаа дуртай газраа явж ухахгүй зохион байгуулалтад оруулах асуудал бий. Өөрсдийнх нь үүсгэн байгуулсан ТББ-тай хамтран ажиллаж байна. Ингээд өмнө ашигт малтмал ашиглаад хаясан газарт тэдгээр трактортой иргэдийг ажилуулж байгаа. Мөн хаягдсан хоёр гурван газарт нөхөн сэргээлт хийлгэж ашиглуулах юм. Бас “Алтан усны хөгжил” гэдэг ТББ бий. Энэ байгууллага Баян-Овоо сумын Алтан ус гэдэг газарт ажиллаж байсан, 30 гаруй гишүүнтэй. Өнөөдөр ийм ТББ байгууллаа бидэнд газар олгож гэсэн хүсэлт маш их байна. Зарим нэгийг нь тодорхой хэмжээнд шийдээд явж байна. Жишээ нь “АА цуглаан”-ы үр дүнд архинаас гарсан найм, есөн иргэн бий. Тэд биднийг ажилд авдаггүй. Архинаас гараад тав, зургаан жил боллоо. Ингээд Дашаа гэдэг газарт нөхөн сэргээлт хийж байгаа компанитай хамтарч ажилууллахаар явуулсан. Хамгийн гол нь зааж өгсөн газраас алт гарахгүй нь гээд орхиод явахгүй нөхөн сэргээж орон нутагт нь хүлээлгэн өгдөг байх ёстой гэсэн шаардлага тавин ажиллаж байна. 

-Уул уурхайд өртөж эвдэрсэн газар хэр байгаа вэ?
-Бид эдвэрсэн газаргүй Баянхонгор болно гэсэн зорилт тавиад байгаа. Иргэд, малчдын зүгээс өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаанд эвдэрсэн газар маш их байна. Үүнийг дарж өгөөч гэсэн санал хүсэлт маш их ирдэг. Эдгээр газрыг аймаг, орон нутгаас хөрөнгө гаргаад дарж булах боломжгүй. Хамгийн багаар бодход нэг га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд 5 сая төгрөг гарна. Биологийн нөхөн сэргээлт хийнэ гэвэл мөн хэмжээний зардал гарна. Иймд нийт эвдэрсэн 400 гаруй га газрыг нөхөн сэргээхэд 2 тэрбум орчим төгрөгийн нөхөн сэргээлт шаардлагтай. Нөгөө талаар үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлгүй хаяад явсан компанийг шүүхэд өгч ухсан газрыг нь даруулж үзсэн. Гэтэл түүнийг нинжа нар дахин сүйтгээд байна. Тэгэхээр нөхөн сэргээж буй талбайд алт байвал зайлшгүй авах нь чухал. Алт гарахгүй талбайд иргэд орж ухаад байхгүй юм. Өнөөдөр нөхөн сэргээлтийн 22 компани үйл ажиллагаа явуулж байгаа.
 

0 Сэтгэгдэл
ажиллуулаад байгаам байна уу дандаа хамаг багаж хэрэгсэлийг нь элдэн хөөж хурааж эвдэж торгож үгүй хийж байгаа ш дээ үйлээ үзэж байж л амьдарлаа залгуулж байна даа нинжа нар нь харин томчууд та нар хөөчихөөд л гаргаад ирсэн хөрсийг нь техникийн хүчээр сэндийлдэг улс даа
Хамгийн их уншсан