Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Адгийн шааруудын хүртсэн Ардын намын ялалт


Хавар л голдуу бужигнадаг Монголын улс төр улирал “андууран” намар буцалж байна. Намрын халуун өдрүүд дуусах болохгүйг шинэ Ерөнхий сайдын томилгоо, Засгийн газрын бүрэлдэхүүн, МАН-ын Бага, Их хурлууд гээд удахгүй өрнөх үйл явдлуудаас таамаглаж болохоор байгаа юм. Хамгийн сонирхолтой нь энэ намрыг улс төрийн хувьд хэт халалттай болгож байгаа хүчин зүйл нь УИХ-д 65 суудалтай болсон эрх баригч МАН-ынхан өөрсдөө. Засаг унагах санаачилгыг сөрөг хүчнээсээ урьтаж гаргасан МАН-ын бүлгийн 31 гишүүний тооцоолсон ёсоор Ж.Эрдэнэбатын танхим огцорлоо. Эндээс л улс төрийн хэт халалт эхэлсэн. Энэ халуун удаан үргэлжлэх хандлагатай ч байна. МАН-ын дотоод тэмцэл юм шиг боловч төрийн зовлон болоод байгаа энэ бүх үйл явдлыг гаднаас нь харахад “Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, үр шимийг нь адгийн шаарууд хүртдэг” гэх үг яв цав тохирч байгаа юм. МАН УИХ-д 65 суудалтай болтлоо үнэмлэхүй ялалт байгуулахад хэн голчлон нөлөөлснийг санахыг хүсэх хүн энэ намд өнөөдөр бараг л алга даа. 

Одоогоос хоёр жилийн өмнө Ардын намын төв байр нь эзэнгүй, санхүүгийн хувьд уначихсан, намын аппаратаа ч цалинжуулж чадахгүй хэмжээнд дордчихсон байсан тэр үед МАН-ыг авч явсан хүмүүс нь УИХ дахь 26 гишүүн нь л байсан. М.Энхболд, Ө.Энхтүвшин нар намаа, Н.Энхболд, С.Бямбацогт нар УИХ дахь бүлгээ төлөөлж эрх баригч АН-тай хэрхэн тэмцэж, хууль биелүүлэхийг шаардаж, үр дүнд хүрч, намын рейтингээ тогтмол өсгөж байсныг 2012-2016 онд өрнөсөн улс төрийн үйл явдлууд харуулдаг. УИХ-д бүлгээ ч байгуулж чадахгүй болтлоо АН-ынханд “хүчиндүүлж”, буйдантай жагсч, сайд нарт шаардлага тавьж, Засгийн газарт хариуцлага тооцож бүх талаар л тэд тэмцсэн.

АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бие даагчдын бүлэглэлтэй хэрхэн тэмцэж, улс төрийн хувьд МАН-д нэмэх оноо хэрхэн авчирч байсныг бүгд санаж байгаа болов уу. Ардын нам УИХ-д бүлэг ч байгуулж чадахгүй болчихсон, Байнгын хороодод гишүүдийг нь оруулахгүй хавчиж, МАН-ын угшилтай болгон төрийн албанаас “хөөгдөж”, цөөнгүй гишүүд нь шоронгийн хаалга татаж байх үед сөрөг хүчний 26 л тэргүүн фронтод явж байсан. Харин өнөөдрийн Засгийн газар огцруулах гарын үсэг зурсан 31 гишүүн, саналаа өгсөн хоёр гишүүн, ил далдаар дэмжсэн У.Хүрэлсүх тэргүүтэн хаана байсан юм бэ?

Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн “Титэм үг”-ийг word руу шивдэг байсан гэх Т.Аюурсайхан жишээ нь хаана байв. Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулдаг шигээ тэр сөрөг хүчний тэргүүн эгнээнд явж чадсан уу. Парламентын гадна талаас МАН-д ямар дэмжлэг болж байсныг нь мэдэх хүн ер нь байна уу. Бүгдийн мэдэхийн тэрээр “Шинэчлэлийн хороо” нэртэй хөдөлгөөн байгуулж, эрх баригчдыг сөрж зогсохын оронд МАН-ыг л  дотоодод нь бужигнуулж явсан хүн шүү дээ. У.Хүрэлсүх ч ялгаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийн оронд Австрали руу л явсан байдаг. “Бандааш” хоч зүүгээд байгаа Д.Гантулга, Банхарын хөшөөчин Б.Батзориг нар бас хаана, юу хийж явсан юм бэ. Жирийн иргэд байтугай улс төр судлаачид хүртэл зүсийг нь хараагүй хүмүүс УИХ-д гишүүнээр сонгогдох хөрс суурийг 2012-2016  оны сөрөг хүчин л бэлдэж өгсөн. Маргах аргагүй үнэн бол энэ. Тиймээс ч тэдний олонхи нь энэ ялалтын үнэ цэнийг, үр дүнд нь бий болсон Засгийн газрын тогтвортой байдлыг юу юунаас илүү хүссэн байх.

Дахиад асууя. Засгийн газраа огцруулах санаачилгын тэргүүн эгнээд явсан 31 гишүүнээс хэн нь сөрөг хүчин байж үзсэн юм бэ. Тун цөөхөн нь л байх. Түүнээс олонхи нь МАН-ын гишүүнчлэлээсээ байтугай намын байраараа орохоос дөлж явсан хүмүүс шүү дээ. АН-д хавчигдахаас айсан тэднийг УИХ дахь сөрөг хүчний 26 гишүүн нь л хаацайлж, хамгаалж явсан байдаг. Ардын намынхны хувьд 2012-2016 он үнэхээр айдастай он жилүүд байсан нь үнэн. Хавчигдсан, шалгагдсан, баригдсан, бизнес нь нурсан, шорон орсон МАН-ын гишүүдийн тоо энэ жилүүдэд хэтэрхий олон байсан. Харин тэр үед энэ 31 хаана байв.  Тухайлбал,  Газрын тосны газрын дарга Амарсайхан агсан мөрдөн байцаалтын явцад “Ганц худагт” амь насаа алдаж байхад Ч.Улаан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар юу хийж явсан юм бэ. Үнэндээ тэд эрх баригчдын хажуу бөөрөнд наалдчихаад, Сангийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монросцветмет” нэгдэлд л өөрсдийн хүмүүсээ шахаж, эрх баригчдын кнопыг бүрдүүлж явсан шүү дээ.

Энэ мэтээс харахад “Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, үр шимийг нь адгийн шаарууд хүртдэг” гэдэг үг Ардын намын өнөөдөрт яг тохироод байгаа юм.

Ж.ЖАРГАЛ

Эх сурвалж: Medee.mn

 

0 Сэтгэгдэл
Яг л үнэнийг бичиж дээ.МАН-ын үнэмлэхүй ялалт байгууулсан гэдэг нь амьдралтай үл нийцэж байгаа нь энэ өнгөрсөн хугацааны явцад тов тодорхой харагдлаа шүү дээ!!!
Хамгийн их уншсан