Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баасан: Авлига авсан гэж шалгагдсан ч хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг дахин нягтална



АТГ-ын дэрэгдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тус зөвлөлийн ажиллах дүрэм, үйл ажиллагааных нь талаар тодрууллаа.
 

-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл ямар чиг үүрэгтэй байдаг вэ?
-Бид дөрөвдэх зөвлөл нь. Өмнөх зөвлөлүүдийн ажиллах журам нь  АТГ-ын өөрийнх нь хараа хяналт дор байсан. Тэгэхээр Авлигын эсрэг хуульд АТГ-т хяналт тавих субъектуудыг заасан байгаа. Тэдний нэг нь Олон нийтийн зөвлөл. Энэ зөвлөл тус газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, таслан сэргийлэхээс бусад үйл ажиллагаанд нь хяналт тавих юм. Иймд бид АТГ-ын үйл ажиллагаанаас илүү авлигатай тэмцэх ажил ямар хэмжээнд байгааг нь хянах ёстой. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх гэдэг нь авлигыг устгах, авлига авах боломжгүй байлгах, хэрэв авлига авсан бол маш хурдан хариуцлага тооцох үүргийг төрийн нэрийн өмнөөс хүлээгээд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байгаа газар. Тэгэхээр тэдний энэ ажил зөв, буруу явж буй эсэхийг ард түмний нэрийн өмнөөс Олон нийтийн зөвлөл хянадаг. Нэг ёсондоо төрийн манаач нь АТГ, түүний манаач нь Олон нийтийн зөвлөл гэж ойлгож болно.

-Тэгвэл та бүхэн тэр манаачийн үүргээ хэрхэн гүйцэтгэх гэж байна вэ?
-АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүрэгт ажлаас бусдыг хянана. Хамгийн эхэнд төсөв санхүү нь ямар хэмжээнд байгааг хянаж үзнэ. Үүнийгээ хэр зэрэг үр дүнтэй зарцуулж буй болон төсөв нь хүрэлцэж буй эсэхийг  тодруулах юм. Мөн хүний нөөцийн асуудал ямар хэмжээнд байгааг тогтооно. Бас өргөсөн тангарагаа биелүүлж, чин үнэнчээр ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг хянана.  Авлига авсан хэргийг хууль хяналтынхан хэрхэн шийдэж байгааг ч хянах болно. Мөн авлига авсан гэж шалгагдаад хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг үнэн зөв шийдсэн эсэхийг  нэг бүрчлэн дахин нягталж үзнэ. Үүнээс гадна олон нийтийн өргөдөл гомдолд яаж хандаж буйг, гэрч хохирогчийг хэрхэн хамгаалж буйг хянах юм. Авлигын хэргийн гэрч хохирогчийн асуудал нэн тэргүүнд байх учиртай. Авлигын гэрч бол хамгийн баатарлаг хүн байгаа юм. Ийм учраас манай журамд авлигыг илчилсэн, гэрчилсэн хувь хүн, хуулийн этгээдийг төрийн болон олон улсын байгууллагын шагналд тодорхойлно гэж заасан.

-Танай зөвлөлийн журамд өөрчлөлт орсон гэсэн ямар ямар заалтыг нь шинэчилсэн юм бэ?
-Авлигатай тэмцэх ажил ямар хэмжээнд байгааг судалж Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт танилцуулахаар журамд тодорхой заасан. Үүнээс гадна АТГ-ын ажилтан авлигын хэрэгт холбогдсон асуудал гарвал УИХ-ын Байнгын хороонд ажлаас нь чөлөөлөх санал зөвлөлөөс оруулахаар журамд тусгалаа. Мөн дээр хэлсэнчлэн гэрч, хохирогчийг хамгаалах, шагнаж урамшуулах болсон. Олон нийтийн зөвлөл нь ард иргэд, олон нийтээс авлигын хэргийн талаарх өргөдөл, гомдол хүлээж авна. Түүнийгээ холбогдох байгууллагад нь хуваарилж шалгуулах юм. Ингээд бид энэ зөвлөлийг ажил хэрэгч, шуурхай, үр дүнтэй ажиллуулах бүх нөхцөл бололцоо бүрдэж байна. Бид АТГ-т дөнгөж өрөө тасалгаа аваад ажлаа эхэлж байна. Ажлын гурван хэсэгтэй. Тухайлбал, олон нийттэй харилцах, хууль хяналтын хэрэгжилтийг хариуцсан, хүний эрх судалгаа шинжилгээний гэсэн гурван хэсэгтэй ажиллах юм.

-Өмнөх гурван зөвлөлийн ажил ямар хэмжээнд байсан гэж та үзэж байгаа вэ?
-Өмнөх зөвлөлүүд нь АТГ-т байрлаж ажиллаагүй. Ямар ажиллаж байсан нь ойлгомжтой. Олон нийтийн зөвлөл хяналтаа сайн тавиад ажилласан бол өнөөдөр 60 тэрбумын хэрэг гарахгүй байлаа. Оффшорын асуудал ингэтлээ газар авахгүй. Өнөөдөр төрийн зарим албанд ажиллаж буй хүний цалин бага. Гэтэл хэрэглээ нь өндөр байгаа нь бидний нүдэнд ил байна. Авлига гэдэг нь шунаж олсон эд зүйл, албан тушаалаа ашиглаж ашиг олсон үйлдэл юм. Мөн үүрэгт ажлаа хийхгүй бусдад хүндрэл учруулж буй нь авлигын нэг хэлбэр. Өнөөдөр төрийн албан тушаалтнууд хөрөнгөжиж мөнгөжсөн байна. Гэтэл жирийн иргэдийн аж амьдрал ямар хэмжээнд байгааг бид мэдэж буй шүү дээ. Энэ нь АТГ-ын Олон нийтийн зөвлөл сул ажилласныг илтгэж буй явдал юм. Авлига авахгүй байх орчин нөхцөл бүрдүүлж чадалгүй 20 гаруй жил явж ирсэн байна. Ийм учраас бид авлигын асуудалд “тооромз” тавьж, улс орны хөгжлийг хурдтай болгох юмсан гэдэг хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан