Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Оюунхорол: Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбум төгрөг зарцуулна


Улаанбаатар хотын иргэд өвлийн улирлыг “УТААНЫ” улирал гэж нэрлэх болсон. 2011 оноос хойш утаагүй зуух, утаагүй түлш зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж сүүлийн 6 жилд 140 орчим тэрбум төгрөгийг “Агаарын бохирдлын” эсрэг зарцуулсан ч утаа багасах бус нэмэгдсэн. Агаарын чанарын судалгаагаар агаарт агуулагдах тоосонцрын хэмжээ багассан гэж холбогдох албаныхан мэдэгддэг боловч нүдэнд харагдах утаа улам өтгөрсөн. Агаарын бохирдол буурсан гэх мэдээлэл иргэд олон нийтийн дунд бухимдал төрүүлэх болоод удаж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Утаан дунд өссөн нэг үе бий боллоо” гэж хэлж байсан удаатай. Тэгвэл энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар ажил хийгдэх, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролоос тодрууллаа.

Энэ жил улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахад зориулж хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

Утааны улирал эхлэх гэж байна. Монгол бол эрс тэс уур амьсгалтай улс орон. Энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зориулж 5 тэрбум төгрөгийг улсын төсөв дээр тавьсан байдаг. Энэ бол хангалттай хөрөнгө биш. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээс жилдээ 25-30 тэрбум төгрөгийн татвар авдаг. Энэхүү татварыг утааг бууруулахад зориулах ёстой. Харамсалтай нь өнөөдөр эдийн засаг хүнд байна гэсэн нэрийдлээр агаарын бохирдолд зориулж чадахгүй төсвийн нөхөөс болгон ашиглаж байна. Энэ бол бидний сул тал алдаа. Энэ мөнгөөр гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажлыг эхлүүлбэл тодорхой үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байна.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ? 

Бид агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд урт хугацаанд юу хийх үү, дунд хугацаандаа юу хийх үү гэдгээ тодорхой болгосон. 2017 оны 7-р сард Монгол улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх асуудлыг шийдвэрлэсэн. Утааг бууруулахад зориулж цахилгаан халаагуурын үзэсгэлэн гаргаж байна. Мөн “Ногоон хөгжлийн сан”-аас хүү багатай, урт хугацаатай зээл авч гэртээ цахилгаан халаагууртай болох боломжийг иргэдэд олгох ажлыг зохион байгуулж байна. Бид алсдаа түүхий нүүрсний хэрэглээг бууруулах хэрэгтэй. 2021 он гэхэд Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээг 80 хувь бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Ингэхийн тулд дагуул хот байгуулах асуудлыг шийдэх шаардлагатай. Орлого багатай өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зайлшгүй шаардлага бас байна. Нэг ажлыг олон дахин хийж их хэмжээний хөрөнгө зарахаас илүү тодорхой төслийг санхүүжүүлж зоригтой шийдвэр алхмыг хийх талаар урт болон дунд хугацааны хөтөлбөрт тусгасан байгаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж байгаа ажил бий юу?

Бид маш сайн хамтарч ажилладаг. Анх удаа Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулахад зориулж  төсвөөсөө 3.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Өмнөх засгийн газрын үед агаарын бохирдлыг бууруулахад боломжийн мөнгө төсөвлөж байсан. Гэхдээ хууль бусаар зарцуулсан гэдэг асуудал үүсч үр дүнгүй ажил болоод өнгөрсөн байдаг. Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад зориулж байгаа 5 тэрбум төгрөгийн 80-90 хувийг эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх зардлын зөрүүнд өгч байгаа. Цаашид олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр, концессын гэрээгээр ч хамаагүй гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, хотыг тэлэх бодлогыг зоригтой хийх хэрэгтэй байна.

Г.Доржзодов

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан