Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг 18 жилийн дараа баривчилж шийтгэсэн. Гэвч....

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт амь үрэгдсэн. Тэрээр тухайн өдөр 21.40 минутын үед гэртээ харьсан гэдэг. Гэвч, тухайн мөчөөс хагас цагийн өмнө гэмт этгээдүүд гэрт нь орж, С.Зоригийн хамтран амьдрагч Д.Булганы ам, гарыг бөхөлж ариун цэврийн өрөөнд нь оруулсан бөгөөд энэ үеэр гэртээ орж ирсэн С.Зоригийг  18 удаа хутгалан хөнөөсөн аймшигт хэрэг гарсан юм. Улс төрийн нэрт зүтгэлтэн бусдад алуулсан хэргийг хууль хүчнийхэн мөрдсөөр 18 жил болоход 20 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан байдаг. Тэдний дунд С.Зоригийн хамтран амьдрагч Д.Булган 1999 оноос хойш хоёр ч удаа цагдан хоригдож байсан удаатай. Мөн талийгаачтай мөр зэрэгцэн ажиллаж байсан улстөрчид энэ хэргээр шалгагдаж байлаа.



2016 оны 11 дүгээр сард С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Учир нь жил гаруйн өмнө сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарын гурван иргэнийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тэднийг захиалгаар, үгсэн тохиролцож С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж үзсэн юм. Дуулиант энэ хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр шүүн тасалж,  анхан шатны шүүхээс С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсан. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчинтэй хэвээр үлдээсэн. Ийн үндсэндээ 18 жилийн дараа төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлж, гэмтнүүдийг шийтгэлээ хэмээн хэргийг хаасныг улс даяар зарласан.
Гэвч өнгөрсөн 18 жилийн үйл явдлаас харвал үргэлж төрийн анхаарлын төвд байж, намуудын сүржин мэдэгдлийн бай болсон энэ хэрэг даржинхан шийдэгдсэн нь нийгэмд өөрийн эрхгүй эргэлзээ дагуулсаар замхарлаа. Олон асуулт хариу нэхсээр үлдсэнийг хохирогч болоод яллагдагчдын гэр бүлийн зүгээс өгсөн мэдээллүүдээс харж болно.

Энэ хэргээр яллагдсан Ц.Амгаланбаатар нь 35 настай, Орхон аймгийн харьяат. Урьд хэрэгт холбогдож, шүүхээс цаазын ял авч байсан бөгөөд цаазын ялыг нь 25 жилийн ял болгон бууруулсан байдаг. С.Зориг хөнөөгдөх үед буюу 1998 онд тэрээр 16 настай байсан байгаа юм.
Тэрээр шоронд байхдаа Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын гар утас руу “С.Зоригийг алсан биз дээ” зэргээр мессеж илгээж, дараа нь тэднийг Тагнуулаас баривчилсан байдаг.
Д.Содномдаржаа нь 42 настай, Орхон аймгийн харьяат. Түүнийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь гэрээс нь Тагнуулын Ерөнхий газрын ажилчид баривчилсан.
Т.Чимгээ нь 40 гаруй настай, Орхон аймгийн харьяат. Түүнийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан 2015 оны наймдугаар сард ажилдаа явж байхад нь автобусны буудал дээрээс Тагнуулын Ерөнхий газрын ажилчид баривчилсан. Тэрээр тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт тогооч хийж байжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 91-т зааснаар Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж прокурорын байгууллага буруутгаж байгаа бөгөөд 91-ийн найман заалтаар зүйлчилж байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
91.2.1-т зааснаар шунахайн сэдэлтээр
91.2.4 захиалгаар
91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор
91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн
91.2.11 бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл
91.2.12 онц харгис хэрцгий аргаар
91.2.13 нийтэд аюултай аргаар
91.2.15 хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэсэн зүйл, ангиар буруутгасан.

Мөн 91.2.4 дэх заалтаар буруутгаж байгаа ч шүүх хуралд “захиалагчаар” яллагдаж байгаа хүн ирээгүй бөгөөд “захиалагч”-ийн талаар хуулийн ямар ч байгууллага мэдээлэл өгөөгүй.
С.Зоригийн хэргийн мөрдөн байцаалтын явцад Төрийн нууцад хамаарах баримт материал хавтаст хэрэгт авагдсан гэх шинжээчийн дүгнэлт гарч хэргийг “маш нууц” ангилалд хамааруулан шүүхээр шийдвэрлэсэн. “Маш нууц” гэх ангилал нь хоёрдугаар зэрэглэлийн нууц буюу онц чухал маш нууц зэрэглэлээс нэг зэргээр бага юм. Ийм төрлийн нууцыг 40 жил нууцлахаар заасан байдаг аж. Тиймээс хэргийг шүүх хурал бүхэлдээ хаалттай болж, хохирогч болон шүүгчдэгчийн ар гэрийнхэн зөвхөн шүүх хуралдааны эхлэл, төгсгөлд орж шүүхийн шийдвэр сонсох боломжтой байлаа.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан