Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Би энэ УИХ-ыг тараасай гэж бодож байна


 

Өөрсдөө Засгийн газарт 100 хувь “давхар дээл”-тэй орж ирж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Шинэ сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барьсан байгаа. АН шинэ сайд нарын томилгоон дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхий сайдад Ерөнхийлөгч хуулийн хугацаанд хариу өгөх ёстой. Хуулийн хугацаа долоо хоног. Бидэнд одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилоход АН-ын бүлэг төрийн эрх ашгийн үүднээс нээлттэй, шударга хандсан. Улс оронд өнөөдөр үүссэн нөхцөл байдал, цаашид бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх зарчмуудад тулгуурлаж асуудалд хандана шүү гэдэг цар хүрээгээр харилцан ойлголцсон. Гэтэл өнөөдөр 15 сайдыг нэр дэвшүүлэхдээ тохиролцсон гэдэг мэдээлэл яваад байна. Энэ нь улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс үү, эсвэл талуудын ашиг сонирхлын тохиролцооны журмаар явагдав уу. Сайдын суудлыг эрх ашиг дор нэгдсэн бүлэглэлүүд харилцан тохиролцож хуваах хэлбэрээр шийдсэн бол зарчмын хувьд буруу юм. МАН Засгийн газраа сая огцруулахдаа олон шалтаг шалтгаануудыг гаргаж тавьж байсан. Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг нь төрийн албыг худалддаг, 60 тэрбум төгрөгийн тухай асуудал байсан. Энэ нь олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан. Гэтэл тэр шалтгаантай холбоотой гэх хүмүүсийг хуваарилалтын зарчмаар Засгийн газарт одоо оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Энэ нь бидний Ерөнхий сайдад итгэсэн итгэлийг тодорхой хэмжээгээр алдагдуулж байна.

-Засгийн газрыг тогтвортой байх үүднээс МАН дотроо ойлголцож, тохиролцож орж ирэхээс аргагүй нөхцөлтэй байгаа болов уу. Тиймээс У.Хүрэлсүх томилгоон дээр буулт хийхээс аргагүй байсан байх?
-Тохиролцож байгаа нь буруу. У.Хүрэлсүхэд аливаа нэг тохиролцоонд орохгүй, шударга хандах чадвартай гэж харж найдлага тавьсан. Үнэхээр энэ Засгийн газрыг өөрийнх нь хүсээд байгаа шударга ажиллачих мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж магадгүй гэж бид дэмжсэн. Тэгтэл 60 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдсон нөхдүүдтэйгээ буцаад тохиролцоод ороод ирж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг зөвхөн тогтвортой байлгахын төлөө өөрсдөө шүүмжилж байсан нөхдүүдтэйгээ тохиролцоно гэдгийг юу гэж ойлгох вэ. Бид Ерөнхий сайдтай бодлогын зүйл дээр хамтран ажиллах тухай ярилцсан. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхдээ аль болгоныг өлгөж авч гацаахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

-Энэ Засгийн газрын сайд нар 100 хувь давхар дээлтэй орж ирлээ. Үүнийг буруу гэж харж байгаа хүмүүс олон байна?
-Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн бишийн хувьд УИХ-тайгаа ажлын бодлогын уялдаа холбоотой байхын тулд Засгийн газрын гишүүдийн нэг хэсэг нь буюу ялангуяа ерөнхий чиг үүргийн яамдууд давхар дээлтэй байж болох юм гэдэгт АН-ын зүгээс байр сууриа илэрхийлсэн. Энэ нь Засгийн газар УИХ-тай харилцан ойлголцоход бодлогын тэнцвэр нь гэж харсан. Тиймээс тодорхой хэмжээнд давхар дээлтэй байх нь байж болох асуудал. Өмнө нь АН-ын засаг барьж байх үед “давхар дээл”-ийг эсэргүүцэж талбай дээр багт наадам хийж байсан МАН өнөөдөр өөрсдөө Засгийн газарт 100 хувь “давхар дээл”-тэй орж ирж байна. Энэ нь шударга ёс, Үндсэн хуулийн зарчмаас эхлээд олон зүйлийг алдагдуулж байгааг нь харуулж байна. Засгийн газрын бүтцийн асуудлаар АН-ын бүлэг байр сууриа дахин гаргана. Засгийн газрын ямар сайдыг дэмжих үү үгүй юу, ашиг сонирхлын зөрчил байна уу үгүй юу, хууль тогтоогч нар 100 хувь Засгийн газарт орох нь зөв үү буруу юу гэх мэт засгийн асуудалд АН-ын бүлэг өөрсдийнхөө шийдлийг гаргана.

-Хэрэв Ерөнхийлөгч сайд нараас татгалзвал хэрхэх вэ?
-Үндсэн хуульд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хугацаа долоо хоног гэж заасан. Хэрэв Ерөнхийлөгч долоо хоногийн дотор хариу өгөхгүй бол Ерөнхий сайд өөрөө УИХ-д сайд нарынхаа асуудлыг оруулах бүрэн эрхтэй.

-Засгийн газрыг огцруулахад АН-ын бүлэг нөлөөлж чадсан. Одоо нэгэнт тохиролцооны засаг байгуулагдаж байгаа бол УИХ дахь МАН-ын 65 гишүүн шийдээд явчихна биз ээ?
-Бидэнд зарчим барих нь чухал. УИХ дахь АН-ын есөн гишүүн нийгмийн хүсэн хүлээж байгаа захиалгыг биелүүлэхийн төлөө шаардлага тавих нь бидний үүрэг мөн. Энэ есөн хүний ард бүхэл бүтэн Ардчилсан нам, Ардчиллын үнэт зүйлийг тээгч иргэд байгаа. Энэ есөн хүний ард нийгмийн олонх болсон масс бий. Бид тэдний дуу хоолой гэдэг үүднээс бидний үгийг сонсох учиртай. Түүнээс энэ танхимд орж суучихаад бид нар 65-уулаа, та нар есхөн хүн гэж хандах хэрэггүй. Улс төрийн олонх, хүний олонх нь хаанаа байна вэ гэдгээ эхнээсээ соргогоор олж харж чадахгүй бол цаашаа явахгүй. Одоо нийгмийн нөхцөл байдлыг хар. Хүмүүсийн бухимдал ямар хэмжээнд хүрчихсэн байна вэ. Сонгуулиар амласан амлалт нь хаачив, хичнээн нь биелэчихсэн байна. Тиймээс бодит байдал дээр нийгэм бухимдалтай, хүлээж авахгүй байхад бид зөв явж байна гэж өөрсдийгөө зөвтгөх хэрэггүй юм. Бид шүүмжлэх зүйлээ шүүмжлэнэ. Дэмжих зүйлээ ч дэмжинэ.

-Засгийн газар товлосон хугацаандаа эмхлэгдэхгүй бол тарах ч хуулийн заалт бий. АН-ыг ийш нь аваачих сонирхол байна гэж хардаж байсан нь бий. Та шинээр байгуулагдаж буй энэ Засгийн газрыг хэр тогтвортой, урт настай гэж харж байна вэ?
-УИХ тарах тодорхой хуулийн хэд хэдэн заалт байдаг. Миний харж байгаагаар үнэмлэхүй олонх 65 хүнд УИХ-ыг тараах сонирхол байхгүй л болов уу. Би бодлоо хэлчихэд энэ УИХ-ыг тараасай гэж бодож байна. Яагаад вэ гэвэл бодлогын ямар ч шийдэл алга байна. Нам дотроо олонх, цөөнхөөрөө талцчихсан. Энэ талцал нь зөвхөн эрх ашгийн талцал гэж харагдаж байна. Ийм байдлаар бий болсон Засгийн газар үр дүнтэй ажиллаж чадах уу. Хэрэв алдаа гаргасан бол улстөрийн хариуцлагаа хүлээх нь зөв. УИХ-д 65-уулаа байгаа МАН дотроо хоёр хуваагдчихаад буцаад 65-уулаа кноп дарвал ашиг сонирхол дээрээ нэгдэж байгаа гэж харагдана. Одоо бид нар 65-уулаа, тохиролцчихлоо гээд кноп дарах ч биз.
Өнөөдөр нийгмийн ухамсартай хэсэг нь бухимдаад эхэлчихлээ. Нийгмийн бүх хэсэг бухимдаад эхлэх нь лав сайны дохио биш. Улстөрчид үүнийг мэдрэх ёстой. УИХ-д дөрвөн жил суух нь чухал байна уу эсвэл улс орны эрх ашгийг харж ажиллах нь чухал байна уу. Миний дотоод бодол бол алдаатай явж байгаа энэ бүх зүйлийг шинээр эхлэх юмсан гэсэн бодол байна. Бодлого ярихаа ч байсан, сандал ширээтэй зууралдсан энэ болохгүй зүйл юунаас эхэлсэн юм бэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Монгол орон уул уурхайгаа ашиглаж эхэлснээс хойш бидний зовлон эхэлсэн гэж хэлж болно. Баялаг байгаагүй үед бид хэдэн малтайгаа гахай үүрээд ч хамаагүй хөдөлмөрлөчих юмсан гэсэн цаг үе байсан. Өнөөдөр баян, ядуугийн ялгаа хэтэрхий их байгаа гэдэгтээ би санал нийлдэг. Баялгийг ард түмэнд хүртээж чадаагүй эхний гарааны алдаа бидэнд өнөөдөр маш хүндээр тусах болсон. Манай улсын баялгийн хуваарилалт хяналтгүй, гадны нөлөөлөл орсноос бидний зовлон эхэлсэн. Уул уурхайг дагасан лизенз, гадагшаа урссан мөнгө уг нь Монголын мөнгө байх ёстой байсан. Монголын мөнгө болгож чадаагүй, бодлого байгаагүйгээс хэсэгхэн улсуудын хармаанд орж хямрал эхэлсэн. Уул уурхайн хууль бус мөнгөнөөс эхлэлтэйгээр Монголын ард түмний саналыг мөнгөөр худалдаж авдаг руу шилжсэн. Энэ засаг төрд шударга хүмүүс цөөхөн болсон. Бид цаашдаа ингээд яваад байх хэрэг үү. Тийм учраас баялгийн хуваарилалтаа өөрчилж иргэддээ ногдуулдаг болох зам руу орох ёстой. Ерөнхийлөгч сая сонгуулийн үеэр бүгдээрээ баялгийн хуваарилалтаа зөв хийе гэсэн мессэж өгснийг дэмжиж байгаа.

-Баялгийн тэгш хуваарилалтыг хэрхэн зөв хийх вэ?
-Газрын гүнээс гарч буй баялаг бүрийн үнэ цэнэ ард түмэнд очдог хүртээлтэй байх ёстой. Гадагшаа гарч байгаа баялагийн мөнгөний хэдэн хувь нь Монголд орж ирж байна вэ гэдэг дээр УИХ-аас хэн ч ярихыг хүсдэггүй. Энэ тухай ярихаар энэ төрлийн асуулга УИХ дээр унадаг. Шударга бус зүйл энэ төрд бат бөх болчихсон байгаа. Манай улс уул уурхайн ганц тулгуурт эдийн засагтай улс орон. Баялгийн үнэ өсөхөөр эдийн засаг жаахан өсдөг. Эдийн засаг гайгүй дээшилсэн хэрнээ иргэдийн хармаанд таван төгрөг ч нэмэгдэггүй. Оюутолгойн гэрээ анх байгуулагдахад дөрвөн компани оролцсон. Тэрний хоёр нь оффшор компани байсан. Нэг нь монгол компани, нөгөө нь Айвенхоу майнз. Дөрвөн компани энэ гэрээг байгуулснаар дөрвөн талд ашиг хүртэж байгаа. Хоёр нь хэний ашиг вэ гэдэг дээр хариулт өгөх шийдвэр гаргах түвшний хүн өнөөдөр олддоггүй. Хэн нэгний яллахын тулд би үүнийг яриагүй юм шүү. Шударга байхын тулд хэрвээ буруу зүйл хийсэн бол түүнийхээ хариуцлагыг хүлээдэг, алдаагаа бид хамтдаа засах ёстой. Тэгж байж гадагшаа гараад буй мөнгө Монголдоо үлдэж, иргэдийн амьдрал ахуй сайжирна.

-Өнгөрсөн дөрвөн жил АН олонх байхдаа юу хийж байсан юм гэж та бүхнийг хэлэх хүн байдаг?
-Үнэндээ оролдоод дийлээгүй. Гадны дарамт манай улсын бодлогод тодорхой хэмжээгээр орж ирж байхыг үгүйсгэхгүй юм. Заримдаа улс орноо бодож зарим зүйлд зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрэх ч үе бий. Сайханбилэгийн Засгийн газрын Дубай хэлэлцээг шүүмжилж ярьдаг. Хэрэв Дубай хэлэлцээ хийгдээгүй байсан бол, Оюутолгойн далд уурхайн ажил зогсож өнөөдрийнхөөс ч дор амьдрах байсан байж мэдэх юм. Ганцхан тулгуурт эдийн засагтай улсад шууд үүнийг нь аваад хаячихвал сүйрнэ биз дээ. Одоо харин зөв бодлогын эхлэлийг хамтдаа хийх хэрэгтэй байна. Дараа дараагийн олон ордууд ашиглалтад орно. Эхнээсээ харамсалтай мэдээллүүд ч гарч байна. Бид энд алдаагаа дахин давтах эрхгүй. Үндэсний томоохон компаниудаа дэмжих хэрэгтэй. Оффшор компани байгуулж гадныхантай нийлж хувь цохиж суудаг хэрнээ алийн болгон үндэсний компаниа ажил хийснийх нь төлөө яллаад сууж байх ёстой юм бэ. УИХ-д сууж байгаа зарим улсыг хар л даа. Гаднаа сайхан сайхан зүйл ярина. 1.2 сая төгрөгийн цалинтай хэрнээ үнэтэй хаус эдлэнтэй, насаараа бизнес хийж үзээгүй мөртлөө хөрөнгөжсөныг юу гэхэв. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар шинээр томилогдохдоо яг ийм шахалтаар байгуулагдах юм бол урт нас байхгүй.

-Хармагтайн орд хэний шийдвэрээр хэнд шилжчихэв гээд л яригдаад байна?
-Гадны хүний нэр дээр байдаг орд сурагтай. Манай улсад гадны улс хүрз барьж орж ирээд шууд ухчихаад манай улсаас зөвшөөрөл авах чинь лав тулгадаг хэрэг биш биз дээ. Тэрний цаана хэн нэгэн байгаа. Хэн нэгэн байхдаа улстөрчдөөс байгаа гэж би харддаг. Гадныханд эхлээд дулдуйддаг, дараа нь тэдний боол болж байна. Ийм л дүр зураг Монголд бий болсон.

-АН шинэчлэл явуулж намын бүх гишүүдээсээ асуудаг болсон. Энэ нь фракц, бүлэглэлийн хүчийг харьцангүй сулруулсан гэж харагддаг. Үнэндээ МАНАН бүлэглэл ч юм уу хувийн эрх ашгийн нэгдэл хэвээр байгаа цагт аль ч намд итгэл үзүүлсэн ялгаа алга гэлцэж байна?
-Намууд дотор үзэл бодол, санал нийлдэг хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байдаг юм. Гагцхүү ямар эрх ашгийг нэгдүгээрт тавьж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Манай АН-ын шинэчлэл явагдаад нийт гишүүдээсээ асуудаг болсон процесс нь үзэл бодлын тодорхой зөрүү байсан ч бид эцсийн үр дүнгээ хүлээн зөвшөөрдөг болсон. Яг үнэндээ АН дотор фракциуд саармагжсан уу гэвэл саармагжсан. Яагаад саармагжсан бэ гэвэл нэгэнт бид Ардчиллын шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд өөрсдийнхөө дүрмэнд захирагдаж явах ёстой гэдгийг ойлгож байгаа. Энэ зөв эхлэлээ цааш нь яаж институт болгох уу гэдэг дээр санаа зовж байна. Дан ганц манай нам үүнийг хийхгүй юм. Ер нь улс төрийн бүх нам ийм байх ёстой гэсэн хандлага сүүлийн үед ажиглагдаж байна. Тийм учраас Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй байна. Төрийн бодлого улс төрийн намаар дамжиж байгаагийн хувьд улс төрийн намуудаа хариуцлагатай болгож, гишүүддээ тодорхой шалгуур тавих цаг ирсэн байна. Үнэндээ улс төрийн намын далбаан дор бодлогогүй, амбицтай хүмүүс орж ирж үймүүлдэг болсон. Бодлого ярьдаг хэсэг нь шахагддаг болсон. Намууд өөрсдөө цэвэршиж өөрчлөгдөөгүй цагт төрийн бодлогыг тунгалаг болгох нь хол байгааг өнөөдрийн зовлон нотлоод байгаа юм. Бүх намууд хамтраад Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 2030 он хүртэлх бичиг баримтыг өмнөх их хурлаар баталчихсан. Яг үүгээр Монгол төрийн бодлого явах ёстой юм. Харамсалтай нь сонгуулиар ялж гарч ирээд МАН төрийн бодлогыг хаяж, зөвхөн намынхаа дотоод зодоонд орсон. 2030 он хүртэл Монгол Улс юу хийх зорилттой вэ гэдэг томьёоллыг бүх салбаруудад нэг бүрчлэн гаргасан байгаа. Гэтэл үүнийг ерөөсөө дурсахаа ч больсон. Бодлогогүй болчихоод байгаа төр гэж би үүнийг хэлээд байгаа юм.

Б.ДОЛЗОДМАА
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

0 Сэтгэгдэл
За хө УИХы-г тараагаад дахин сонгууль явуулах санаатай, сэрэхгүй бол сайхан зүүд байнаТаныг Сэлэнгэчүүд УИХ-д ард түмэндээ хэрэгтэй хуудь батлаасай,эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэйгээр УИХ-д суугаасай гэж сонгосон болохоос УИХ-ыг тараагаад хэрүүл хийгээсэй гэж сонгоогүй байх шүү.Амар хийдийн замыг тавиачээ.Та энэ замын ажлаар ард түмний тархийг угааж гарсан биз дээ.Замаа нэхэж байна
Uls tur togtbortoi baigaasai gj hun bur husdeg ene ubuu chini haanahin hun be sonin sanagdaj bna
ene muu damhar tolgoit uuruu suudalaa tavij ugvul taarna....
ЭНЭ ТӨР ТАРААСАЙ ГЭДЭГ НЬ МОНГОЛ УЧРАА ОЛОХГҮЙ БУЖИГНААСАЙ ГЭСЭН ДАЙСАГНАСАН БОДОЛ ТЭЭГЧ ЮМЫГ ӨӨД НЬ ТАТДАГ БАЙТАЛ НУРААСАЙ ГЭЭД СУУЖ БАЙДАГ их -ЫН ГИШҮҮН БАЙДАГ Л ЮМ БАЙНА
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com
Энэ үогийн гар нэг иймэрхүү юм яриад л даоаагийн сонгужль яаж энэ төрийг гацааж нэр хүндийг унагах вэ? Гэхээс өөр яиар ч зүйл хийхгүй
тараагаад та еерее сандал ширээний сонирхолоо хэрэгжvvлэх нь vv, горьдвоо
Хамгийн их уншсан