Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Бямбадорж:Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал бишидлээ гээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад 8 сарын өмнө нууцын зэрэглэлтэй бичиг өгсөн


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны 3 дугаар сарын 24-нд "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны 2017 оны 10 дугаар сарын 17-ны хуралдаанаар тус илтгэлийг хэлэлцлээ. Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хуралдааныг даргалж, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батчулуун, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Ч.Алтанхишиг, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар оролцож мэдээлэл өгөв.



Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж " Энэ асуудлыг зөвхөн Байнгын хороогоор оруулаад зогсоомооргүй байна. Хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулъя. Тийм учраас тогтоол гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэр гаргаж өгөөч ээ. Жишээлбэл, Эрүүгийн хуулин дахь хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой одоогийн заалт нь өмнөхөөсөө өөгшүүлсэн гэх нь хаашаа юм, маш сул болсон. Аймаар баримтуудыг хараад шөнө нойр хүрдэггүй юм. Тийм баримтуудыг та бүхэнд хэлэх болно. Үүнийг засах арга зам нь хуулинд өөрчлөлт оруулах явдал. Хүүхдийн наймаа, хүн худалдаалах гэмт хэргийн асуудлыг тэмцээд болж байгаа, одоо хүүхдийг хилээр барагтай бол нэвтрүүлж гаргаж чадахгүй болсон. Тэгвэл хэвлийдээ тээж гаргадаг үзэгдэл гарсан. Хилээр буцаад орж ирэхэд таны хэвлийд байсан хүүхэд хаачив гэдгийг асуух заалтыг хуулинд тусгаж өгөхгүй бол бид жил гаруй хөөцөлдөөд, хилийнхэн ч тэр хуулинд оруулж өгөхгүй бол яагаад ч болохгүй юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Дээр нь илтгэлд тусгасан асуудлаар хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас та нар хэлэлцэж өгөх болов уу гэж найдаж байна. Ингээд асуудлыг танилцуулъя. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг өнгөрсөн 3 дугаар сард УИХ-д өргөн барьж, бүх гишүүнд тараасан байгаа. Тийм учраас дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж үзэж байна.

Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн асуудлыг тусгаж, хэд хэдэн асуудлыг хөндсөн, тухайлбал, үндэстний цөөнхийн Баян-Өлгий аймагт байгаа монгол хэлээр ярьдаг иргэдийн эрх, эх хэлээрээ суралцах асуудал хөндөгдсөн. Янз бүрийн байдлаар яригдаад олон улсын шинжээчид хүртэл ирж танилцсан асуудлыг илтгэлд орсон учраас та бүхнийг шийдвэр гаргаж өгнө байх гэж бодож байна. Хөдөлмөрлөх эрхийн асуудлыг хоёр түвшинд авч үзсэн Хөдөлмөрийн хуулийг яаралтай шинэчлэх ёстой гэсэн саналыг тавьж байгаа, сонгууль болгоны хойно төрийн албан хаагчдыг ажлаас халдаг асуудлыг зогсоох ёстой зэрэг асуудлыг хөндөж санал гаргасан. Бид нэлээд хэдэн жилийн өмнөөс цагдаагийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудал ярьж байна.
Энэ удаа зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар санал оруулсан. Учир нь тушаалаар ажилладаг нэрийн дор, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн асуудал хүнд байна. Цагдаагийн ажилтнууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхны асуудал тус бүрийнхээ хуулинд тусгагдсан, гэхдээ хаягдаж орхигдсон зүйл ч бий. Хугацаат цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг ч тусгасан. Заримдаа НҮБ-ын гишүүдэд зэмлүүлдэг асуудал болох эрүү шүүлтийн асуудлыг энэ жил ч бид бас дуугарсан. Дуугарахаас ч өөр арга алга. 16 илтгэлийн 9-д нь хөндсөн.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг тусгалаа. Энэ хуулийн нэр томъёо буруу, гишүүд ээ. Жендэрийн тэгш байдал гэдэг, эрх тэгш байдал нь жендэрийн зөвхөн нэг хэсэг нь. Тийм учраас хуулиа ч өөрчилье. Хоёр жил тутам энэ тухай УИХ-д мэдээлэх ёстой. Хуулийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан учраас та бүхэн анхаарна биз ээ.
Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүй, бэлгийн хүчирхийллийн асуудал гараад байхаар нь судалж эхэлсэн юм. УЕПГ-аас мэдээлэл авсан. Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн газраас мэдээлэл авсан. Ингээд илтгэл хэлэлцүүлэх хугацааг хүлээх хэцүү байсан учраас бид 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ерөнхийлөгчид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн УИХ-ын даргад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Ерөнхий сайдад нууцын зэрэглэлтэй бичиг бичсэн. Өнөөдөр яг 8 сар өнгөрсөн байна. Энэ асуудал бишидлээ гээд НҮБ-ын Хүн амын сантай, тэднийх бас манайд анхааруулга өгсөн учраас, энэ оны 5 дугаар сард Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороонд Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцсэн учраас энэ асуудлыг цааш нь эрж судлахгүй бол үндэсний аюулгүй байдлын нэлээд ноцтой байдалд хүрлээ гэж үзээд төсөл хэрэгжүүлж байна. Хүний эрхийн Үндэсний Комисс энэ хугацаанд 3 газар очиж ажиллалаа, ирээд нойр хүрэхгүй байна, гишүүд ээ. Энэ нөхцөл байдал айлгаж байна.

Энд хэдэн тоо хэлье. Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсний 295 нь эмэгтэй, хамгийн бага нь 2 настай, мөн 3 эрэгтэй хүүхэд хохирогч болсон. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Цагдаад шалгагдаагүй хэрэг зөндөө байгаа. Эдгээрээс 47 хувийг нь хэрэгсэхгүй болгосон. Өчигдөр 6 настай хүүхдийн асуудал яригдаж байна. Сая биднийг Булган аймагт ажиллах үед 4 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг шалгагдаж байгаа. Сэтгүүлчид та бүхэнд хүргэсэн. 1 нас 4 сартай хүүхдийг хүчиндсэн хэрэг шалгагдаад явж байна. Энэ Монгол хүнд байж болох уу? Дэлхий Монголыг юу гэж ойлгох вэ?
Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн жирэмслэлт их байна. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 12-17 насны 1613 эх амаржсан байна. 20 хүртэлх насны 18160 эх үр хөндүүлсэн. Энд зөвхөн улсын эмнэлэгт хийгдсэн мэс ажилбарын тоо, хувийн эмнэлгийнх гардаггүй. Сая Орхон аймагт очиход тус аймаг үр хөндөлтийг зөвхөн нэгдсэн эмнэлэгт хийнэ гэж гэхээ хувийн эмч өөрөө хийнэ, багаж, нөхцөл нь сайжирна гэж үзэж, гэтэл Мэргэжлийн хяналтаас ирээд "та нар улс, хувийн эмнэлгийг ялгаварлан гадуурхаж байна” гээд болиулчихсан. Урьд нь үр хөндөлтийн тоо хувь нэлээд бодитой гардаг байсан бол одоо нууц байдалд шилжиж, бүрэн тооцоолж болохооргүй болсон. Мөн үр зулбуулдаг эм гадуур хараа хяналтгүй зарж худалдаалдаг. Тэгэхээр энэ тоо 17 мянга хол давах шинжтэй. Сургуулийн орчинд 13-аас дээш насны охидыг "одоо хүртэл онгон явдаг, ичдэггүй юм уу" гэж гадуурхан шоолох хандлага байдаг судалгаа бий. Энэ явдал хэрээс хэтэрлээ.

Зүй ёсоор бол бага насны хүүхдийг жирэмсэн болгосон хүн хатуухан хэлэхэд, шоронд явах ёстой. Гэтэл ямар хэрэг нь шалгагддаг вэ гэдэг нь харагдаж байна. гомдол гаргасан тохиолдолд шалгагдаж байна.
Бага насны хүүхдийн жирэмслэлтээс шалтгаалан, гэр бүлийн орчинд асуудал үүсч байна. Манай улс 18 хүрч байж гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг өөрчлөх ёстой юу? Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн ирээдүй, нийгмийн амьдрал, сэтгэхүй ихээхэн хор уршигтай, харамсалтайгаар өөрчлөгддөг” гэв.

ХЭҮК-ын танилцуулга мэдээллийг сонссоны дараа УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тусгайлан төсөв батлах шаардлагатай, эрх зүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтэд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байв. УИХ-ын гишүүд өсвөр насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой нийгэмд шуугиан тарьж буй зарим кэйс, хүчингийн гэмт хэргийн хохирогчдоос шинжилгээний хураамж авах хэр зохистой, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгаа талаар ЦЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төлөөллөөс мэдээлэл сонсов. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол баривчлах ялтай байгаа. Төсөв байхгүйгээс хамгаалах байрууд ажиллах боломжгүй зэрэг шийдвэрлэх зүйл цөөн биш болохыг мэдээлж байлаа.
Ийнхүү УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан үргэлжилж, горимын саналаар охид, эмэгтэйчүүдийн зарим эрхийн асуудлын нөхцөл байдлыг хаалттай хуралдахаар болсон юм. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан