Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лу.Болд: 65-ын бүлэг Эвлүүлгийн Засгийн газар буюу Хууль тогтоох тасаг байгуулсныхаа төлөө хариуцлага хүлээх болно



УИХ-ын гишүүн Лу.Болд цагт хавчигдалгүй сайд нараа нэг бүрчлэн ард түмнийхээ өмнө нээлттэй хэлэлцэж, томилох нь зүйтэй гэдэг саналыг УИХ-ын танхимд илэрхийлээд Засгийн газрын танхимыг 100 хувь давхар дээлтэй сайд нараар бүрдүүлсэндээ МАН Монголын түүхийн өмнө хариуцлага хүлээх болно гэв.

Тэрээр “ Энэ Засгийн газар бяр их ярьж байна. Бяртай Засгийн газар, Бяртай сайдууд л гэнэ. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байхаар бяртай болдог юм байна л даа. Гэтэл 15 сайд чинь Засагтаа бяртай байж чадах уу. Ерөнхий сайдтайгаа 50:50 гэсэн эрхмэдэлтэй гээ биз дээ. Ер нь бяртай Засгийн газар гэдэг асуудал байхгүй гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Яагаад бяр яриад байна гэхээр бид чаддаг юм, бид шийдсэн, давхар дээл өмсөнө, давхар дээл зөв, энэ бидний эрх гэж буйдаа байх. Гэвч бусад улсаас жишээ авахад ийм байна гээд Германыг ярьж байна.

 Харамсалтай нь, Герман чинь парламентын 700 гишүүнтэй. Тэнд 100 хувь Засгийн газар нь парламентын гишүүнээс бүрддэг гэдэг ч худлаа. Холимог л байдаг.  Манайхаас цөөхөн сайдтай. Англи, Япон гэж байна. Дандаа парламентын гишүүний тоо 600-гаас дээш байгааг анзаарсан уу. Огт өөр системтэй шүү дээ. Бид хэнтэй өөрсдийгөө харьцуулах ёстой вэ гэхээр 3-4 сая хүн амтай, парламент нь 70-100 гишүүнтэй Эстони, Латвитай. Гэхдээ тэнд тохиролцвол парламентын гишүүнээс чөлөөлөгдөөд засагтаа ордог. Хэрвээ огцорвол буцаад парламентын суудалдаа суудаг. Дэлхий ертөнц дээр ингэж давхар дээлний асуудал яригддаг. Гэтэл бид парламентдаа 70 гишүүнтэй байж, цоо шинээр дугуй зохиогоод Засгийн газраа УИХ-ын байнгын хороо болгоод байгуулчихлаа.

 Цаашид парламент хэрхэн хуралдах вэ. Парламент Засгийн газартай хатуухан ярих гэхээр 15 сайд нь нэг нэг хүн чимхээд л суучихна. Бяртай гээд байгаа 65-ын бүлэг эвлүүлгийн Засгийн газрыг ингэж байгуулсныхаа төлөө Монголын түүхийн өмнө хариуцлага хүлээх болно. Монголын парламентыг Засгийн газрын хавсрагад оруулж, Хууль тогтоох тасаг байгуулсныхаа төлөө хариуцлага хүлээх болно гэдгийг сануулж байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан