Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ксении Собчак ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө



Оросын телевизийн дуулиант хөтлөгч, сэтгүүлч Ксения Собчак ирэх оны 3 дугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо албан ёсоор зарлалаа. Тэрээр өөрийгөө “ бүхний эсрэгөрсөлдөгч” хэмээн нэрлэсэн бөгөөд өөрийн дуу хоолойгоор Оросын улстөрд өөрчлөлт авчирна гэж итгэж буй гэнэ.
“Би бол Ксения Собчак. Би 36 настай. Бүх л амьдралынхаа туршид Орост амьдарч, ажиллаж байна. Би миний эх оронд юу болох нь надад огт хамаагүй гээд дуугүй суудаг нэгэн биш. Би олон нийтийн өмнө гаргаж буй үйлдэл бүртээ хариуцлагатай хандахыг хичээдэг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн эрсдэлтэй бас хариуцлагатай мэдэгдлийг хийснээр миний эрх оронд зайлшгүй хэрэгтэй байгаа нэг алхамыг л хийж чадна гэж итгэж байна. Би нэр дэвшигчийн биш энэ сонгуульд нэр дэвшиж чадахгүй бүх хүний дуу хоолой  болохын тулд ийм алхам хийж байна. Оросын улстөрийн бүхий л шат давхаргад байгаа энэ бурангуй системийн талаар би баруун зүүнгүй мэдээлэхэд бэлэн байна. Учир нь төрийн авлига, хяналтгүй байдал, эрх мэдлийн ялгаа нь бидний оюун бодлоос аль хэдийнэ алдарчихлаа” хэмээн тэрээр хэлээд  “Би бол хувьсгалчдыг эсэргүүцэгч. Гэхдээ би сайн сургагч, зохион байгуулагч. Бид хамтдаа байвал хүчтэй байж чаддаг. Тэд эсэргүүцлийн эсрэг юу ч амласан бид сөрж зогсоно.” гэж мэдэгдлээ төгсгөсөн байна.


Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Собчакийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай мэдээллийг тайвнаар хүлээж авч, Оросын эрх ашгийн төлөө, ард түмний сайн сайхны төлөөх хэн бүхэнд улс төр нээлттэй гээд “Би түүний эцгийг маш их хүндэлдэг. Ксенияд болон Оросын бүх иргэнд сонгуульд өрсөлдөх эрх бий. Гэхдээ сонгуульд өрсөлдөхөд хувь хүний харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Гол нь ямар мөрийн хөтөлбөрийг санал болгож, сонгуулийн компанит ажлаа хэрхэн зохион байгуулах вэ гэдгээс л үр дүн нь хамаардаг. Мэдээж өөр өрсөлдөгчид цаашид гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байгаа” хэмээн хэлсэн байна.
 Гэвч үүнээс өмнө хэвлэл мэдээллээр Кремль ирэх жилийн сонгуульд Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгчөөр эмэгтэй хүн сонгосон тухай мэдээлэл гарч байсан юм. Хэвлэлийнхэн магадгүй Ксения Собчак ч энэ хувилбараар гарч ирсэн байх гэж бичсэн ч  Собчак өөрөө үүнийг илт үгүйсгэж буй гэнэ.



Ксения Собчакийн хувьд 1981 оны 11 дүгээр сарын 5-нд төрсөн. Эцэг нь Санкт Петербургийн захирагчаар 1991-1996 онд ажиллаж байсан, ээж нь Тувагийн сенатороор Төрийн ДУМ-д сонгогдож ажиллаж байсан гээд улстөрчдийн гэр бүлд төрж өссөн нэгэн. Тэрээр хүүхэд байхын аавтайгаа үргэлж маргалдаж “Надад ч ардчилал хэрэгтэй байна” хэмээн чанга хэлдэг өөртэй итгэлтэй зөрүүд нэгэн байж.  В.Путин түүний эцгийн зөвлөхөөр ажиллаж байх үеэс танилцсан гэдэг бөгөөд  аавынхаа нэр алдраар бус өөрийн хүчээр олны танил болж чадна гэсэн мөрөөдөлтэйгээр Москвад ганцаар ирж амьдарч эхэлсэн гэдэг. 2004 оноос Оросын телевизийн алдарт “Дом-2” шоуг хөтлөснөөр олны танил, нэр алдартай хөтлөгч сэтгүүлч болж чадсан гэдэг. Үүнээс хойш “Саятан болохыг хүсдэггүй хэн байхав”, “Сүүлчийн баатар”, “Хоёр од” зэрэг олон нэвтрүүлэгт хөтлөгч, редактороор ажилласан бөгөөд мөн хэдэн арван кинонд тогложээ. Загварын болон олон нийтийн танил байх тухай зэрэг 5 ном бичжээ. 2012 оноос улстөрийн цуглаан хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд “Цэвэр сонгуулийн төлөө” хөдөлгөөнд голлох байр суурьтай оролцжээ. 2012 ондоо MTV- Орос сувгаар “Путин биднийг хааш нь хөтлөнө вэ” нэртэй хэлэлцүүлгийн нэвтрүүлэг бэлтгэж хөтөлсөн боловч ганцхан дугаар л гаргасан байна. Тухайн сувгаас энэ нэвтрүүлгийг цуцалж, хаажээ.


 Одоогоор “Собчак амьд” нэртэй хөтөлбөрийг “Бороо” сувгаар бэлтгэж цацдаг мөн L official загварын сэтгүүлийн ерөнхий редакторын алба хашдаг. 2013 онд Оросын нэр жүжигчин Максим Виторгантай гэрлэж, 2016 онд хүүгээ төрүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан