Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Банк, санхүүгийн хууль эрх зүйн орчинг бүрэн шинэчилнэ



Эдийн засгийн нөхцөл байдал ямар дүр төрхтэй байхыг тодорхойлдог нэг мэдрэгч нь мөнгөний бодлого. Тэгвэл ирэх онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор ОУВС-тай хамтарч 2017-2020 онд баримтлах цогц  хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд энэ оны эхний хагас жилд эдийн засаг сэргэж 5.3 хувийн өсөлттэй гарч хөдөлмөр эрхлэлт 9.4 хувиар нэмэгдсэн. Гэвч дунд болон урт хугацаанд гадаад төлбөрийн дарамт, өрийн түвшин өндөр хэвээр байна. Иймд төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр ирэх он жилүүдэд мөнгөний бодлогыг төв банкны нээлттэй байдал, хариуцлага, засаглалыг сайжруулах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг  зорилт тусган боловсруулсан” хэмээн онцолж буй юм.

Инфляц энэ оны наймдугаар сард 5.4 хувьтай гарсан. Оны сүүлчээр 7 хувьтай гарах төсөөлөл гарч байгаа. Харин ирэх онд найман хувьд барих зорилтыг Монголбанк мөнгөний бодлогодоо тусгаад байна. Манай улс үйлдвэрлэл бус ашигт малтмалын экспортод дулдуйдсан эдийн засагтай. Иймээс эдийн засаг сэргэхийн хэрээр импорт нэмэгдэж бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ нь инфляцыг үйлдвэрлэдэг гэж хэлж болно. Гэтэл ойрын хугацаанд эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, ирэх оны эхээр нэмэгдэх зарим татвар зэрэг нь инфляц өсгөх хандлага ажиглагдаж байгаа юм. Тэгэхээр төв банк инфляцыг 8 хувиас хэтрүүлэхгүй тогтвортой барих шаардлага зүй ёсоор тулгарч байгаа тул ирэх оны мөнгөний бодлого үүнд чиглэж байна.

Манай улсын эдийн засаг, банк санхүүгийн салбар энэ онд олон хүнд сорилтыг даван туулж байгаа. Хэдийгээр эдийн засаг сэргэж эхэлсэн ч ирэх онд  хүндрэлтэй байдал төдийлөн өөрчлөгдөөгүй. Иймд  мөнгөний бодлогын бас нэг чухал зүйл нь банк, санхүүгийн тогтвортой байдлыг бататган хадгалах явдал юм. Ингээд төв банкны бие даасан байдал, үйл ажиллагаа, засаглалыг олон улсын жишигт хүргэх, шинэчлэх зорилго тавьж байна. Энэ хүрээнд банк, санхүүгийн хууль эрх зүйг шинэчлэхээр 10 хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэнэ. Тухайлбал, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль,  Актив удирдлагын тухай хуулийг тус тус боловсруулж байгаа аж. Мөн валютын нэгдсэн зохицуулалт  бий болгох, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийг дэмжих зорилгоор Валютын зохицуулалтын тухай хууль, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэх, гадаад төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангахын тулд Мөнгө угаах, терроризмтыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчилнэ.

Ирэх оны мөнгөний бодлогын гол цөм нь эдийн засгийн өсөлтийг хангах, тодорохой бус байдлыг бууруулж эрсдэлээс зайлсхийх, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх шаардлага тулгарч байна. Дашрамд дурдхад манай улсын гадаад валютын нөөц 1.7 тэрбум гаруй ам.доллар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан