Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Ви Гюн: Солонгосын хэвлэлийн мэдээлэл нь үнэн байх тусам хэрэглэгчийн тоо нь өсдөг


БНСУ-ын ГХЯ-ны урилгаар тус улсад тав хоног аялсан сэтгүүлчдийн баг хөтөлбөрт тусгагдсаны дагуу Солонгосын “Хэвлэл мэдээллийг дэмжих сан”-д зочлов. Тус сангийн Олон улсын төслүү  д хариуцсан дарга Сун Юн Сүг болон Гадаад харилцааны албаны хэлтсийн дарга Кан Хе Жү, сангийн судалгаа хариуцсан Ким Ви Гюн биднийг хүлээж авсан юм. 



Энэ удаагийн уулзалт “Солонгосын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал” сэдвийн дор өрнөсөн. Эл сэдвээр Ким Юн Гэн гэх эрхэм бидэнд танилцуулга хийв. Тэрээр судалгаагаар дагнан ажилладаг бөгөөд хэвлэл мэдээллийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм билээ. Мөн Хэвлэл мэдээллийг дэмжих сангийн судалгааны багийг ахалдаг учир өгсөн мэдээлэл нь их өргөн хүрээтэй байлаа. Түүний өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
Дэлхий дахинд сонин, сэтгүүл, интернэт, онлайн сонинг хуулиар зохицуулж явдаг хэдхэн улс бий. Тэрний нэг нь БНСУ юм байна. Сонин, хэвлэлийн хуулийн дагуу Хэвлэл мэдээллийг дэмжих санг байгуулжээ. 1962 онд үүсгэн байгуулагдсан тус сан сургалт, судалгаа гээд олон төрлийн үйл ажиллагаа явуулдгаас гадна бусад улс орны хэвлэлийн салбарынханд өөрийн улсын хэвлэл мэдээллийн байгууллагын талаар мэдээлэл өгдөг байна.
Солонгосын орчин цагийн сонин нь 100 гаруй жилийн түүхтэй гэв. Солонгосын хамгийн анхны орчин цагийн сонин болох “Дунниб шинмүн”  буюу Тусгаар тогтнолын сонинг 1896 онд Со Жэпил хэмээх профессор гаргажээ.
Харин хамгийн удаан хугацаанд гарч буй нь “Сөүл шинмүн” бол олон уншигчтай нь “Жусон илбу”, “Дун-а илбу”. Хамгийн олон уншигчтай эдгээр сонин 1920 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй гэх. 1987 он нь Солонгосын хэвлэл мэдээллийн салбарт чухал үед тооцогддог байна. Учир нь, энэ үеэс ардчилал бий болж олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болжээ.

Түүгээр ч зогсохгүй сонины газар телевиз ажиллуулахыг хориглодог байсныг болиулснаар мэдээллээ олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх болсон гэж үздэг. Иргэдээс авсан судалгаагаар мэдээ, мэдээлэл авах боломжтой хэрэгсэл нь интернэт гэж гарсан тул онлайн сонин, сэтгүүл нь эрчимтэй хөгжиж буй гэнэ. Гэхдээ “Never news”, “Tom news” гэдэг хоёр портал сайт нь хэвлэл мэдээллийн салбартаа тэргүүлдэг. Yahoo, Google шиг бүхий л мэдээллийг хайх боломжтойгоор ашигладаг учир Солонгосын хэвлэл мэдээллийн салбарыг 100 хувь гэж үзвэл 70 хувийн мэдээ, мэдээллийг энэ хоёр сайтаас л авдаг гэв.
Хүн амынхаа тоотой харьцуулбал хэвлэл мэдээллийн хэрэгсэл олонтой гэж үздэг байна. Учир нь, одоогийн байдлаар өдөр тутмын сонин 383, 15 телевизийн суваг, 100 гаруй кабелийн ТВ, бүртгэлтэй интернэт сонин нь 6600 гаруй юм байна. Зах зээлийн хэрэглээтэйгээ харьцуулахад хэт олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй учир энэ салбарт өрсөлдөхөд тун хэцүү.

Мэдээ мэдээлэл авахын тулд ашиглаж байгаа хэрэгслийн нэгдүгээрт телевизор, дараа нь интернэт, мобайл ордог гэв. Энэ нь насанд хүрсэн хүмүүсээс авсан судалгаа. Тус судалгаагаар 20 гаруй хувь нь цаасан сониноос мэдээлэл авдаг гэжээ. Энэ хувь 20 жилийн өмнө 85,2 хувьтай байжээ. Тэгэхээр сүүлийн үед сонинг цаасаар уншдаг хүний тоо эрс буурсан байна.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэр их цаг зав зарцуулж байна вэ, хэдээс хэдэн насныхан ямар мэдээллийг түлхүү авахыг хүсч байна вэ гэх зэргээр нэлээд нарийвчилсан судалгаануудыг авч дүн шинжилгээ хийдэг юм байна.
Солонгос улсын хувьд 20-иод насныхан буюу илүү залуу байх тусмаа олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ нас нь залуужих тусмаа мэдээ үзэж буй цаг нь бага байж. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад залуучуудад мэдээ, мэдээллээ хүргэхийн тулд хичээж ажиллаж байгаа гэнэ. Хамгийн түрүүнд мэдээллээ хүргэх арга хэрэгсэл, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийсэн байна. Үүнийгээ дагаад шинэ дижитал, ухаалаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэрэглээ их хурдтайгаар өсөн нэмэгджээ. Тухайлбал, сонины газар нь дэргэдээ ТВ, цахим сонин гаргаж эхэлжээ. Гэхдээ л залуу уншигчдыг хэрхэн татах вэ гэдэг нь гол шийдэх ёстой асуудлын нэг хэвээр байгаа аж.
Зар сурталчилгааны хувьд мөн л манай улсынхтай адил зогсонги байдалд орж. Тиймээс уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоорондын өрсөлдөөн маш их байгаа гэв. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хямралын байдалтай байгааг ч дуулгасан юм.
Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал нь мэдээлэл бэлтгэх гэнэ. Мэдээлэл бэлтгэхдээ хамгийн сул орны нэг нь Солонгос гэх. Гэхдээ Ерөнхийлөгчөө огцруулахын төлөө хийсэн жагсаал цуглааны талаарх мэдээллийг нийтэлж, нэвтрүүлснээр иргэдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлдээ итгэх итгэл нь нэмэгджээ. Нийтэлсэн мэдээлэл нь үнэн байвал тэр хэмжээгээрээ хэрэглэгчийн тоо нь өсдөг гэв. Тиймээс хуурамч мэдээлэл гаргахгүй байх талаас нь ихэд анхаарч ажиллаж буй юм билээ.

Хэвлэлийн салбартаа хийх ёстой нэг зүйл нь сайтууд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоорондын харилцааг тогтоож өгөх гэж үзжээ. Тиймээс сайтуудад гарч байгаа мэдээллийн эх сурвалжуудыг тогтоож өгөх үүрэгтэй Портал сайт болон мэдээний холбоо гэх байгууллага байгуулж. Олон эрдэмтний төлөөлөлтэйтус холбоо хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр гарч байгаа мэдээнүүдийг судалж аль сайт дээр ямар мэдээлэл гаргахыг нь тогтоож өгдөг гэв. Тиймээс сайтууд нь өөрсдөө дур мэдэж мэдээлэл нийтэлдэггүй гэсэн үг.
Ямартай ч Солонгосын хэвлэл мэдээллийн салбар хэдэн арван жилийн турш ард түмнийхээ үндсэрхэг үзлийг зоригжуулж, хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий дахинтай хөл нийлүүлэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан цуцалтгүй ажиллаж, идэвхтэй хөрөнгө оруулалт хийсээр байгааг дээрх эрхмийн илтгэлээс харж болохоор байлаа. Мөн хэвлэл мэдээллийн салбараа аврах, хүмүүсийн итгэлийг олох, үнэн бодитой мэдээлэл түгээх гэсэн чинь хүсэл эрмэлзэл нь манай хэвлэлийнхэнтэй адил санагдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан