Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 онд 102 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ


СЭТГҮҮЛЧДИЙН ЭСРЭГ ГЭМТ ҮЙЛДЭЛ ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ҮЛДЭЖ БУЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ИРИНА БОКОВАГААС ИЛГЭЭЛТ ИРҮҮЛСЭН БАЙНА.


ИЛГЭЭЛТДЭЭ:


2017 оны 11 дүгээр сарын 2

Эрх чөлөөт нийгмийн тулгын чулуу нь шударга ёс юм. Шударга ёс бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд аюул занал учруулах этгээдийг зогсоож, түүнийг хамгаалахад хүчин чармайлт гаргаж буй хүмүүсийг дэмждэг. Тиймээс сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй шударга бус байдал нь бүх нийгэмд ноцтой асуудал болж байна.
2006-2016 онд 930 гаруй сэтгүүлч амиа алдсан харамсалтай явдал тохиосон бөгөөд үүнээс зөвхөн 2016 онд 102 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ.

Эдгээр тоо баримтаас илүү тэвчишгүй зүйл бол сэтгүүлчдийн амиа алдсан 10 хэрэг тутмын 9 нь тус гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ аваагүй явдал юм.
Энэ нь орон нутгийн сэтгүүлчдэд ихэвчлэн хамааралтай бөгөөд сүүлийн 11 жилийн дотор амиа алдсан нийт сэтгүүлчдийн 93% нь орон нутгийн мэдээ мэдээлэл хүргэх үйл явцдаа амиа алдсан байна. Түүнчлэн, цахим орчны элдэв дарамт шахалтын хэт их өсөлт зэрэг эмэгтэй сэтгүүлчдэд тулгамдаж буй аюул заналыг дурдаж болно.

Ийм учраас амь үрэгдсэн сэтгүүлч бүрийн дурсгалд зориулан шударга ёсыг хангах нь бидний үүрэг бөгөөд хууль ёс, сайн засаглалыг бэхжүүлэхэд, мөн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх, ялангуяа ТХЗ-ын 16 дахь зорилго болох энх тайван, шударга ёсыг цогцлооход чухал ач холбогдолтой.
Сэтгүүлчид бол бидний үндсэн эрх чөлөөг хангахад онцгой үүрэг гүйцэтгэдэг төдийгүй нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг билээ. Тийм ч учраас НҮБ-ын дэмжлэгтэйгээр Засгийн газруудын хамтарсан үйл ажиллагаагаар дамжуулан олон улс, бүсийн байгууллагууд мөн шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эхлээд хувийн хэвшлийн компаниуд, академиуд, иргэний нийгмийн зэрэг холбогдох бүх байгууллагуудтай хамтран ажиллаж сэтгүүлчдийн эрхийг хамгаалах ёстой.

Тус үйл ажиллагааны түншлэлийн асуудлыг саяхан Женев хотноо зохион байгуулсан сэтгүүлчдийн аюулгүй байдал болон гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх “НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангахад чиглэсэн ЮНЕСКО-ийн Олон талт зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн. Үүнийгээ бататган гишүүн орнууд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг сайжруулах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоохын төлөө хүчирхэг механизмыг бий болгон ажиллахыг дэмжинэ.
Энэ өдрийг тохиолдуулан дэлхий нийтийг шударга ёсыг хангах, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд нэгдэхийг ЮНЕСКО-ийн зүгээс уриалж байна гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан