Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Пёнчан-2018”-ын их бүтээн байгуулалт-Байгальд ээлтэй технологиуд

БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн олимпын XXIII наадам ирэх оны хоёрдугаар сард болно. Олимп эхэлтэл 98 хоног үлдсэн ч тус хот аль хэдийнэ өвлийн олимпын бэлтгэлээ хангаад дуусчээ. Техник, технологийн гайхамшгийг мэдрүүлэх спорт цогцолборууд хэд хэдэн удаагийн туршилтаа амжилттай давж, үзэгчдээ хүлээн авахад бэлэн болсон байна.

Пёнчаны өвлийн олимпыг нийтдээ 12 стадионд зохион байгуулна. Хэдийгээр “Пёнчан 2018” өвлийн олимп гэж нэрлэгдэж буй ч Пёнчан, Каннын гэсэн хоёр хотод тэмцээнүүд болох юм. Энэ хоёр хотын хооронд автобусаар 30 минут л явдаг. Мөн олимпын тасалбар авсан л бол ямар ч үйлчилгээнд гарах 12 мянган автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Мөн тэмцээнүүдийн хажуугаар зохиогдох соёлын арга хэмжээг үзэх эрхтэй. 

Каннын хотод олимпын таван байгууламж байгаа бол Пёнчанд долоо бий. Эдгээр 12 байгууламжийн зургааг нь шинээр барьжээ. Тодруулбал, Каннынд дөрөв, Пёнчанд хоёр байгууламж барьсан байна. Пёнчанд уулын цана, гүйлтийн цана, цанын үсрэлттэй үзүүлбэрээс гадна чарга, бобслей, биатлоны тэмцээн, Каннынд хоккей, кёрлинг, тэшүүрийн төрлүүд, уран гулгалтын тэмцээн болно.

БНСУ-ын ГХЯ-ны урилгаар очсон Монголын сэтгүүлчдийн багт танилцуулж, сонирхуулсан байгууламжуудын талаарх мэдээллийг хүргэе.

Буулгах зориулалтаар хийгдсэн анхны “Olympic stadium

Наадмын нээлт, хаалт болох энэхүү байгууламж нь нийтдээ  долоон давхар бөгөөд дөрвийг нь олимп дууссаны дараа буулгаж гурван давхар байшин нь үлдэхээр барьж байгуулжээ. Мөн олимпын дараа улаан, цэнхэрээр тэмдэглэсэн суудлуудыг бүгдийг нь буулгах аж. Учир нь, анхнаасаа суудлуудыг нэг удаа ашиглагдахаар захиалж хийлгэсэн гэв. Ер нь стадионыг буулгах зориулалтаар хийсэн анхны тохиолдол нь энэ. Өмнө нь хөлбөмбөг, гүйлтийн тамирчдын бэлтгэлийн талбай байсан энэ цэнгэлдэх хүрээлэн олимп дууссаны дараа анхны зориулалтдаа шилжинэ. Давхар болгон нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, нэг, хоёр давхарт тоглолтод оролцох хүмүүс байрлах бол гурван давхарт нь лоунж, дөрөвт нь тусгай лоунж, таван давхар нь бэлтгэл хийх газар, зургаа, долоон давхарт сэтгүүлчид байрлана. Нийт 35000 хүний суудалтай энэ байгууламжийг тойроод цамхаг, медаль гардуулах төв, соёлын төв байрлажээ. Цанын болон цасны төрлүүдээс шалтгаалаад олимпын тэмцээн, уралдаануудын зохион байгуулагдах газрууд нь өөр хэдий ч Пёнчаны олимп гэдэг утгаар нь нээлт, хаалтын байгууламжаа Пёнчан хотдоо барьсан нь энэ. Мөн хүмүүсийн ая тухыг ч чухалчилсан гэнэ.

Салхинаас хамгаалах хаалттай анхны “Ski jump

Пёнчан хотод шинээр баригдсан байгууламжийн нэг нь “Alpensia Ski jumping centre”. Энд цанаар гулгах тэмцээн зохиогдох бөгөөд 13500 хүн нэг дор суугаад үзэх боломжтой. Дэргэд нь тамирчид бэлтгэл хийх замууд байх юм. Ямартай ч энэ байгууламж олимп дууссаны дараа бэлтгэл хийх газраар ашиглагдах нь. Бусад улсынхаас ялгарах нэг онцлог нь зам эхлэл хэсгээсээ дуусах хүртлээ хоёр талаараа салхинаас хамгаалах хаалттай. Учир нь, Пёнчан хот нэлээд өндөрлөг газар байрладаг. Дээрээс нь энэ байгууламж далайн түвшнээс 800 метрийн өндөрт байрлаж буй болохоор нэлээд хүчтэй салхитай нүүр тулгарна гэсэн үг. Тиймээс Дэлхийн олимпын холбооноос анх энд тэмцээн зохион байгуулах боломжгүй гэж үзжээ. Харин энэ асуудлыг салхинаас хамгаалах хаалт босгож шийдвэрлэснээр зөвшөөрлөө авсан байна.

7500 хүний суудалтай “Alpensia biathlon centre


Өмнө нь гольфын талбай байсан газруудыг засч, сайжруулаад олимпод ашиглахаар болсон нь энэ. Талбайг тойруулаад өндөр гэрэлтүүлгүүд суурилуулжээ. Учир нь, биатлон, гүйлтийн цанын тэмцээн 21:00 цагаас эхлэх юм байна.  Улс орнуудын тамирчдын цагийн зөрүүг ойртуулахын тулд тэмцээнүүдийг орой зохион байгуулахаар болсон гэв. Хүмүүс хоёр талаар нь зогсч үзэж болохоос гадна нийт 7500 суудалтай юм билээ. Мөн цанын байгууламжууд нь их ойр байрлалтай учир хүмүүс өөрсдийн сонирхсон төрлөө төвөггүйхэн алхаж очоод үзэх боломжтой. 

Ямар ч тулгуур баганагүй “Oval” цогцолбор

Каннынд барьсан байгууламжуудаа олимпын парк гэж нэрлэжээ. Хоорондоо их ойр байрлалтай юм. Харин бөөрөнхий гэх утгыг агуулсан энэхүү цогцолборт нь speed skating буюу тэшүүрийн тэмцээн болно. Цогцолборыг барьж байгуулахдаа дунд нь ямар ч багана хийгээгүй байна. Тиймээс Солонгостоо баганагүй хамгийн том цогцолбор гэдгээрээ алдартай болж. 

Нийтдээ 400 метрийн урттай бөгөөд 8000 үзэгчийн суудалтай.  Суудлууд нь зөрж байрласан болохоор хүмүүс тав тухтайгаар тэмцээнээ үзэх боломжтой юм. Энэ байгууламж нь доошоогоо хоёр, дээшээгээ хоёр давхрын өндөртэй аж. Анх түр ашиглана гэж барьсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард байгууламжаа хэвээр хадгалахаар болжээ.

Мөсний хатуулаг чанарыг өөрчлөх технологитой  Ice arena


Энэхүү цогцолборт уран гулгалт, богино замын тэшүүрийн тэмцээн болно. Тус хоёр тэмцээний мөсний хатуулаг чанар нь өөр өөр байдаг аж. Тухайлбал, богино замын тэшүүр нь маш их хурд шаарддаг учир мөс их хатуу байх ёстой бол уран гулгалтынх зөөлөн байх шалгууртай. Тиймээс талбайн мөсийг их хурдан хугацаанд халааж, хөргөх шаардлага тулгарчээ. Зарим өдөр дээрх хоёр тэмцээн нь ээлжилж зохион байгуулагдах хуваарьтай болохоор асуудлаа шийдэхийн тулд мөсөн талбайн доогуур халаах, хөргөх систем суурилуулсан байна. Ингэснээр талбайн мөсийг гурван цагийн дотор өөрчлөөд байх боломжийг бүрдүүлсэн байна. Харин талбайн мөсөө хөлдөөхийн тулд нийт 90 тонн цэвэр ус ашиглажээ. Гэхдээ мөс болгож хөлдөөхийн тулд өдөрт 2 мм-ийн хэмжээтэйгээр цутгаж арав гаруй хоногийг зарцуулсан гэх.

Мөн тэмцээнийг ойрхноос үзэх хүсэлтэй хүмүүст зориулж талбайн хажууханд хүсвэл ашиглах боломжтой суудлууд суурилуулж өгчээ. Эдгээр суудлыг хэрэггүй үед хураачихаж болдог байна. Цогцолборын бэлтгэл ажил өнгөрсөн оны 12 дугаар сард дууссан бөгөөд тэр цагаас хойш саяхныг хүртэл туршилтаар олон тэмцээн зохион байгуулжээ. Тиймээс Олон улсын олимпын хорооныхон маш сайн болсон байна гэдэг үнэлгээ өгсөн байна. Каннын хот нь өөрөө их нам дор газар байрладаг, мөн чийглэг учир ингэж мөс хөлдөөх хэцүү байсан гэдгийг ч бидэнд учирлаж байв. Дашрамд сонирхуулахад энэхүү цогцолбор нь 12000 хүний суудалтай бөгөөд газар доогуураа хоёр давхар, дээшээгээ гурван давхар байгууламж юм. Газар доогуур байх давхарт нь бэлтгэл хийх яг л тэмцээн зохион байгуулагдахтай адил мөсөн талбай бий аж. Олимп дууссаны дараа газар доорх мөсөн талбайг усан сан болгож ашиглах юм байна.

Солонгос дахь хоккейд зориулсан анхны байгууламж “Hockey centre

Энэ цогцолборт эрэгтэй хоккейн тэмцээнээс гадна эмэгтэй хоккейн финалын тоглолт болно. Мөн паралимпын үед ч ашиглах нь. Талбайгаас үзэгчдийн суудал хүртэл 1,6 метрийн зайтай. Тэгэхээр тамирчдын ааш араншинг дэргэдээс нь харах боломжтой юм билээ. Доороо ямар нэгэн байгууламж байхгүй бөгөөд нийтдээ гурван давхар барилгатай тэнцэхүйц өндөртэй энэхүү байгууламж 10 мянган хүний суудалтай. Солонгос улсад өмнө нь хоккейд зориулсан ямар нэгэн байгууламж, талбай байгаагүй учраас анхных нь энэ цогцолбор юм билээ. Хамгийн сонирхолтой нь үзэгчдийн суудал доороосоо халдаг байхаар хийгджээ. Тиймээс үзэгчид даарна гэх аюулгүй тав тухтай сууж тэмцээнээ үзэх боломжтой гэсэн үг.

Ямартай ч дээрх байгууламжуудын цахилгааныг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэсэн, нэг удаагийнхаар захиалж хийлгэсэн сандлуудыг дахин ашиглах боломжтой зэрэг нь байгаль орчинд ээлтэйгээр бүхий л асуудлыг шийдвэрлэх гэж ихэд хичээснийг илтгэнэ. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Тэгэхээр техник, технологийн гайхамшгийг мэдрэхийн зэрэгцээ, нэр алдраа дуурсгасан шилдэг тамирчдыг дэргэдээс харах боломж танд ч бас бий.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан