Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ



УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хориг болон Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн УИХ-аас гаргасан Ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхийлөгч 2017 оны төсөвт хийсэн тодотголд бүхэлд нь хориг тавьсан албан тоотыг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр ирүүлсэн. Хориг тавихдаа хүүхдийн мөнгийг 100 хувь өгөөгүй, төрийн албан хаагчдад төсвийн мөнгийг хууль бусаар олгож байгаа, мөн төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр багасгаж, төсвийн чанарыг бууруулсан гэдэг шалтгаан дурдсан. Бүлгийн хурлаар хоригийг хэлэлцээд төсвийн тодотголд хууль зөрчсөн үндэслэл байхгүй гэж үзлээ. Иймд Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгөний асуудлаар ОУВС-тай гэрээ хэлэлцээр хийж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох байсныг 80 хувь болохоор хэлэлцэж байгаа. Цаашид 2020 он гэхэд бүх хүүхдэд олгох асуудлыг шат шатанд нь шийдвэрлээд явна.  Төрийн албан хаагчдад олгож байгаа 300 мянган төгрөг бол урамшуулал биш. Сүүлийн хэдэн жил төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй. Бид энэ онд  цалин нэмэх гэтэл эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Иймд төсвийг “эрүүлжүүлж”, эдийн засгийн өсөлтийг  дэмжих,  орлогын тогтвортой байдалд анхаарч байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг  94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан гэх асуудал нь үндсэндээ төсвийн чанарыг 0.5 хувиар сайжруулсан. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг тодорхой төвшинд бууруулж чадсан. Ер нь төсөвт тодотгол хийх тухай асуудлаар АН-ын зүгээс хоёр ч удаа УИХ дахь МАН-ын бүлэгт албан бичиг, шаардлага хүргүүлж байсан” гэлээ.

Харин Монгол Улсын 2018 оны төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “УИХ-ын даргын захирамжаар ирэх оны улсын төсвийг өргөн барьсантай холбогдуулж дүгнэлт гаргах болон судлах ажлын хэсэг байгуулсан.  Төсвийг бид гурван чиглэлээр судаллаа. Ингээд ирэх оны төсөв нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд бүрэн нийцсэн гэж үзсэн. Тухайлбал, төсвийн алдагдал, төсвийн хүрээний мэдэгдлээр 9.5 хувьтай байх ёстой. Гэтэл Засгийн газар түүнийг бууруулж төсвийн алдагдлыг найман хувь байна гэж оруулж ирсэн. Хоёрдугаарт, төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцэж байгаа эсэхт дүгнэлт гаргах ёстой. Энэ нь бүрэн нийцсэн. Гуравдугаарт, Засгийн газар төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулахад хэрхэн анхаарч ажилласан эсэхийг судалсан. Тэгэхэд  төсвийн орлогыг 694 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тооцсон байна. Төсвийн зарлагын хувьд 497 тэрбум төгрөг нэмэгдүүлжээ. Үүнд хөрөнгө оруулалт болон зарим сайдын урсгал зардал нэмэгдсэн байгаа. МАН-ын бүлэг эдгээр асуудлыг хэлэлцээд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, 2018-2020 онд хийх бүтээн байгуулалтын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулахад хөрөнгө гаргах, мөн улс хот хоорондын автозамын засварын хөрөнгийг нэмэгдүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн оношлогооны төв байгуулах зэрэгт нийт 100-гаад тэрбум төгрөгийг төсөв дотор хөдөлгөх шаардлагатай гэж үзлээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын Байнгын хороод, чуулганд танилцуулахаар бэлтгэж байна” хэмээн мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан