Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Дэлгэрмөрөн: Намайг өршөөгөөрэй

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Товуухоролын Дэлгэрмөрөнтэй ярилцлаа.


-АМЬДЫН ХАГАЦАЛ ГЭДЭГ ХҮНД ЗҮЙЛ БАЙЛАА-

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Яриагаа өнгөрсөн, одоо гэсэн хоёр цагийн дурсамж, ухаарлын хүрээнд өрнүүлвэл танд ямар санагдаж байна вэ?

-Юуны түрүүнд танай сайтаар дамжуулж ард түмэнтэйгээ мэндчилж байна. Хүнийг би 100-хан зуны настай амьтан гэж боддог. Ингээд бодохоор нээрээ л амьдрал их богинохон байгаа биз. Энэ богинохон амьдралдаа урлагийн хүн болоод 20 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд амьдралаас сайхныг ч нь ч үзлээ, хүнд хэцүү даваа бүхнийг нь ч туулж байна. Ганцаараа би зовоогүй, айл бүхэнд харуусал, гунигтай дурсамж байгаа болохоор би бусдын л адил өөрийгөө хүн юм байна даа гэж дотроо бодож байгаа. Хангал залуу насандаа жаахан эрт үзчихэв үү дээ, хагацлыг. Мэдээж зүрх сэтгэлдээ айсан. Амьдын хагацал гэдэг хүнд зүйл байлаа.

-Үлдэж хоцорч байгаа нь өчигдрийн үргэлжлэл болдог юм болов уу?

-Одоо эргээд хүүхдээ хараад, амьдрал, хийж бүтээсэн зүйлүүдээ бодохоор цаашаа амьдрал илүү гоё харагдаж байна. Би буцаад амьдрал гэдэг хөрсөн дээр буугаад ирчихсэн. Би буцаад гоё амьдрахыг хүсч байна. Гоё сайхан уран бүтээлээрээ илүү олон хүнд үлгэр дууриал болоод, амьдрал сайхан шүү гэдэг талаас нь үзүүлэх гээд явж байна. Өнгөрсөн бүхнийг эргээд бодоод байвал үнэхээр хэцүү байна. Арван найман жилийн амьдрал хов хоосон чанар болоод, алга болоод өнгөрчих чинь аймшигтай байна шүү дээ. Гэхдээ үр минь надад цаашаа амьдрах урам өгч байна. Ард түмэн маань бас их хайртай байна. Эргээд бодоход би болоод манай “Номин талст” хамтлаг ард түмнийхээ зүрх сэтгэлд хүрчихсэн юм байна. Биднийг бас хайрладаг юм байна шүү дээ гэж бодож яваа. Би монгол туургатан дотроо Дэлгэрмөрөн уран бүтээлч гэдгээрээ үлдэж байгаа. Миний чадал тавилан л тэр байх. Дэлхийн хэмжээнд би чадсангүй ээ. Гэхдээ эргээд харахад бас хэний ч үзэж байгаагүй Азийн олимпийн хаалтад дуулсан л байх юм. Хамтлагтайгаа болон өөрөө дангаараа дэлхийг хоёр удаа тойрсон байх юм.

-Зөөлөнсий охин тань дуучин, жүжигчин болно гэж хэвлүүхэн нь аргагүй хариулж байна лээ?

-Надад одоо бодогдож байгаа зүйл бол энэ хүүхдийг л дэлхийн од болгоё. Ямар замаар явбал болох вэ гэдгийг нь би ойлгочихсон. Энэ хүүхдийг Монголоо нуруун дээрээ үүрсэн, үнэхээр энэ хүүхэд болж байна гэх хэмжээнд зүтгүүлнэ гэж бодож байна. Урлагаар л миний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүй гурав холбогдож явах байх. Би өөрийнхөө ирээдүйг харахгүй байна. Өнгөрснөө мартахгүй. Яг одоогоор зүрх сэтгэл минь ариун, тайван, амгалан байна. Сэвжидийн Сүхбаатарын Амармандах гээд сонсоход гоё. Хорлоогийн Баянмөнхийн Гантогтох, Жамъян хуурчийн үр сад “Никитон”-ы Батчулуун, Камертоны Болд, Дэлгэрмөрөнгийн Зөөлөнсий гэхээр нэг юм харагдаад байгаа биз. Манай аав, ээж хоёр хоёулаа монгол хэл-уран зохиолын мэргэжилтэй, багш хүмүүс. Монгол хэл-уран зохиол бол өөрөө урлаг юм. Энэ гэр бүлээс гарч ирсэн би угтаа бол Товуухоролын Дэлгэрмөрөн. Өнөөдөр ард түмэн та бүхний минь хайрлаж өгсөн, хүндэтгэсэн “Номин талст”-ын Дэлгэрмөрөн. Одоо “Номин талст”-ын Дэлгэрмөрөнгийн Зөөлөнсий гэнэ. Тиймээс би өнгөрснийг дурсахгүйгээр одоогоо бодоод ирээдүйгээ үрээрээ харж байгаа.

-“Номин талст” маш гоё хамтлаг. Оюутан ангийн найзууд маань хичээлээ таслаад, танай хамтлагийн тоглолтыг очиж үзэж байсан гоё дурсамж бий. Таны хувьд яг одоо ямар гэгээн дурсамж сэтгэлд тань хамгийн ойр бууж байна вэ?

-1995 он шиг санагдаж байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа “Eros number 1” гэж тоглолтыг анх “Топ 10”-д хийж, тэнд би анх удаа хамтлагийнхнаа харж байсан. Хаянхярваа бид хоёр арван жилийн нэг ангийнхан. Ариунаа эгчийн дууны ард бид хоёр хоолой хийгээд зогсож байхад анх “Номин талст” хамтлагийн ахлагч Батсүх, гишүүн Хангэрэл болоод миний бүжигчин найзууд “Номин талст” хамтлагт урьж, дуулах боломж олгож байсан нь хамгийн ойр гэгээлгээр дурсагдаж байна. Тэр цагаас хойш урлаг руу хоёргүй сэтгэлээр орсон. Бид урлагт 20 жил дуулсан. “Номин талст” гэдэг нэрийг бид 20 жил амьдруулсан. Зөндөө олон дурсамж байгаа. “Гэрэл сүүдэр”, “Сүүлчийн удаа” дуунууд маань чихэнд сонсогдож байна. Та бүхэн ер нь “Харанга”-ын Лхагвасүрэнгийн цайны газар, “Зууны манлай” Сарантуяагийн гоо сайхны салон гэж сонссон уу?

-Огт сонсож байгаагүй юм байна.

-Хэзээ ч тийм юм байхгүй. Учир нь урлаг өөрөө их том бизнес учраас түүн дотор хүн өөрөө эзэн нь байх ёстой. Би ийм зүйлээрээ өөрийгөө цэнэглэж, Лхагваа ах шигээ, Сараа эгч шигээ, Ариунаа эгч шигээ, Ардын жүжигчин Долгор эгч шиг хоёргүй сэтгэлээр сайхан дуучин болно гэж өөрийгөө хөглөж явдаг. Тэр цагт 18, 19-тэй байсан хүүхдүүд өнөөдөр бүгдээрээ 39, 40 шүргэсэн, өрх гэрийн тэргүүн, аавууд болцгоочихсон, бүгдээрээ аз жаргалтай сайхан гэр бүл болсон байна. Бас аав, ээжээ нутаглуулж үлдээсэн, тийм хүн чанарын нөхөрлөл энд явдаг учраас би хамтлагаа эргэн дурсаад “Хайртай шүү, та нартаа. 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Анд чинь удахгүй 10 жил хүлээсэн галзуу тоглолтоо ахиад нэг цөм аваатахъя. Та нар минь гэр бүлээрээ хүрч ирээрэй. Биднийг хайрласан ард түмнээ цөмөөрөө ахиад нэг сэрээе ээ гэж хэлье. “Номин талст” хамтлаг бол мянга мянган залууст урам өгсөн, мянга мянган залуусын хайрыг мөнхөлсөн хамтлаг. “Номин талст” хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын залуусыг сэрээж байсан хамтлаг. “Дурлаж бичсэн шүлэг”, “Зүүдэнд ирэх жаргал”, “Бид”, “Үүр битгий цайгаасай” энэ дуунууд миний Монголын залуусын зүрх сэтгэлд урам хайрлаж байсан.

-Одоо “Номин талст” хамтлаг уран бүтээлээ үргэлжлүүлж байна уу, түр завсарласан уу, эсвэл тарсан уу гэдэг асуултад та тодорхой хариулт өгөхгүй юу?


-Энэ дөрвөн залуугийн цаана анх “Номин талст” хамтлагийг үүсгэн байгуулж байсан түүхэн, бүжигчдийн хамт олон, анхны спонсор, продюссерууд, анх бидэнд дуу хуураа өгч байсан хөгжмийн зохиолчид, яруу найрагчид бүгд ард түмэн, сонсогч олонтойгоо байж байдаг юм шүү. Тийм учраас “Номин талст” хамтлагийг тарсан гэж битгий ярь. Зүрх сэтгэлд мөнхөрсөн юм чинь “Номин талст” үүрдийн байгаа гэж бүгдээрээ ойлгоцгооё.  


-ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ “ХАРАНГА”-ЫН ЛХАГВАСҮРЭНГИЙН ХАЖУУД ХЭН ЮМ БЭ-

-Хамтлагийн гишүүдээс таны хоолой илүү уянгалаг, өвөрмөц. Та хүүхэд байхдаа дуучин болно гэж хүсч мөрөөдөж байв уу?

-Сэтгүүлч хүн надаас ингэж асуухаар нүдэндээ өөрийн эрхгүй ээж, аавыгаа л хардаг. Би дээр хэллээ шүү дээ. Монгол хэл-уран зохиол бол өөрөө урлаг юм. Багын л нүүрэмгий, дуулж хуурддаг, мэндтэй устай хүүхэд байсан. Яагаад ийм болов гээд төсөөлөхөд яалт ч үгүй тэр хоёрын монгол хэл уран зохиолын багшийн мэргэжлийн генийн онцлог энд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр би аль хэдийнэ өөрөө урлаг болоод хорвоо дээр хүрээд ирчихсэн хүн юм байна гэж ойлгож байгаа. Миний нэр хүртэл Дэлгэрмөрөн. Би энэ нэрийг өгсөн нэр гэхээсээ илүү хорвоо ертөнцөд байгаа сайхан бүхнийг дэлгэрүүлэн түгээх үүрэгтэй юм болов уу гэж дотроо бодож явдаг. Тэр их мөрөн замдаа тааралдсан бүхнээ ундаалж явдаг юм болов уу даа гэж би хувьдаа бодож явдаг. Манай аав хүүгээ хоёргүй сэтгэлээр Дэлгэрмөрөн гэж нэрлэсэн гэдэг. Дэлгэр мөрөн гээд дуу байдаг шүү дээ. Дэлгэр мөрний хөвөөндөө Дээдийнхээ заяагаар төрлөө дөө” гээд(дуулав.сурв) энэ дууг би багаасаа л миний дуу гэж боддог байсан. Ухаан суусны дараа голын дуу байсан. Би энэ голын дуу эзэнтэй юм, лус савдагтай дуу юм, өөрөө тэр нь би юм гэдгийг нотлох хэмжээнд хүртэл дуулах насаа хүлээж байгаа. Одоо би дөнгөж 38-хан настай байна. Би 40 хүрч, дөрөө дарсан ат шиг эр хүн болоотохъё. Тэр үедээ би Дэлгэр мөрөн гэдэг дууг мандуулна аа. Би багадаа сэтгүүлч болно гэж мөрөөддөг байлаа (инээв.сурв).

-Дэлгэрмөрөн гэж энэ гоё нэрээ дээдэлж явж чадаж байна уу гэж асууя гэж бодож суулаа?


-Үнэхээр гоё нэр. Би өөрийн нэр төрийг дээдэлж явахаас илүү хүн зон олны итгэл хайрыг дааж явахыг л эрхэм болгодог. Энэ надад илүү их үнэ цэнтэй байна. Хүнд том ачаа гэвэл энэ л байна даа. Би чинь бусадтай л адилхан хүн. Хүн хүн дотроо эр хүн. Энүүхэндээ ярихад эр хүнд олон л асуудал тулгардаг. “Тэмээнээс том тэмдэгтэй” амьтан олны өмнө овлигогүй байж болохгүй. Олон нийтийн хараанд, тэдэнд зөв үлгэр дууриал болж явах ёстой. Өөрийнхөөрөө байж чадахгүй, дүр дээрээ дахиад нэг дүр авчихсан л явдаг шүү дээ.

-“Үгүй, мөн сайн дуучин шүү” гэсэн үг бишгүй сонсож байгаа байх. Магтаалд бас хүн ташуурдаг тал бий. Таны хувьд биеэ тоож, би сайн дуучин шүү гэж дотроо “цээжээ дэлдэх” үе олон тохиодог уу?

-Үнэнийг ярихад би “Харанга”-ын Лхагвасүрэнгийн хажууд хэн юм бэ. Ард түмэн шууд л шүүнэ шүү дээ. Тэгэхээр би болоогүй байгаа байхгүй юу. Би дуулах урлагт 20 жил зүтгэж байна. Би одоо л өөрийгөө дуучин болох гэж байна уу даа гэж боддог шүү. Олон олон сайхан уран бүтээлч надад үнэтэй зөвлөгөөнүүд өгдөг. За миний хүү одоо л гайгүй болж байна шүү. Хүн ер нь наслах тусмаа сайхан дуулдаг болдог юм даа гэж олон сайхан Ардын жүжигчин ах, эгч нар маань захиж хэлдэг. Тэгэхээр би өөрөө нэг их алдартай нэртэй болчихлоо гэж харахгүй байна. Яах вэ, Монгол Улс маань 30 сая хүнтэй байсан бол бас өөр өө.  Гуравхан саяулаа байгаа, цоройж үлдсэн, үүхтэй түүхтэй газар олонтойгоо байж байгаад энэ хорвоог туулахсан гэж бодож байгаа. Тэрнээс хэн нэгний урд гарч, би гэж сагсалзах нь өөрөө зовлон юм байна. Энэ зовлонтой би эвлэрэхгүй учраас өөрийнхөөрөө тайван, амар жимэр, амгалан баймаар байна. Энийг би өнөөдөртөө илүү сонгож байна.

-Таныг зарим хүн их онгироо, сагсуу гэж боддог юм билээ. Дээгий хэн байхыг хүсдэг вэ?


-Энэ хүний дүр, царайтай холбоотой байх. Би үсээ ургуулчихвал их даруухан, цэвэрхэн, хөөрхөн. Ард түмэн маань соёмботой толгойгоор минь намайг мөнхөлчихжээ. Үнэндээ би үсээ ургуулмаар байна.

-Огт ургуулж байгаагүй юу?

-Би үсээ ургуулаад дуулж үзсэн. Намайг хүмүүс таниагүй ш дээ. Охин маань төрж байсан үе, 10 гаруй жилийн өмнө юм уу даа. Би хорвоо дээр ирж байгаа хүнийг “Намар нахиалсан мод”-ын Шагдар шиг байж байхын оронд үсээ ургуулаад даруухан, хөөрхөнөөрөө угтъя даа гэж бодоод, ургуулж байсан. Монгол бөхийн өргөөний хоёр өдрийн тоглолтын эхний өдөр гарч ирээд дуулсан, ард түмэн намайг таниагүй. Нэг их тийм сониноор хүлээж авсан. Намайг дуулах тоолонд дахиулдаг. Урлагт би тэгж зүрх сэтгэлээсээ ханддаг. Намайг тэр өдөр дахиулуулаагүй. Би “шок”-нд орсон. Маргааш нь би яаралтай үсээ хуссан, тайзан дээр гарсан, дахиулсан. Буцаад Дээгий болсон. Намайг ийм болгочихсон. Гэхдээ хүмүүс намайг нэг их хүйтэн гэж харахгүй биз дээ?

-Харахгүй.

-Жаахан бурханлиг юм яваад байгаа биз дээ. Дайсны талын дүр би биш байгаа биз? Тийм учраас намайг битгий онгироо сагсуу гэж бодоорой. Ер нь би эмэгтэй хүнийг дээрэлхэж байгаа ч юм уу тийм шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй. Би хэн нэгэнтэй маргалдаж, маргалдаад яллаа гэхэд би онгирч явсангүй. Хэн нэгэнд бас гомдож явсангүй. Бүх юм, хүний тавилан заяа гэдэг цаанаасаа л болдог. Энэ бүхнээс амьдралд суралцсан. Ойлгосон, ухаарсан. Энэ ухаарал өнөөдөр миний амьдрал дээр бодит биелэлээ олоод явж байгаа. 18, 19-хөн настай хүүхдүүд “Хайрын дээд хань” гэдэг дууг учраа мэдэхгүй дуулдаг байлаа. Хайр гэж юу юм бэ мэдэхгүй. Одоо энэ дууг өөрийн эрхгүй зүрх минь чичирч дуулж байна. Энэ сайхан уран бүтээлийг зохиосон, яруу найрагчид, биднээр дамжуулж хайр гэдэг мөнхийн энэ гоё сэдвийг хүн төрөлхтөнд ямар гоё үлдээж чадав аа. Хамт дуулсан Мөнгөнцэцэг дүүгээрээ бахархаж байна. Нийтийн дуучин. Гэхдээ Мөнгөнцэцэг бол мэргэжлийн дуурийн дуучин. Мэргэжлийн дуурийн багш нараас олж авсан тэр хоолойг нь би “Хайрын дээд хань” гэдэг дуундаа үлдээж чадсандаа би Мөнгөнцэцэг гэдэг дуучин бүсгүйгээр бахархаж байгаа. Үнэхээр гоё, хамтарч дуулж чадсан.

НҮҮРНИЙ ФАНТАЗ БАЙХГҮЙ ДУУЛАХААР СЭТГЭЛЭЭС НЭГ ИХ ГОЁ ЮМ ОГТ ГАРДАГГҮЙ-

-Та олон төрлийн дуучидтай хамтарч дуулсан байх аа?

-Тийм ээ. Сонгодог урлагаас Ардын жүжигчин Долгор “Сэтгэлд мөнхөрсөн ижий”, Гавьяат жүжигчин Ариунаа “Шөнө дундын бүжиг”, Гавьяат жүжигчин Баясгалан “Уулзах л юмсан даа”, МУГЖ Жавхлан “Ааваа дуулъя”, МУГЖ “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-гийн Амараа “Монголын нууц товчоо” гээд ёстой газар уснаа явагч шиг явсан байгаа биз дээ, би(инээв.сурв). Хамгийн олон дуучинтай хамтарч уран бүтээл туурвисан нөхөр ч байж магадгүй, би. Хип хоп залуус байна. “Мистер догс”, “Айс топ” гээд ерөөсөө дуулаагүй юм алга. Одоо энэ бүхнээ нийлүүлээд, сэтгэлийн тайтгарлыг олох цаг нь ирсэн байна гэж үзсэн учраас “Наян булгийн аялгуу” хэмээх сайхан тоглолтыг 10 жил хүлээж, нөөцөлж дарж байгаад, дуулсан дуунуудаа хүний сэтгэлд хоногштол хүргэж, эргээд ид шидийг нь үзэх гэж байгаа байхгүй юу. Би 10 жил “Тэнгэрийн бүсгүй”-г дуулж явлаа. Өнөөдөр амандаа аялаад, үгийг нь зөрүүлэхгүй, худлаа дуулахгүйгээр бүгдээрээ дуулдаг боллоо шүү дээ. Энэ бол миний хөдөлмөр. Амьдралд үлдээж байгаа надаас гарах сайхан энерги энэ мөн байсан. Мөн “Наян булгийн аялгуу”, “Уянга цагаан хуруу” гээд олон сайхан дуунууд бий. Ерөнхийдөө хамтран дуулсан уран бүтээлчдээ ярихад л миний тоглолтын салхи үнэртэж байгаа байх.

-Бас чамгүй олон дуу зохиосон байдаг?

-Тийм ээ, олон сайхан дуунууд зохиож явсан. Миний зохиосон дуунуудыг манай хамтлагийнхнаас авахуулаад, шинэ уран бүтээлчид маань дуулж эхэлж байгаа. Гоё байдаг. Би чинь тайзан дээр гарч нүүрээрээ дуулдаг хүн шүү дээ. “Харанга”-ын Лхагвасүрэн хоолойгоороо, “Хар сарнай”-гийн Амраа биеэрээ, Дэлгэрмөрөн нүүрээрээ дуулдаг гэж ярьдаг. Нүүрний тийм нэг фантаз байхгүй дуулахаар сэтгэлээс нэг их гоё юм огт гардаггүй. “Тэнгэрийн бүсгүй” дууг зүгээр зогсож байгаад “Гэр дүүрэн...” гээд дуулахаар амьгүй харагдаад байгаа байхгүй юу. Би ингэж боддог. Дууг дуулж үзүүлдэг биш юм байна. Маяг нь их гэсэн үг. Дуугаа дуулж өгөх ёстой юм байна. Ялгаа байгаа биз. Дуулж өгнө гэдэг өөрөө үлгэр ярихтай адил юм байна шүү дээ. Тэгэхээр би энэ урлаг руу илүү их зүрх сэтгэлээ зориулчихсан байхгүй юу. Яг энэ тавилт руу. Тэр дундаас би өөрөө дуучин гэдэг гоё мэдрэмжийг авч байгаа. Эргээд бодох нь ээ дуучин хүн гэж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг л хэлэх юм байна. Энэ хүлээн зөвшөөрөлтөд өөрийгөө сойж байгаа би үнэнээрээ орох хэрэгтэй байхгүй юу. Энэ бүхнээс би суралцаж байна. Эхэндээ би дуулж үзүүлдэг байсан байх. Олон янзын ааль, зан гаргаад. Одоо бол тийм биш. Би үнэнд гүйцэгдчихсэн. Тийм учраас би яг л үнэнээр нь дуулна.

-Магадгүй хүмүүс үүнийг тань хэлбэрдээд, маяглаад байна гэж ойлгодог байж болох юм?

-Тийм. Гэтэл тийм биш юм аа...

-Хүний амьдрал богинохон. Өнгөрсөн цаг хугацаанд та хайраар бялхаж амьдарсан. Өнөөдөр ганцаардаж байна уу?

-Хувь тавилангаа харахад үнэхээр хохирсоон. Дахиад би амьдын хагацал үзэж чадахгүй. Алаг зүрхэнд минь мөнхөд үлдсэн түүнийгээ би хэзээ ч мартаж чадахгүй. Нэг бодлын өөрийгөө өрөвдмөөр ч юм шиг. Гэхдээ нэг зүйл намайг сэрээсэн. Надад ирсэн энэ хувь тавилангаар мөн ч олон залуус хайрын үнэ цэнийг олоод авчихсан болов уу даа. Ингэж л чадсан бол энэ миний тавилан байж дээ гээд цаашаа амьдрах минь. Яах вэ, хүн л болсон хойно хүүхдийнхээ ирээдүй, амьдралын төгсгөлийг харж байна. Хэзээ нэгэн өдөр миний охин эмээ болно. Золгоод ирэх дүү нар байх ёстой. Тэгэхээр энийг би эр хүнийхээ хувьд хариуцлага болгож үлдээнэ. Хүн ганцаардаж болохгүй шүү дээ, хорвоо дээр. Хүн хүнээр л дутдаг учраас. Би Зөөлөнсийг энэ хорвоо дээр ганцааранг нь үлдээгээд буцаж болохгүй. Сайхан дүү нарыг нь үлдээх болно. Гэхдээ тэр нэг тэнгэрийн бүсгүй тэр нэг газраа хүлээж байгаа байх аа. Одоо надад мэдэх юм алга. Би ирээдүйгээ харахгүй байна.  

-Ижий гэдэг хүний ачлалыг энэ дэлхийн нартай зүйрлэвэл дөхөх болов уу. Ижийдээ эрхэлсэн он цаг хугацаанд хүн бас их “ухаан дутуу” ч явдаг юм шиг. Та бодлоо хуваалцахгүй юу?

-Би таны бодолтой санал нийлж байна аа. Захгүй тэнгэр шиг нэрийг би ээжээ гэж хэлнэ гэж би зохиосон юм. Хүн ээжийгээ “Ээж ээ” гэж ааваасаа илүү өр зүрхнээсээ дууддаг. Би бол ээжийнхээ амьд бамбай байсан. Миний ээж хорвоо дээр дөрвөн хүү төрүүлсэн. Хоёр нь байдаг, том нь би. Ижийгээ л би хайрлаж өссөн. Эхнэрийнхээ төрхийг би нүдээрээ харж байлаа. Үхэл, амьдралын хаалга онгойх тэр мөчийг харсан эр хүн бол хамгийн түрүүн ижийгээ л боддог юм билээ. Яаж намайг төрүүлсэн юм бэ гэж. Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг л үнэн байсан даа. Миний ээж долоон хүүхдийн хамгийн бага нь. Манай аав долоон хүүхдийн хамгийн том нь. Миний амьдралд хүн чанартай, хөгжилтэй, баяр баясгалантай, хамт олонтой байх ямар байдаг вэ гэдгийг үзүүлээд л буцсан даа, ээж минь. Одоо би ээжийгээ Сутай хайрханаар шүтэж явдаг. Би ээжийгээ чандарлаж, Сутай хайрханд аваачиж өргөсөн. Миний ээжий оюун бодолд минь тэртэй тэргүй дүрээрээ байж байгаа. Гэхдээ санахад огт оргүй болчихоод байна. Амирлан энэрэхүй болчихоод байна. Хаанаас ч хайгаад олохгүй болчихоод байна, би.

-Зүрх сэтгэлдээ мөнхөлсөн гээд бодчихвол үргэлж хамтдаа юм даа?

-Тийм ээ. Зүрх сэтгэлдээ уулаа босгосон нь Сутай хайрхан. Миний ээж Ховд аймгийн Дарви сумын Олхонууд овгийн хүн. Олхонууд овгийнхон Өүлэн эхийн удмынхан байгаа юм. Өүлэн эхээс, Олхонууд овгийнхноос онцгой хүмүүс төрдөгийн нэг нь Эзэн Чингис хаан шүү дээ. Энэ бүхний үргэлжлэл болж байгаадаа би бахархдаг. Би Ховдын зээ. Би Хөвсгөлд төрсөн. Дэлгэрмөрөн Чингүнжавын удам. Ийм гоё түүхээрээ бахархаж, өөрөөрөө, ээжийгээ, аавыгаа тэгж хардаг. Миний шүтээн Сутай хайрхан байна (гэрийнхээ хоймор өөд заав.сурв). Далайн түвшнээс 2700 метрийн өндөрт ээжийнхээ чандрыг аваачаад гаргачихсан эр хүн шүү дээ, би. Манай ээж надаас айж байсан. Ээжийгээ буцахын цагт намайг битгий янз янз болгоорой гэж. Нийгэмд эмзэглэх зүйл зөндөө л болж байна. Газар бүхэн үнэтэй болж байна. Уул нь Улаанбаатар тойроод олон буяны газар бий. Гэтэл газрын үнэ цэн, хүний мөн чанар хоёр их ойртож, шуналын нүх онгойсноос болж “Хашаандаа хоёрхон шарилтай газар зарна” гэсэн зарыг сонсоод би ухаан алдсан. Арай ч дээ, газар мундсан биш дээ гэж бодогдуулсан. Тийм учраас би ээжийгээ дэлхийгээр бүүвэйлүүлэхийг хүсээгүй. Харин дээвэр дээр нь гаргаад үлдээчихсэн. Тиймээс тэнд байгаа Сутай хайрханаа сүслэн залбирч, ээж минь гэж бодож явна. Зүрх сэтгэлд минь тэртэй тэргүй мөнхийн хадгалаастай. Би өөрөө ээж биз дээ. Би тэр хүнээс төрсөн, би мах нь юм чинь, би цус нь юм чинь би өөрөө ээжтэйгээ байна.   

-Одоо тэр үед тэгэх минь яав даа гэсэн харуусал танд төрдөг үү?

-Байхгүй ээ. Би харамсаж амьдраагүй юм билээ. Миний ээж аав, хоёр надад гоё ээж, аав хоёр байсан. Манай гэр бүл чинхүү шударга, худлаа дүргүй байсан. Тэгэхээр надад харамсах зүйл алга. Өнөөдөр миний аав өвөөгийн үүрэг, би аавын үүрэг гүйцэтгэж байна. Миний энэ амьдралыг нуруун дээрээ авч явах цаг хугацаа эхэлсэн. Би аавыгаа амраах ёстой. Би ээжийгээ тайван байлгах ёстой. Ингэж хүн ухаан суудаг юм байна. Энийг заавал үзэж мэдэрч байж, заавал насалж байж ойлгодог юм байна. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй цаг хугацаа надад байсан. Алдаж онож ч явсан. Атаман болно гэж хүүхэд насны хөөрлөөр эр зоригтой ч явлаа. Эцсийн эцэст атаман гэж байгаагүй, ухаан гэж байсан юм даа.

-ХӨӨРХИЙ ДӨӨ, БИД ХОЁРЫГ ХАРААД, ХАМГААЛААД ҮЛДЭГ ГЭЖ ТЭР МИНЬ БОДСОН БАЙХ ДАА-

-Таны ханийг их сайн бүсгүй гэж магтаж байхыг олонтаа сонсож байсан. Хүний хань гэдэг агуу шүү. Энэ сэдэв таны сэтгэлийг хөндүүрлүүлж байгаа, уучлаарай. Ханийнхаа ямар зан чанарт илүү их хайртай вэ?

-Хайрлаж байгаа хүнийхээ үрийг тээгээд, яг төрсөн өдрөөр нь төрүүлээд өгчихнө гэдэг энэ ямар хүний сэтгэл байсан бол оо? Энийг ярих хэрэг байна уу. Хүүхэд байсан шүү дээ, бид хоёр. Хэн хэнийхээ төрсөн өдөрт чин сэтгэлээсээ бэлдэж бэлгээ өгдөг байсан. Хүүхэд минь гарсан цагаас хойш тэр минь надад нэг ч бэлэг өгөөгүй дээ. Яагаад гэвэл мөнхийн бэлгийг тэр надад үлдээчихсэн. Ийм л зүрх сэтгэлийг нь мэдэж, би тэр хүнтэй ханилж, жаргаж явсан болохоор тэр хүнийг өнөөдөр магтъя гээд ч надад үг илүүдээд байна. Үлдээсэн үр нь надад байгаа болохоор энэнээс илүү тэр хүн ямар сайхан сэтгэлтэй, ямар гоё эмэгтэй хүн байж чадсан юм бэ гэдэг нь ойлгомжтой. Хүний амьдралд янз бүрийн зүйл олон тохиолдоно оо. Хэрэлдэж маргалдах гээд, амьдрал гэдэг ийм. Монголчууд ярьдаг шүү дээ. Цусаа гартал зодолдоод, тосоо гартал тэврэлдэнэ гэж. Хэн бүхний амьдралд хэрүүл маргаан байж л байгаа. Гэвч эргээд харамсах зүйлгүйгээр нэгнээ хайрлаж явсан дурсамж нь өөрөө ариун гэгээн байхад л болоо шүү дээ. Ийм л зүрх сэтгэл дотор тэр хүн надад үлдсэн. Төсөөлөхөд царай нь одоо надад байж байна. 11 сарын 17 охин бид хоёрын төрсөн өдөр. Энэ төрсөн өдрөөрөө би “Наян булгийн аялгуу” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Цаанаасаа нэг ийм мэдрэмж төрөөд байгаа юм.    

-Ямар мэдрэмж вэ?

-Энэ өдрийг тэнгэрээс бид хоёрт бэлэглээд, тэр гоё боломж үүсгээд өгчихлөө гэж. Энэ бид хоёрт өгч байгаа бэлэг байгаад байна аа, энийг би мэдрээд байна. Манай хүн тэнгэрт халихаасаа өмнө надаас “Нохой аваад өгөөч” гэж гуйсан байхгүй юу. Тэгээд жаахан гөлөг аваачаад өгөхөд “Анады” гэж нэрлэж байлаа. Анады гэж “Үнэнч нөхөр” гэсэн утгатай санскрит үг. Хөөрхий дөө, бид хоёрыг хараад, хамгаалаад үлдэг гэж тэр минь бодсон юм байх даа (санаа алдав.сурв)... Арван жил хүлээсэн миний энэ тоглолтыг “Анады” гэж компани зохион байгуулж байна. Гайхамшигтай сонин зүйл. Үнэхээр тэнгэрээс наашаа явуулаад байгаа бэлэг байна аа. Бурхан нээрээ байдаг шүү дээ. Баярлалаа. Тэгвэл одоо би үүний хариу болгож энэ сайхан тоглолтоо гоё хийж, зүрх сэтгэлийн уйтгараа тайлах ёстой юм байна. Тэгээд би цаашаагаа нүүр бардам амьдрах ёстой юм байна гэж бодоод байгаа. Гайхалтай давхцал байгаа биз дээ. Энэ бүхнийг би дуу хуураараа, ард олонтойгоо, хийж бүтээсэн ариун цагаан хөдөлмөрөөрөө урлагийн хүний сайхан сэтгэлээрээ хийе гэж бодож байгаа. Энэнээс цаашаа Дэлгэрмөрөн буцаад эстрад дуунуудаа дуулъя гэж бодож байна. Би чинь рок попын хүн шүү дээ. Газар, уснаа явагч шиг байхаа больё. Би буцаад гоё рок попоо дуулмаар байна. Нээрээ л Монголын залуучуудын түүчээ болсон бой бэнд группүүдээс Дэлгэрмөрөн хамгийн анх “Амин зүрх” нэртэй соло си ди цомог гаргаж, анх Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийж цагаан дээл өмсчихсөн хүн байхгүй юу. Тэрнээс хойш миний олон найз цагаан дээл өмсөөд явчихсан. Одоо би энэ дээлээ тайлмаар байна. Би өнгөлөг, гял цал болсон рок попдоо буцаж очмоор байна. Эстрад дуугаа дуулмаар байна.

-Уянгаасаа эстрад нь юугаараа илүү вэ?

-Илүү их эрч хүч өгдөг. Бүх л дуу сайхан, бүгд зохиогддог. Гэхдээ би одоо насаа бодоод, зүсээ бодоод, амьдралын мөн чанарыг эргэж тунгаагаад өөрөө уран бүтээл хиймээр байна. Би өөрөө дуу зохиодог хүн. Өөрөө уран бүтээл хийнэ гэдгийн цаана ийм юм явж байгаа юм аа. Монголчууд бид зүгээр л амьдралыг дуулдаг. Гэтэл тэр амнаас гарч байгаа үг ямар байх ёстой юм бэ. Амны билгээс ашдын билгэ. Юмыг их бодож гаргаж байх ёстой юм байна. Зөв үгүүдийг сонгож хэрэглэж байх ёстой юм байна. Амнаасаа энэ айхтар үгүүдийг хамаагүй гаргачихаж болдоггүй юм байна. Энэ бүхэн эргээд буцаад ороодог юм байна. “Хайр чи ингээд хүрээд ирсэн хажууд чинь бас энжел байсан. Хайр чи ингээд яваад өгсөн харуусах зовлон нэгээр нэмэгдсэн” гэж би дуулдаг шүү дээ. Энэ бүхэн биелэлээ олчихсон л юм даа. Зам салаалахын цагт гээд “Номин талст” дуулсан. Хэдэн тийшээ салаад явсан. Буцаад цуглуулна даа. Гэхдээ би “Номин талст” хамтлагаараа бахархаж байгаа. Монголын төр “Номин талст”-ын залуучуудад итгэлээ өгсөн юм чинь яах юм бэ. Хэн нэгэн миний Хаянхярвааг, миний “Номин талст”-ыг улс төрийн нүдээр бүү хар. Тэр залуус улс Монголынхоо төлөө зүтгэж буй итгэл найдвар учраас Монголын төр энэ залуучуудыг тоосон гэж би нүүр бардам хэлнэ. Харин би урлагаа аваад үлдсэн. Магадгүй бид Янжинлхам бурханы шүүлтүүрт орсон ч байж болно. Гэвч бидний үерхэл үүрдийн үнэ цэнтэй. Үүнийг “Номин талст” гэдэг гоё монгол нэр мөнх аваад үлдчихсэн.

-Саяхан гэргийнхээ шарилын дэргэд очиж хэвтсэнийг тань хүмүүс нэг их таатай хүлээж аваагүй. Танд ямар тайтгарал өгч байгааг бид мэдэхгүй л дээ. Гэхдээ монголчууд бурхан болоочоо тайван нойрсуулах хэрэгтэй гэдэг. Яагаад та тийм үйлдэл гаргасан юм бэ?

-Монголчууд бол сүжигтэй, сүсэгтэй ард түмэн. Үйлдлээ бодвол би үнэхээрийн буруу зүйл хийсэн. Үйлийн лайгаа бодвол ингэхээс өөр арга байхгүй. Тэгтлээ их санаж, зовж явсныг минь та бүхэн хүн чанараараа ойлгочихоорой. Намайг өршөөгөөрэй. Миний буруу. Магадгүй олон ч хүнийг айлгасан байх. Өөрөө ч яасан айдаггүй юм бэ. Эргээд бодоход тийм. Ингэтлээ өөрийгөө алдсан явж дээ гэж бодоод өршөөчих. Цаг хугацаа гэдэг хурдан юм. Нэг л мэдэхэд 700 өдөр өнгөрчихсөн байна. Энэ 700 өдрийг цаг хугацаа минут секунд, нулимстай минь та үржүүлээд үз дээ. Ямар хэцүү байсныг та нар ойлгоорой.

-Таныг бөө болсон гэнэ лээ гэж их ярьсан. Энэ үнэн үү?

-Үгүй үгүй. Надад тийм юм байхгүй. Ёстой харин үнэнд гүйцэгдээд үйлийн үрээ эдлээд явахдаа очоогүй газар, мөргөөгүй хүн байхгүй. Одоо би ижий, аав хоёроо шүтэж, энэ дэлхий мөнх тэнгэрээ дээдэлж, бусдыг нь хүндэтгэж явах ёстой юм байна. Надаас илүү намайг мэддэг бурхан ч байхгүй юм байна. Би өөрөө энэ хорвоогийн эзэн нь байсан юм байна. Би өөрөө тэгвэл зөв, олонтой явах ёстой юм байна. Эрүүл энх сайн сайхан, зөв л явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин. Ойлгосоон, замбуулин минь.

-Хэд хоногийн өмнө “Дээгий хуримаа хийчихжээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Дууны клип байсан л даа. Хүмүүс таныг хань ижилтэй болоосой гэж хүсч явдаг нь анзаарагдсан. Охин тань үүрээ орхиод нэг өдөр ниснэ. Тэр цагт Дээгийд цайгаа хувааж уух ханьтай байя гэсэн бодол төрж байна уу?

-Байхгүй зүйлийн талаар байлгаж ярих гэхээр худлаа болох гээд байна. Би харахгүй байна аа (санаашрав.сурв). Хүнд л илүү их тусламаар санагдаад байдаг болчихож. Сайхан буян хиймээр. Байгаа боломжоо бусадтай хуваалцаад явмаар тийм мэдрэмж илүү их орж ирдэг болчихож. Зовлон зовлонгийн дээд хагацал юм билээ. Би өвдөж зовж үзсэн. Ёоёо гэдгийг мэднэ. Гэхдээ зовлон зовлонгийн дээд нь хүсээгүй хагацал байсан. Би ахиад ийм зүйлийг хармааргүй байна. Эсвэл хэн нэгэнд энийг би харуулчихаад явмааргүй байна. Зүгээр л олонтойгоо байж байгаад л... Хэтэрхий их юм төлөвлөж яримааргүй байна. Айлын хүүхдүүдэд тусалж байгаа. Урлаг дотор ороод ирэхэд амархан биш. Улсын чанартай тэмцээнүүдээс сайхан залуу үеийн уран бүтээлчид гарч ирж байна. Гэхдээ тэднийг гараас нь, бугуйгаас нь бариад, тохойноос нь өөд нь өргөөд өгчих хүн үнэндээ алга байна. Монгол Улсын хэмжээнд тийм менежерүүд мэргэжлээрээ боловсроогүй байна. Энүүгээрээ манай Монголын хөгжил харагдаж байгаа биз. Сэтгэлээрээ тусалж л явна. Тэрний нэг нь “Хайрын хурим” гэдэг уран бүтээл байлаа. Надад үнэхээр сонин мэдрэмж төрүүлсэн.

-Яг ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би хуримаа хийх гэж мөрөөдөж явсан. Энэ жинхэнэ миний төлөвлөгөө байсан байхгүй юу. Тэгсэн тэр бүхэн байхгүй болоод... Дуун дотор хуримаа хийгээд явчихаар чинь... Би хуримын ордны шатаар эхнэрээ дагуулаад, охиноороо нээрэнгээсээ бөгжөө зүүлгэнэ гэж бодож байсан шүү дээ. Би ямар гоё хурим хийхээр зохион байгуулаад, найруулчихсан байсан гэж санана. Тэгсэн чинь тэр хуримын шатаар би дуу дуулчихсан, клипэн дотор хуримаа хийчихсэн сууж байгаагаа харсан чинь инээд ч хүрэх шиг. Нөгөө талаар ёстой ямар хачин юм бэ л гэж бодсон. Хуримаа гоё хийх л байсан. Тэр мөрөөдлөө би охин дээрээ биелүүлнэ.      

-Монгол омогшил гэдгийг таниас бас олж хардаг шүү. Өнгөрсөнд эх орноо боддог байсан монголчууд өнөөдөр амин хувиа хичээдэг болсон гэж би боддог. Та санал нийлэх үү?

-Би орчлонгоос сайхныг нь хардаг нүдтэй, гоёыг нь хэлдэг уруултай байх дуртай. Цаг хугацаа, хөгжил бүхний цаана зайлшгүй нэгэн учир шалтгаан байж л таараа. Бид хөгжлийн түүчээ болоод явахдаа зовохгүйгээр тэр жаргалд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Картын барааны үед одооных шиг ингэж гасалдаг хүн байгаагүй л юм. Харин ч бид бүр нялхраад балиартаад байгаа юм биш үү. 1921 онд Ардын хувьсгал ялсан гэж тооцоолоход 2017 он гээд бодоход нэг л хүний үе дуусч байгаа. Энэ үе бол богино. Энэ богино цаг хугацаанд Монгол хөгжсөн. Өнөөдрийн Америк, Орос, Хятад, Япон доод тал нь таван үеэ үхүүлж байж хөгжсөн байгаа даа. Тийм цаг хугацаа цаана нь яваа. Тэгэхээр наана нь гаслаад байх хэрэг байхгүй. Бид зовж байж л жаргалдаа хүрнэ. Өөр арга байхгүй.   


-ОЙРЫН ХЭДЭН ЖИЛ БОЛООГҮЙ ТИЙМ СОНИН ТОГЛОЛТ БОЛНО-

-Бид юуг эрхэмлэж явах ёстой юм бол?


-Аавынхаа үгийг сонсоход л их гоё байдаг юм. Ер нь бидний өмнө ажиллаад амьдарчихсан хүмүүс амьдралын том том теоромуудыг үлдээчихсэн байгаа шүү дээ. Би сургааль үгийг тэр чигээрээ амьдралын теором гэж боддог. Миний өмнө намайг төрүүлсэн хүн энэ хорвоо дээр амьдарч байхад араас нь гарч ирсэн би олон юм яриад байх утгагүй. Өмнө байгаа хүмүүсээ хайрла л даа. Тэгвэл өөрөө тэр цагт ирэхэд ирээдүй чинь чамайг хайрлана. Аав, ээж минь тэр чигээрээ амьдралын том роман байна. Тэр зохиолууд хэзээ нэгэн өдөр алга л болно. Тэгэхэд зүрх сэтгэлээс ямар том кино алга болж байгаа бол. Би энийгээ л эрхэмлэж дээдлэхийг хүсч байна. Энийгээ л хадгалж, киноныхоо ангийг илүү гоё зохиолтой болгохыг хүсч байна. Тэгэхээр тэр зохиолоо л гоё бичмээр байна. Тэр зохиол дотор байгаа амьдралын гоё баатруудыг илүү хайрламаар байна. Аав, ээж, анд нөхөд, эх орон, эрх чөлөө. Эрх чөлөөгөө алдаж энэлэн шаналахын цагт, эцсийн эцэст ганцхан л үг хэлчих үү? Ижий аав, эхнэр, хүүхдээс өөр хэн ч зовоогүй. Тэгэхээр эрхэмлэн дээдэлж, хайрлаж хамгаалах хүмүүс минь хэн байна вэ? Тэгээд бол оо.      

-Нийгмийн амьдралын ямар асуудал сэтгэлд тань хөндүүр нэмж явдаг вэ гэж асуувал та амьдралын гоё сайхныг харна гээд хариулахгүй юу?  

-Үгүй ээ. Би Монголын төрдөө итгэдэг. Би Ардчилал, Ардын нам бүгдэд нь итгэдэг. Бид бүгдээрээ л монгол хүн. Үзэл бодлын зөрчилдөөн зөндөө байж болно. Үлдэх зүйл нь  бидэнд хэрэгтэй байна шүү дээ. Бид шүдээ зууж өдий хүрлээ. Тэгсэн ч та нартаа итгэсээр л яваа. Хоорондоо битгий маргалдаантай байгаасай, холоос шидсэн чулууг мэдэрдэг байгаасай. Монгол байх уу, эс байх уу гэдэг асуудал эртнээс байсан. Түүхэндээ ч байна. Тэмүүжин, Жамухаас эхлээд. Бид эвтэй байхдаа л хүчтэй. Эрүүл зөв бодлого, хүн чанар энэ л эцсийн эцэст хэрэгтэй байна шүү дээ.

-Удахгүй болох "Наян булгийн аялгуу” тоглолтод танд амжилт хүсье!

-11 сарын 17-ны өдөр бүгдээрээ миний “Наян булгийн аялгуу” тоглолт дээр уулзацгаая аа. Би ганцхан удаа тоглох гэж байгаа. Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглоход 2000-хан хүн үзнэ. Сая хүнтэй Улаанбаатарт 2000-хан хүнд үзүүлээд бөөн сенсаац тарих гэж байгаа юм шүү. Дахиад энэ тоглолтоо хийгээч ээ гэтэл нь. Энэ бол шоу шүү. Энэ бол пи ар шүү. Зориод ирсэн үзэгч та өнөөгийн эстрад урлаг найруулга зүйн хэмжээндээ дуучид болоод урлагийн хүмүүс хэрхэн хөгжсөн байна вэ гэдгийг л олж хар. Хэтэрхий олон тоглолтууд ар араасаа болж байна. Энэ дотор чинь урлагийн талаас үзэх өнцөг байдлаасаа, хүний зүрх сэтгэлд үлдээж байгаа талаасаа, найруулга зүйн хувьд бусдаас юугаараа илүү юм бэ, юугаараа давуу талтай юм бэ гэдгийг олж харж чадах юм бол миний тоглолт хийсний хэрэг нь бүтэж байгаа юм. Түүнээс нөгөө сайхан дуунуудаа дуулах нь өөрөө үлгэр байж байгаа. “Хайрын дээд хань минь”, “Шөнө дундын бүжиг” хоёрыг хооронд нь яаж холбож болох вэ гэдэг тэр л найруулгыг ирж үз ээ. Ойрын хэдэн жил болоогүй тийм сонин тоглолт болно. Сайхан мэдээ дуулгахад ятгачин Мөнх-Эрдэнэ маань ирж байна. Хорвоо дэлхийдээ бас буцаад ирж байна. Ёстой тэнгэртэй бүсгүй юм. Тэр тэнгэрлэг бүсгүйн зүрх сэтгэлд маш том оюуны өв явж байгаа учраас бурхан авч явж чадсангүй. Одоо  тэр тэнгэрийн зараалаар ятга хөгжмөө тоглохоор миний тайз руу ирж яваа. Тэнд би “Уянга цагаан хуруу” дуугаа сүмбэлзүүлнэ дээ.

-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.


Д.ЭРДЭНЭТУЯА
    
Эх сурвалж: medee.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан