Д.Ангар: Ипотекийн зээлийн хүүг 3-4 хувь болгохгүй бол маш том санхүүгийн хямрал болно
2017 оны 11 сарын 13
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл олны анхаарлыг татаж байна. Уг хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг ирэх долоо хоногт албан ёсоор хэлэлцэж олон нийтийн хэлэлцүүлэг хийх болжээ. Ингээд УИХ-д өргөн барина хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн юм.



АН-ын бүлгийн хурлын мэдээлэлтэй зэрэгцээд Монголын банкны холбооноос уг хуулийн төслийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “Монгол Улсад банк санхүүгийн байгууллагын зээлийг захиргаадлын аргаар хязгаарласан аливаа хууль батлах нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг эрс муутгасан, санхүүгийн салбарт гажуудал үүсгэж тогтворгүй болгосон, эдийн засгийн хөгжлийг ухраасан ноцтой алдаа болохоор байна.



 Дэлхийн 80 орчим улс орны туршлага, олон улсын түвшний судалгааны үр дүнгээр банкны зээлийн хүүнд хуулиар хязгаар тогтоох оролдлогууд анхны зорилгодоо хэзээч хүрч байгаагүй. Харин эсэргээрээ зээлийн эрсдэл нэмэгдэх, хүү өсөх, хүртээмж муудах, олголт буурах, санхүүгийн зуучлал эрс хумигдах, далд эдийн засгийг дэмжих, эдийн засгийн хөгжил доройтох зэрэг сөрөг үр дагварт хүрэгдэг нь нотлогдсон. Төрөөс макро эдийн засаг, бизнесийн орчныг тогтвортой эерэг байлгах, нийт эдийн засгийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх замаар зээлийн эх үүсвэрийн өртөг хямдрах зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх нь чухал хэвээр байна” гэлээ.
 Тэгвэл иргэд “Бизнесийн зээл гэдэг нь жилийн 5 хувийн хүүтэй байдаг. Ипотекийн зээл гэвэл жилийн 2-3 хувийн хүүтэй байх ёстой. Манайх шиг "Бизнес дэмжих зээл" гэж 35 хувийн  хүүтэй зээл олгодог, ипотек гэж 8 хувийн  зээл олгодог улс гэж дэлхийд байхгүй. Санхүүгийн шинжээчид,  эдийн засагчид санал нэгтэй үнэнийг хэлж, баталж байна. Арилжааны банкууд төртэйгээ нийлж иргэдээ  шулж ханаагүй л байна уу”  гэх зэргээр өөрсдийн цахим хуудсаараа санал бодлоо илэрхийлж байна. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгчид санхүүгийн хэрэгцээгээ арилжааны банкнаас зээл авч хангадаг. Гэтэл өндөр хүүтэй, барьцаа хөрөнгө шаарддаг, хүссэн хэмжээний зээл авч чаддаггүй зэргээс шалтгаалж дампуурч байна хэмээн олон жил ярьж буй билээ.