Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Отгонбаяр: Илүүдэл жинтэй хүмүүс өвдөг, түнхний үеэ солиулж байна

Улсын клиникийн төв эмнэлгийн Хэрх, үе судлал, Үе сэргээх төв нь үемөч, холбогч эдийн гаралтай өвчнийг судлах, оношлох, эмийн болон мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна. Тус төвийн эрхлэгч, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Майдарын Отгонбаяртай ярилцлаа.


-Өвдөг, түнхний үе солих мэс заслыг манай эмнэлгүүд өөрсдөө хийдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэр дундаа Нэгдүгээр эмнэлгийн Хэрх, үе судлал, үе сэргээх төв үе солих хагалгааг тогтмол хийж байна. Өнөөдрийн байдлаар өвдөг, түнхний үе солих мэс засал манайд ямар түвшинд хийгдэж байна вэ?

-Үений эмгэгийн оношлогоо, эмийн болон мэс заслын эмчилгээг улсын хэмжээнд үзүүлэх зорилготой, хэрх үе судлал, үе сэргээх төв маань 2011 онд байгуулагдсан. Ганц үе сольдог гэж ойлгож болохгүй бид хэрх өвчний оношлогоо, эмчилгээг хийх хэвтэн эмчлүүлэх тасагтаа хийж байна. Мөн ясны бусад төрлийн эмгэг, ясны хавдар, халдвар, том хэмжээний дутмагшил, тэнхлэгийн гажиг засах зэрэг мэс заслын эмчилгээнүүдийг хийдэг.

Хэрх гэдэг нь бидний хэлж заншссанаар ревматизм буюу хэрлэг өвчний улмаас үе гэмтэхийг хэлээд байгаа юм. Энэ өвчний хөнгөн үед эмийн болон бусад эмчилгээ хийдэг бол хүндэрсэн хэлбэрт үе солих хагалгааг хийдэг. Манай туршлагатай ревматологи эмч нар эмийн эмчилгээгээ хариуцан ажилладаг.  Харин бид мэс заслыг нь хийдэг. 

2011 оноос хойш манай төв 2000 гаруй өвдөгний, 300 гаруй түнхний үе солих хагалгаа хийсэн байна. Гэхдээ дээрхи хагалгааны ихэнх нь үений остеоартроз өвчний хүндэрсэн хэлбэр байдаг. Остеоартроз гэдэг нь наслалттай холбоотой. Энгийнээр тайлбарлавал хүн хөгширхөөр нүүрний арьсны тэжээл алдагдан хорчийж үрчлээ суудагтай адил үе хоорондын мөгөөрсөн эдэд өөрчлөлт орно. Бид үеийг байнга тэжээлийн тосоор тослоод байж чадахгүй шүү дээ. Арьсыг бодвол үе байнга их хэмжээний ачаа үүрч явдаг.

Биеийн жин ихтэй тохиолдолд хэт хүнд ачаалал өвдөг, түнхний үенд ирнэ. Наслалттай холбоотой үений мөгөөрсөн эдэд дээрхи өөрчлөлт орчихсон байхад хүнд жингээр дараад байвал амархан үрэгдэж дуусна. Хагалгаанд орж байгаа хүмүүсийн 80-аас дээш хувь нь жингийн илүүдэлтэй өөрөө хэлбэл тарган хүмүүс байдаг. Цаашлаад үений гэмтэл, үрэвсэл зэргийн дараа үений хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдаж дээрхи байдалд хүргэж байна.

Түнхний үений хувьд дунд чөмөгний толгойн үхжил, хүзүүний хугарал, төрөлхийн түнхний дутуу хөгжил, үе дайрсан хавдар зэрэгт түнхний үе сольдог. Бидний судалгаагаар манайд 64-65 настай үе солих хагалгааг хийлгэж байгаа бол хөгжсөн орнуудад арай хожуу буюу 68-70-тайдаа үеээ солиулж байх жишээтэй. Энэ нь эмийн эмчилгээ, үений гэмтлийн эрт үеийн эмчилгээ мөн дасгал хөдөлгөөн сайн, дээр нь илүүдэл жинг сайн хянаж чаддаг зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байх.

-Энэхүү өвчлөлийн зонхилох шалтгаан, хүчин зүйл нь юу байна вэ?

-Насжилт, илүүдэл жин, төрөлхийн яс үений эмгэгүүд, тэнхлэгийн гажиг, үений бие даасан эмгэгүүд, үений гэмтлүүд зэрэг нь зонхилох шалтгаан болдог. Жишээ нь майга хүмүүс харьцангуй эрт өвдөгний үений дотор тал /хүндийн төвийг үүрч байгаа тал/ үрэгдэж эхэлдэг. Үүнийг тэнхлэг засах хагалгаа хийж эрт үедээ артроз өвчтэй болохоос сэргийлж болдог. Мөн залуудаа авсан мөгөөрсөн эдийн гэмтлийг эмчлүүлэхгүй бол эрт үед үе солиулах хагалгааны шалтгаан болдог.

-Яг ямар хэмжээнд очсон үед үеэ солиулахыг зөвлөдөг вэ?

-Бид яаран хагалгаа хийхийг боддоггүй. Байнгын өвдөлт зовиуртай, үенд хөдөлгөөний хориг үүссэн ямар нэг эмийн болон физик эм үр дүнгүй, шинжилгээгээрээ үений эдэд бүтцийн өөрчлөлт тод илэрсэн тохиолдолд хиймэл үе солих хагалгааг зөвлөдөг. Энэ төрлийн хагалгааг эрт хийлгэвэл тодорхой хугацааны дараа эргэж солих шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл 10-15 жил, зарим тохиолдолд түүнээс ч эрт хиймэл үе, яс хоёрын хооронд зай үүсч эхэлдэг. Энэ нь тухай хүний ясны чанар, биеийн жин ,суурь өвчин зэргээс их хамааралтай.

Сольсон хиймэл үе дээр байнга хүнд ачаа авч яваад байвал тодорхой хугацааны дараа хиймэл үе яс руугаа шигдэж суудаг. Энэ тохиолдолд мөн давтан хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болдог. Аль ч тохиолдолд биеийн жингээ барих нь чухал. Тиймээс хагалгааны өмнө, дараа нь биеийн жинг бууруулахыг бид байнга зөвлөдөг. Харамсалтай нь манайхан биеийн жингээ зохих төвшинд хүртэл бууруулж чаддаггүй. Хиймэл үетэй болсны дараа хөдөлгөөн хязгаарладаггүй тул дасгал хийж сайн турах нь маш чухал.

-Танайхыг сүүлийн үед залуу хүмүүст зориулсан яс хадгалах хагалгаа хэрэглэж эхэлсэн гэдэг мэдээллийг авсан. Мэдээж залуу хүн олон жил амьдарна. Тэр утгаараа хиймэл үе олон жилийн турш амьдралынх нь баталгааг хангаж байх шаардлага гардаг байх?

-Түнхний үений төрөлхийн дутуу хөгжил, дээр нь дунд чөмөгний толгойн үхжилүүд ихэвчилэн залуу хүмүүст тохиолддог. Байнга дааврын гаралтай эм,тариа хэрэглэх мөн архи согтууруулах ундааны өндөр хэрэглээ, осол гэмтэл, цусны эмгэг зэрэг олон шалтгааны улмаас дунд чөмөгний толгой үхждэг.

Дээрхи тохиолдолд дунд чөмөгний хүзүү хэсэгт хиймэл үеийг суулгадаг, залуу хүмүүс амьдралын хугацаанд 2-3 удаа хиймэл үеийг солиулах шаардлагатай болдог учир дараагийн хагалгаанд дунд чөмөгний яс бүтэн хадгалагдсан байдгаараа давуу талтай. Одоогийн байдлаар зөвхөн манай төвд л энэ төрлийн хагалгаа хийж байгаа.

 -Сольж байгаа үе маань гадны биет. Энэ гадны биет тухайн хүний бие организмд дасан зохицох чадвартай байх ёстой болов уу. Бүтээгдэхүүний чанарын тухайд юу хэлэх вэ?

-Хиймэл үе гэдэг маань том хэмжээний гадны биетийг хүний биед суулгаж байна гэсэн үг. Энэ утгаараа халдварын хүндрэл гарах эрсдэлтэй. Тиймээс хамгийн чанартай үеийг, хамгийн ариун нөхцөлд мэс заслын аргаар суулгадаг. Цөөн тохиолдолд хүндрэл гардаг. Манай тохиолдолд 2000 хагалгаанд 20- иод халдварын хүндрэл гарсан гэхээр халдварын хүндрэл 1-2 хувьтай байна гэсэн үг. Бусад хөгжилтэй оронд ч дээрхи хүндрэл 1-2 хувьтай байдаг.

Хэдийгээр хагалгааг ариун нөхцөлд, стандартын дагуу хийсэн ч тухайн хүний биед архаг халдварын голомт буй бол энэ нь цусаар дамжиж гадны биетэд очсоноор халдвар үүсэх нь бий. Тийм учраас хагалгааны өмнө олон төрлийн шинжилгээ бүрдүүлэх ,маш ариун нөхцөлд, туршлагатай баг , чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр энэ хагалгааг хийх ёстой.

Хиймэл үе болгон өөрийн гэсэн онцлогтой мөн өвчтөн болгоны үений үйл ажиллагаа , бүтэц , хэмжээ, гэмтлийн зэрэг өөр өөр байдаг. Үүнийг зөвхөн хагалгаа хийх эмч л мэднэ. Манай эмнэлгийн хувьд хиймэл үений сонголтыг дарга биш яг хагалгаа хийх эмч нарын баг нь сонгодог учир харьцангуй алдаа багатай. Манайх яг өнөөдрийн байдлаар ХБНГУ к-имплан фермийн үеийг хэрэглэж байна. Энэ үеийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд мөн импортлон хэрэглэдэг.



-Хагалгааны өмнөх болон дараах үед ямар эмчилгээ зөвлөгөө санал болгодог вэ?

-Манай төвийн www.joint.mn веб сайтад хагалгааны өмнөх болон дараах дасгал хөдөлгөөн, гарч болох эрсдлүүд, арчилгаа, эмчилгээний талаар нарийн мэдээллийг байршуулсан байгаа. Энэ төрлийн өвчнөөр зовиурлаж шаналж байгаа хүмүүс www.joint.mn сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч болно.

Жишээ нь биеийн жин хэт өндөр тохиолдолд шууд мэс засал хийх нь эрсдэлтэйд тооцогддог учир ихэнхдээ жингээ бууруулахыг зөвлөж, мэс заслыг хойшлуулдаг. Мөн тухайн хүний архаг хууч өвчин, идээт үрэвсэл зэргийг бүрэн эдгээж байж хагалгаа амжилттай болж олон жил хиймэл үетэйгээ явах нөхцөл бий болдог.

Ясны сийрэгжилтээс шалтгаалж хиймэл үе , яс руугаа шигдэж орсноос, яс хиймэл үе хоёрын хоорон зай эрт үед үүсэх ховхрох тохиолдол бий. Энэ тохиолдолд хоёрдогч хагалгааг манайхан өөрсдөө хийдэг. Хоёрдогч хагалгааны хиймэл үенүүд илүү үнэтэй болдог. Тэгэхээр хагалгаа хийхийн өмнө бүх талын эрсдэлт хүчин зүйлсийг тооцож, нарийн шинжилж байж шийдвэр гаргах шаардлагатай.

-Хүмүүс хагалгаа хийлгээд олон сар жил хүний асаргаанд байх болов уу гэж эмээх нь бий. Нөгөө талаас ямархуу зовиур шаналгааг даван туулах талаараа мэдээлэлтэй байж сэтгэлзүйгээ бэлдэх шаардлагатай юм шиг санагддаг?

-Үе солиулсан хүн хагалгаанаас 1-2 хоногийн дараагаас өөрөө босч явна. Гэхдээ бүрэн эдгэрэх хугацаа 2 сар гэж үздэг. Энэ хугацаанд өвдөх, хиймэл үе суулгаснаас үүдэлтэй хөдөлгөөн өөрчлөгдөх, хөл хавагнах, таагүй мэдрэмж төрөх зэрэг зовиур илэрнэ. Эдгээрийг зовиурыг өвчтөнд өөрт нь хэлж, ойлгуулж байж хагалгаанд оруулна.

Хагалгааны дараа гарсан зовиурыг тухайн үед нь арилгаад явдаг. Ихэнхдээ хоёр сарын дараанаас өвчин зовиур арилдаг. Гэхдээ хагалгааны дараах зовиургүй болох хугацаа хүн хүнд харилцан адилгүй байдаг.

-Эрсдэл багатай, амжилттай хагалгаа хийхийн тулд эмч нарынхаа ур чадварыг байнга сайжруулах шаардлага тулгардаг байх. Эмч нарын ур чадварын тухайд ямар түвшинд байна вэ?

-Миний хувьд Солонгост Халлиум их сурнуулийн эмнэлэгт АУ-мастераа “Кемферол уураг ясны бороонд хэрхэн нөлөөлж буйг судалж хамгаалсан. Тэнд сурч байхдаа 3 жил ортопеди хагалгаанд суралцсан. Өглөө нь хагалгаандаа орчихоод үдээс хойш нь лабортори дээрээ хулгануудад хагалгаа хийж өнждөг байлаа.

Манай багийн бусад залуучууд энэдээ мэс заслын резидентээ хамгаалаад доод тал нь 6-12 сарын хугацаанд Солонгост ортопеди хагалгаагаар суралцсан туршлагатай. Хагалгааны материал, тоног төхөөрөмж, эмч нарын ур чадварын хувьд энэ төрлийн хагалгаа өндөр хөгжсөн Солонгос улстай ижил түвшинд хүрсэн гэж хэлнэ. Хүндэрсэн болон хоёрдогч хагалгааг бид өөрсдөө хийдэг.

Манай эмч нар тасралтгүй судалж, суралцаж байна. Жилдээ 1-2 эмчээ заавал гадаад улсад мэргэжил дээшлүүлж, суралцахаар явж байна. Одоогийн байдлаар нэг эмч маань Солонгост тэнхлэг засах, нөгөө эмч маань Германд түнхний үе солих хагалгаанй чиглэлээр суралцаж байна.

Саяхан Москва-д болсон Согог заслын эмч нарын Евро Азийн ортопеди форумд оролцож өөрийн эмнэлэгт хийгдсэн “Өвдөг, түнхний үе суулгах хагалгааны хөгжил, хүндрэл” сэдвээр илтгэл тавьсан. Манай хагалгааны төвшин бусад хөгжилтэй орныхтой ижил төвшинд яваад баярлаж суулаа. Герман болон Солонгос улсын ортопеди засалчидтай байнга хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн маань гадагш явж энэ төрлийн хагалгааг хийлгэх урсгал буурсаар байна. Манай төвийн хагалгаанд орохийн тулд 2-3 сар хүлээж байна. Дээр нь ГССҮТ, зарим хувийн эмнэлгүүд мөн энэ хагалгааг сайн хийж байгаа. Тэгэхээр манайд л энэ төрлийн өвчлөл их байгаа мэтээр ойлгож бас болохгүй.

Энэ хагалгааны тоо ихэсч байгаа нь манайд дундаж наслалт уртасч байгааг илтгэх нэг үзүүлэлт мөн. Бид том хэмжээний ясны дутмагшил, үе дайрсан хавдрын үед мөчид хадгалах мэс заслыг байнга хийж байна . Энэ нь хавдартай ясыг тайрч оронд нь яг тэр ясны бүтцийг хадгалсан хиймэл эд суулгах мэс засал . Энэ мэтээр байнга л хөгжиж байна. Цаашдаа энэ төрлийн мэс засал улам нарийсч, Монголд маань хурдацтай хөгжинө байх.

-Хагалгааг хийлгэсэн хүмүүсийн сэтгэл ханамж ямархуу байдаг вэ?

-Мэдээж байнгын өвдөлт зовиур арилна , үений хөдөлгөөн хагалгааны дараа шууд сэргэнэ. Үр дүн бол гайхалтай. 2009, 2010 онуудад манайд хагалгаанд орсон хүмүүс өнөөдөр хэвийн ажиллаж амьдраад зовиургүй явж байна. Бид хагалгаанд орсон өвчтөн тус бүрт файл нээж , жил болгон хяналтын зургийг авч , тогтмол зөвлөгөө өгч хянадаг.

-Олон жил хөл нь өвдсөн, эм тариа үйлчлэхээ больсон хэрнээ үеэ солиулах гэхээр айдастай, зүрх хүрдэггүй хойш суудаг хүмүүс бий. Өөрт байгаа айдасаасаа болоод эмнэлэгт хандаж чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч?

-Нэг үе солих хагалгааг хийхийн тулд олон баг хамтран ажилладаг. Хагалгаанд гэхэд 7-8 хүний бүрэлдхүүнтэй баг ордог . Мэс засалчид , унтуулгын эмч сувилагч, үйлчилгээний ажилчид. Энэ хагалгаа эмчилгээний эцсийн сонголт , эм уугаад яваад байж болоод байвал бид заавал хагалгаа хийнэ гэхгүй. Өвчин ямар ч эмийн эмчилгээнд үр дүнгүй болж, байнгын өвдөлт зовиуртай болсон тохиолдолд өвчтөн өөрсдөө хүсдэг. Энэ үед л хагалгааг зөвлөдөг. Яаралтай тохиолдолд бол болзошгүй эрсдлийг сануулаад өөрөөс нь болон ар гэрийнх нь зөвшөөрөлтэй хагалгаа хийх нь бий.

-Зардлын хувьд харьцангуй өндөрт тооцогддог  байх. Хэдэн төгрөгөөр энэ төрлийн хагалгааг хийж байна вэ?

-Мэс засалд хэрэглэж буй хиймэл үе мөн дагалдах хэрэгсэл нь их өндөр өртөгтэй. Одоогоор манай эмнэлэгт 7 сая гаруй төгрөгөөр хийж байна. Халамжийн хууль, даатгалын хуулийн хүрээнд хөнгөлөлт эдлээд тухайн өвчтөнөөс үндсэндээ хоёр сар гаруй төгрөг гардаг.

Энэ мэс заслыг өөр улсад хийлгэвэл хамгийн хямддаа 7000-10000 ам.доллар төлөх шаардлага үүснэ. Бусад улстай харьцуулахад манайд энэ төрлийн хагалгааг хамгийн хямд зардлаар хийж байгаа. Хагалгааны өртөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг joint.mn сайтаас авах боломжтой.



-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан