Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2017.11.15/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан.




Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
  Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног төхөөрөмж, барилгын байдалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, цаашид хэрхэх талаар судлах зэргийг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Улаанбаатар хотод амьдарч байгаа сая гаруй хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, хүрээлэн буй орчны бохирдол буурна гэж Засгийн газар үзлээ.
Одоогийн байдлаар 225 үйлдвэр, аж ахуйн газар зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.8-4.1 дахин их химийн бохирдолттой усыг цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Байгууламжийн цэвэрлэсэн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 5.9-12.4 дахин их байгаа нь хотын ундны усны эх үүсвэр болох Туул голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа юм.

Нүүрсний экспортын тээвэрт зохицуулалт хийнэ

  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.



  Үүнтэй холбогдуулан Цагаан хадны гаалийн хяналтын талбайн ажлыг идэвхжүүлэх, экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.
  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар Гашуунсухайтын боомтод ажиллаад ирсэн байна. Энэ оны долоодугаар сарын 10 хүртэл энэ боомтоор өдөрт нүүрс ачсан 1200-1500 хүнд даацын автомашин нэвтэрч байсан бол мөн өдрөөс хойш өдөрт 500-600 болж буурчээ.
Монголоос мах, буу зэвсэг гэх мэт хууль бус бараа хилээр гаргадаг  учир хяналт шалгалтаа чангатгах дээд газрын шийдвэрийн дагуу тоог багасгасан гэж БНХАУ-ын тал тайлбарладаг тухай Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга Б.Даваасүрэн хэлсэн байна.  
Үүнээс болж нүүрс ачсан автомашины 100 орчим км үргэлжилсэн дараалал үүсч, жолооч нар өнөөг хүртэл хэдэн сарын турш автомашиндаа амьдарч байгаа юм. Зарим жолооч шороон замаар тээвэр хийн бэлчээр сүйтгэж, архидалт дагасан гэмт хэрэг их гарч байгаа талаар орон нутгийн иргэд ч сайд нарт гомдол мэдүүлжээ.
Энд нүүрсний тээвэр эрхэлдэг 97 аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, бусад даатгалд хамруулдаггүй  байна.
Гашуунсухайтын авто замаар тээвэр хийх стандарт 65 тонн. Цаашид  Цагаан хадны боомт хүртэл энэ стандартыг баримтлах, энэ боомтоос Ганц модны боомт хүртэл даацын хэмжээг 100-110 тонн хүргэх нь зүйтэй гэсэн санал багагүй гарч байна. Ингэж нүүрс тээвэрлэвэл 500 автомашин хилээр нэвтэрсэн ч нүүрсний экспортын хэмжээ 40-50 хувь нэмэгдэхээр байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа.

500 гаруй тусгай дуут, гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд танилцуулав.



Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, жолоодох эрхийн 64 үнэмлэх, 25 ширхэг тусгай гэрэл дохио хураан авч, 25 зөрчлийг засуулсан байна.
Мөн тусгай дуут болон гэрэл дохио ашигладаг төрийн болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үйлчилгээний зургаан автобаазын 778 тээврийн хэрэгслийг шалган 102 зөрчил илрүүлж, зөрчлөө засч хариу мэдэгдэхийг үүрэг болгожээ.
Цаашид “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэлээр олгох, хяналт, шалгалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Ингэснээр зөвшөөрлийн тоо дахин 500 гаруйгаар цөөрнө гэж ЦЕГ тооцжээ.

Товч мэдээ

•  Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хүрээнд хийсэн нэмэлт хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.
•  Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын байгууллагын гишүүний татварт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан