Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арьс ширний үйлдвэрүүд Туул голд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3.3-21 дахин их бохир ус цутгаж байна

Нийт 5846 иргэн  УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Туул голын бохирдлын асуудлаар өргөдөл гаргажээ. Туул голыг хамгийн их бохирдуулагчын нэг нь арьс ширний үйлдвэрүүд.  



Иймд УИХ-ын  2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол гарсан байдаг. Уг тогтоолд “арьс, ширний үйлдвэрүүдийг “Үйлдвэрийн шинэ бүс”-рүү шилжүүлэх ажлыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгажээ.
Ингээд Засгийн газрын 2014 оны   356 дугаар тогтоол гарч  арьс, ширний үйлдвэрийн цогцолборыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шар хөцийн хоолой” гэдэг газарт төвлөрүүлэх болсон.  Түүнчлэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд Улаанбаатар хот дахь мал, аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, Эмээлт өртөөг түшиглэн Хөнгөн аж үйлдвэрийн парк, Хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж, ложистик, агуулахын аж ахуйг хөгжүүлсэн 3081 га нутаг дэвсгэр бүхий 14000 орчим хүн амтай хот байгуулахаар төлөвлөжээ. Гэвч өнөөдөр эдгээр ажлын явц нэг л ахицгүй байгаа юм.
Уг ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй  Ажлын хэсэг “Харгиа” цэвэрлэх байгууламж, арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах Арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршил, газартай танилцжээ.
Гэтэл арьс, шир боловсруулах үйлдвэрүүд шаардлагатай шүүлтүүрийг хэрэглэдэггүй, дутуу цэвэрлэсэн бохир усыг “Харгиа” цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Иймд  тус  цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нь “Бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ”-нээс 3.3-21 дахин их гарч байгаа юм.  
Иймд арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос даруй нүүлгэх, УИХ-ын 74 дүгээр тогтоолыг яаралтай  хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.



Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан Хөнгөн аж үйлдвэрийн парк байгуулах бүсэд иргэдэд өмчлүүлсэн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ийн мэдэгдэв. Тэрбээр “Иргэдэд цахимаар газар олгосон, энэ нь иргэдийн өмчлөлийн асуудал учир иргэдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, өөр газарт шилжүүлэх талаар ярьж байгаа. Түүнчлэн Эмээлтийн асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулсан, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах болно” гэлээ.
БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган “Мал, аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд дэд бүтцэд 148.5 сая ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг босгоход барих-ашиглах-шилжүүлэх концессор шийдвэрлэх боломжтой юм. Уг асуудлаар саналууд ирсэн байгаа” хэмээж байна.
Ингээд Өргөдлийн байнгын хорооноос УИХ-ын 2012 оны  “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан