Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотыг ирэх онд “өөрчлөх” төлөвлөгөө батлав



НИТХ  ээлжит бус  1-р хуралдаанаараа  ирэх онд нийслэлд хэрэгжүүлэх ажлын  төлөвлөгөөг  баталлаа. Ингээд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлд 5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээ  хэрэгжүүлэхээр тусгасан  байна. Эдгээрийг харвал чамгүй ажил өрнөж олон бүтээн байгуулалт эхлүүлнэ хэмээжээ. Цаасан дээр буулгах ч яахав амархан. Харин газар дээр бүтээн босгоно гэдэг хэцүү л байх. Төлөвлөсөн ажил нь ямар хэмжээнд өрнөхийг хөрөнгө оруулалт, цаг хугацаа харуулах нь дамжиггүй. Иймээс ирэх онд “эхлүүлэх” гэсэн шошигтой ажлуудын талаар дор өгүүлье.
Ирэх оны төсвийн  “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт  олон жилийн турш яригдаж байгаа  Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон  шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тусгажээ. Тухайлбал, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн хувьд эхний ээлжинд  10 үйлдвэрийг сонгон шалгаруулна.   Үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын  эхний үе шат хэрэгжсэнээр  4000 гаруй ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоо гарчээ.

“Хот байгуулалт, дэд бүтэц” бүлэгт Улаанбатар хот доторх төвлөрлийг  сааруулж, нэг төвт хотоос олон төвт хотыг бий болгох зорилт тусгав.  Тодруулбал, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн  дэд бүтцийн барилгын ажлыг үе шаттай эхлүүлэх нь.  Ингээд ирэх онд   тус төвүүдэд   4 км цэвэр ус дамжуулах,  4.9 км бохир усны,  1.1 км дулаан дамжуулах шугам,  3.2 км авто зам ,  1.8 км 35 кВт-ын цахилгаан дамжуулах шугам барих ажлын  50 хувийг хийхээр төлөвлөөд байна.
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай орон сууцыг буулгаж дахин барилгажуулах төсөл хэрэгжиж буй.  Уг төслөөр   Хан уул , Баянгол дүүргүүдэд  301 айлын орон сууцыг  энэ онд ашиглалтанд оруулсан. Харин ирэх онд  816 айлын орон сууц  ашиглалтанд оруулахаар тусгажээ.  
Мөн  “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлэгт  150-200 мянган тонн хог хаягдал  шатааж, эрчим хүч, дулаан гаргах хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ хэмээв.  Нийслэлийн  орчны бохирдлыг бууруулах, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж,  арчилгаа , хамгаалалтыг  98 гудамжинд  хийж, дүүрэг бүрт  бичил цэцэрлэг байгуулах зорилт туссан байна.
“Нийгмийн хөгжил” бүлэгт  эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд  Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр  өрхийн 10 загвар эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ. 

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжүүлнэ.  Нийслэлийн эрүүл мэндийн  байгууллагуудын барилгад  засвар хийж, түргэн тусламжийн парк шинэчлэлт хийнэ.  
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж,  Ерөнхий боловсролын  6 сургуулийг  3 ээлжээс гаргахаар төлөвлөсөн байна. Мөн   улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар  18.690  суудалтай   30 сургуулийн  барилгын ажлыг эхлүүлнэ хэмээн ирэх онд төлөвлөөд байна.
Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.  Батболдын удирдлагын баг ирэх оны төсвөө гаргаж, НИТХ-д өргөн барих юм.  Харин НИТХ-аас   “Нийслэлийн  эдийн засаг, нийгмийг  2017  онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг  хангалттай биелэсэн гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан