Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үйл ажиллагаа явуулдаггүй, өмч хөрөнгөгүй төрийн өмчит корпорациудыг татан буулгах нь

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Засгийн газраас баримталж буй хэмнэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит зарим компани, үйлдвэрийн газрын удирдлагын давхцалыг арилгаж, санхүүгийн хяналтыг дээшлүүлж, үргүй зардлыг багасгахаар бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах санал боловсруулсан байна. Үүнд , Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудыг байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, алдагдалтай ажиллаж буй бол татан буулгах, ажил төрлийн үйл ажиллагаа явуулдгийг нь нэгтгэх, заримыг нь улсын төсөвт аж ахуйн тооцоотой болгохоор тооцсон гэнэ. Мөн орлого олдог төрийн өмчит үйлдвэрийн газрыг компани болгох, авто зам засвар арчлалтын компаниудыг нэгтгэх, зарим газрыг салбар яамаар нь дэмжүүлэх зэрэг ажлууд багтжээ.

Боловсруулсан санал ёсоор 30 гаруй аж ахуйн нэгжийг цэгцлэх нь.  Жишээ нь, ХХААХҮ-ийн яамны харьяа, далайцтай нэртэй ч байгуулагдсанаасаа хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, өөрийн хөрөнгөгүй “Монгол тариалан корпораци”, “ Монгол мах корпораци” –ийг татан буулгах шаардлагатайг ЗГХЭГ-т саналаар хүргүүлсэн аж. Хувийн компаниудтай өрсөлдөх чадваргүйн улмаас алдагдалтай ажилладаг “ Монгол тамга” ТӨҮГ, “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” гэх мэт нэрнээс цаашгүй компаниудыг ч татан буулгах нь.

Төрийн өмчийн гэх нэртэй ч ижил төрлийн үйл ажиллагааг өөр өөр нэрэн дор явуулдаг Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төв, “Сэргээгдэх эрчим хүчний төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний хөгжлийн төв зэрэг газрыг нэгтгэх нь зөв гэж ТӨБЗГ-аас үзжээ. Учир нь эдгээр газрууд гэхэд зарим нь байрны илүүдэлтэй байхад зарим нь түрээсийн байранд байдаг. Мөн улсаас дунджаар жилд 4,5 тэрбум төгрөгийн татаас авдаг ч үргэлж алдагдалтай ажилладаг “Алтай- Улиастай эрчим хүчний сүлжээ” компанийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨК-д нэгтгэж, бүтцийг нь оновчтой болгож, зохион байгуулах нь зүй гэсэн байна. 
Үүнээс гадна төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай төрийн өмчит үйлдвэрийн газрыг улсын төсөвт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгосноор төсвийн мөнгийг аж ахуйн тооцооны үндсэн дээр үрэн таран хийх асуудлыг таслан, төсвийн хуулийн дагуу хяналттай болно гэж үзээд жилд дунджаар төсвөөс 5,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг “Биокомбинат” ТӨҮГ,  177 сая төгрөгийн санхүүжилттэй “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” зэргийг үүнд багтаасан аж. Дээр нь хувьчлах боломжгүйн дээр төрөөс зайлшгүй санхүүжилт хийх шаардлагатай “ Буянт-Ухаа спорт ордон” , “Спорт бэлтгэлийн төв” зэрэг газрыг төсөвт аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгох нь аль аль талдаа үр дүнтэй арга хэмээн тооцсон гэнэ.

Төрийн өмчит гэхээр бүгд алдагдал үүрдэг гэж үзвэл өрөөсгөл. Иргэдэд үзүүлсэн үйлчилгээндээ хөлс авдаг зарим төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн ажиллуулбал  орлогын зарцуулалтад тавих хяналт, удирдлагын менежмэнт сайжирна гэж үзжээ.Үүнд, “Барилгын хөгжлийн төв”, “ТОСК”, “Авто тээврийн үндэсний төв”, “Зам тээврийн хөгжлийн төв” зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд багтжээ. Төрийн өмчит газрууд олшрох тусам үргүй зардал нэмэгдсээр байдаг. Үүнд ч Засгийн газар болон ТӨБЗГ-аас анхаарч ажиллаж буй гэнэ. Жишээ нь, аймаг бүрт байдаг авто зам арчлалт, засварыг компаниудыг нэгтгэн “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын харьяанд шилжүүлэх нь үр зардлыг  бууруулна гэж тооцсон байна. Мөн “Монгол ус”, “Аялал жуучлалын хөгжлийн төв”, ЦЕГ-ын харьяа “Цагаан шонхор”, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”, “Монгол Кувейтын байгальхамгаалах төв”, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газруудыг салбар яамаар нь дэмжүүлж ажиллуулах нь илүү үр дүнтэй гэсэн санал ТӨБЗГ-аас Засгийн газарт хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан