Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ болон АХБ-ны эдийн засагчид төсвийн зарцуулалтад зөвлөгөө өглөө

Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/ болон Азийн хөгжлийн банкны /АХБ/ хамтарсан эдийн засагчид Монголд ажиллаж байна. НҮБ-ын гишүүн орнууд 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт” баталсан. Иймд энэ зорилт болон 2030 он хүртэлх Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд тэд дэмжлэг үзүүлэх зорилогтой аж.

Тэд ингээд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнтэй уулзлаа. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Энэхүү ажлын хэсгийн зорилго нь эдийн засаг, санхүүгийн нөөц бололцоо хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд тогтвортой хөгжлийн нийгмийн болон байгаль орчны зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, алинд нь түлхүү хөрөнгө оруулалт хийвэл нөхцөл байдал сайжрах боломжтой байгааг тодорхойлоход дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөхөд оршиж байна” гэжээ.
Үүнээс гадна НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Бээжин дэх ахлах эдийн засагч Бил Бикалес “Төсвийн орлого бүрдүүлэхээс илүүтэй зарлагаа зөв тооцож ажиллах шаардлагатай” хэмээгээд ажлын хэсгээс гаргасан урьдчилсан зөвлөмжийг танилцуулсан байна.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ажлын хэсгийнхэнд эдийн засгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар тайлбар өгөв. Тэрбээр “УИХ 2018 оны төсвийн тухай хуулиудыг баталсан. Бид ОУВС-гаас тавьсан шаардлагын дагуу төсвөө баталж чадсан. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ. Хямралаас гарах нь бидний нэгдүгээр зорилт. Төсвийн “Тогтворжуулалтын сан”-д нөөц бүрдүүлж эдийн засгийн өсөлтөөр бэрхшээлийг даван туулах боломжтой. Харин улс төрийн тогтворгүй байдал эдийн засаг, хөрөнгө оруулагч нарт сөргөөр нөлөөлж байна. Цаашид та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн” хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан