Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ хуулийн төсөлд Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлажээ


Манай улсын  банкны систем 27 их наяд төгрөг эргэлдэж буй гэсэн тооцоо бий. Энэ мөнгөний 12 хувь нь банкны эзэдийнх. Үлдсэн нь иргэд. Аж ахуйн нэгжийн хадгаламж. Тэгэхээр уг мөнгийг эрсдэлээс хамгаалах, үнэ цэнийг нь хадгалах зохицуулалт, хяналтыг Монголбанк хийдэг. Тэгвэл Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.
Нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх болсон. Одоо мөрдөж байгаа хуулийг   1996 онд баталсан юм. Уг хуульд  “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэж заасан байдаг. Ингээд   төв банкны бие даасан, хараат бус байдлыг олон улсад тогтсон индекс үзүүлэлтээр тооцоход Монголбанкны бие даасан, хараат бус байдал дунджаар 0.5 буюу 50 хувьтай “хангалтгүй” гэсэн үзүүлэлт гарчээ. Монголбанкны бие даасан, хараат бус байдал  хангалтгүй, мөнгөний алдаатай бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь үнэ,ханшийн тогтворгүй байдал, улсын өрийн дарамт, гадаад валютын хомсдол, улс орны эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн хууль санаачлагчид үзсэн байна.


УИХ-ын 2016 оны 68, 71 дүгээр тогтоол, энэ оны 11, 43 дугаар тогтоолд “Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглал, бүтэц, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Монголбанкны үйл ажиллагаанд гаргасан алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх” гэж  заасны зэрэгцээ ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үндсэн нөхцөл, болзолыг хангах зайлшгүй шаардлага үүсээд байгаа  аж.
Ингээд   дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх, ОУВС-гийн хөтөлбөрийн нөхцөл, болзолыг хангах, бие даасан хараат бус байдлыг нэмэгдүүлэх, төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах,  төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй байх зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгажээ.  
Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуульчлахаар болсон байна.
Нэгдүгээрт: Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дунд хугацаагаар батлуулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банкинд тавих төв банкны хяналт шалгалттай холбоотой асуудлыг банкны хянаалт шалгалтын мэргэшсэн бүтэц бүхий хороо олонхийн саналаар шийдвэрлэх;
Хоёрдугаарт: Төв банкны үйл ажиллагаанд төдийлөн хамаарахгүй төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглох;
Гуравдугаарт: Монголбанкны удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага, шалгуурыгнэмэгдүүлэх,  хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бэхжүүлэх;
Дөрөвдүгээрт: Улсын Их Хурлаас тодорхойлж, Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн мөнгөний бодлогын зорилтыг үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлж, үйл ажиллагааны чиглэл, мөнгөний бодлогын хэрэгсэлийг нэмэгдүүлэх зэрэг болно.

Энэ хуулийн  төслийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран боловсруулжээ. Одоо мөрдөж байгаа хуулиар Монголбанкны ерөнхийлөгч бүх шийдвэрийг гаргаж байгаа. Тэгвэл шинэ хуулийн төсөлд энэ эрх мэдлийг нь хязгаарлахаар тусгаад байна. Монголбанкны ерөнхийлөгч аливаа шийдвэрийг хамтын удирдлагаар гаргах зохицуулалт оруулжээ.  
Энэ хуулийн төслөөс гадна Зээлийн хүүд хязгаар тогтоох тухай хуулийн төсөл бас яригдаж буй. Тэгвэл Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох шаардлаггүй. Харин хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь илүү оновчтой, хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй байх магадлал өндөр” гэсэн тайлбар өгч байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан