Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэрэгжих хугацаа нь дууссан Газрын тосны талаар баримтлах бодлогыг шинэчилнэ




Ашигт малтмал, газрын тосны газар “Төрөөс газрын тосны талаар баримтлах бодлого”-ын төсөл боловсруулж иргэдээс санал авч эхлэв. Манай улсад одоогоор газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3 эрэлийн гэрээ хэрэгжиж байгаа юм. Мөн  Бүтээгдэхүүн хуваах гэрээний /БХГ/ дагуу 22 талбайд газрын тосны хайгуул, 3 талбайд олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Шинээр 3 талбайд БХГ байгуулах шатанд, 2 талбайд сонгон шалгаруулалт зарлаж, 1 талбай нээлттэй үлджээ.


Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 25 хувь буюу 391 мянган ам км талбайд хайгуул, судалгаа хийж 1534 цооног өрөмдсөн аж.
Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд Монгол Улс олборлогч орон болсонбилээ. Олборлолтод шилжсэн  3 талбайд 332.64 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.258 сая тонн ашиглалтын баталгаат нөөц тогтоож Монгол Улсын баялгын   санд бүртгүүлээд байна.  
Мөн 1996-2016 онд 41.6 сая баррель буюу 5.6 сая тонн газрын тос олборлож, экспортолжээ. Ингээд  улсын төсөвт 1.18 их наяд төгрөг төвлөрүүлсэн дүн гарлаа. Харин энэ онд  6.04 сая баррель буюу 821.9 мянган тонн газрын тос олборлож  улсын төсөвт 162.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн тооцоо бий.   
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, боловсруулах үйлдвэр байгуулна” гэж заасан. Ингээд  газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй  төрийн өмчит “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани байгуулагдсан.


Хоёр жилийн өмнө  хийсэн урьдчилсан ТЭЗҮ-ээр Сайншандад 1.5 сая тонн газрын тос боловсруулах  хүчин чадалтай  үйлдвэр барихаар шийдвэрлэсэн байдаг.
Одоо нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэгийн Засгийн газрын  урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр тус улсын  төрийн өмчит компани гүйцэтгэж байна.
Гэвч өнөөдөр манай улсын жилд олборлож буй газрын тос уг үйлдвэрийг түүхий эдээр бүрэн хангаж чадахгүй. Учир нь манай улс жилд дунджаар 1 сая орчим тонн газрын тос олборлож буй юм. Жишээ нь өнгөрсөн онд 1.1 сая тонныг олборлсон. Тэгвэл  энэ онд 960 мянган тонныг олборлох төлөв бий. Иймд газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн Ашигт малтмалы, газрын тосны газраас үзжээ.
Гэтэл  “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжих хугацаа энэ онд дуусч байна. Одоо боловсруулж буй бодлогыг 10 жилийн хугацаатай, гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тооцжээ. Уг бодлогын төсөлд:
-Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг газрын тосны үйл ажиллагаа явагдаж буй бүс нутагт нь хуваарилах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх,
-Газрын тосны салбарын иж бүрэн мэдээллийн цахим сан байгуулах,
-Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны татварын зохицуулалтыг боловсронгуй болгох,
-Нүүрс боловсруулах, нүүрснээс шингэн түлш гарган авах үйлдвэрлэлийг газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн бодлоготой уялдуулах,
-Уламжлалт бус газрын тосны эх үүсвэрээс /нүүрсний давхаргын метан, занар, байгалийн битум, тослог элс г.м/ шингэн болон хийн түлш боловсруулах судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлыг тусгаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан